С.Батболд: Би Нийслэлийн намын дарга биш байлаа гээд ажил зогсохгүй. Улс төрийн сэлгээ хийх асуудал яригдаагүй

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр 40 сая төгрөгийн шагналын сантай хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан зарлаж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлж, мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

Хотын дарга С.Батболд "“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллана гэдэг бол хотын захирагчийн хуулиар хүлээсэн үүрэг. Хэрэв хуульчлан батлагдсан ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахгүй бол хот эмх замбараагүй, төлөвлөлтгүй болно. Тийм учраас энэ ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахын тулд бид өнгөрсөн жилүүдэд олон арга хэмжээ авч эхэлсэн. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, улаан шугам татсан.

Өнөөдрийн Улаанбаатар хотод бий болсон асуудал, түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлын гол хүчин зүйл нь хязгааргүй тэлэлт байсан. Улаанбаатар хотын хаяанд хэн ч, хаана ч хамаагүй ирээд буудаг. Тэндээ суурьшлын бүс тогтоодог хязгааргүй тэлэлт үүссэн. 2016 онд Улаанбаатар хотын хязгаарлалтын бүсэд улаан шугам татаж, 2020 он хүртэл үүнээс цааш тэлэхгүй гэсэн хязгаар тогтоосон. 2016-2017 онд хотын даргын захирамжаар шилжилт хөдөлгөөнийг зогсоосон бол одоо 2020 он хүртэл Засгийн газрын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Энэ нь хэдийгээр хүний шилжин суурьших эрхтэй холбоотой асуудал боловч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдийн хувьд дэд бүтэц болон энд амьдрах эрхийг нь хангах боломжгүй байгаа учир хязгаарлалтыг хийсэн. 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Өмнө нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулагдан ярилцаж хийдэг байсан бол 2040 оны төлөвлөгөөг хийхдээ иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлана. Дэлхийн ихэнх хотуудын удирдлагууд иргэд нь ямар хотыг хүсч байна, хаана суурьшихыг дэмжих үндсэн дээр концепцыг иргэдийнхээ саналыг үндэслэн боловсруулдаг. Тиймээс бид бүхэн “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан”-ыг албан ёсоор зарлаж байна. Энэ уралдаанд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Энд ирсэн шилдэг санаанд үндэслэн мэргэжлийн хүмүүс хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулна” гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хотын захиргааг шилжүүлэх ажил ямар шатандаа яваа вэ.  Эхний санхүүжилт болох 17 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

–2019 оны нэгдүгээр улиралд багтааж нүүлгэх төлөвлөгөөтэй байна. НИТХ-ын хуралдаанаар барилгын эхний санхүүжилтийг шийдсэн. Энэ ажлын явцад гурван корпус барилга барина. ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны байр, агентлагуудынх иргэдэд үйлчлэх төв гэсэн гурван байрны бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байна. Санхүүжилтийг нь хотын төв дэх барилгуудыг худалдах замаар шийдвэрлэнэ. Хангарьд ордныг олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Мөн манай 4 дүгээр байр буюу хуучин Ард банкны байрыг нээлттэй худалдана.

Яармаг руу нүүх асуудал бол шинэ байр руу шилжих асуудал биш юм. Энэ бол төвлөрлийг сааруулах ажлын эхлэл юм. Манай 3,000 албан хаагч өдөрт 10-15 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг. Ер нь дэлхийн бусад хотуудын төвлөрлийг сааруулсан туршлага нь хотынхоо захиргааг нүүлгэсэн явдал. Засгийн газар, яам, агентлагаа нүүлгэх биш хотынхоо захиргааг нүүлгэдэг.  Үүний дараа маш олон төрийн захиргааны байгууллагууд нүүх байх. Хотын төв рүү ирдэг 30-40 мянган машины урсгалыг хотын зах руу шилжүүлэх боломжтой гэж харж байгаа.

-Агаарын бохирдолд зарцуулах мөнгө ипотекийн зээлийн санхүүжилтээс их байгаа нь нэлээн шүүмжлэл дагуулж байна?

–Утааг бууруулахын тулд янз бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах боловч маш урт хугацааны хөрөнгө мөнгө шаардсан ажил. Одоогоор тодорхой шийдлүүдийг олсон. Агаарын бохирдлыг бууруулахад урьд өмнө яригдаж байгаагүй төсөв хөрөнгөний асуудлыг УИХ-д яригдаж  байгаа. Энийг шүүмжлэхээс илүү ойлгож дэмжиж ажилласнаар та бидний ирээдүйд амьсгалах агаар, эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Энэ ажлын хүрээнд түлшийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.

-Хотын даргыг сольж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. УИХ-ын гишүүн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар Нийслэлийн МАН-ын дарга болсонтой холбоотой гэх юм?

-Улс төрийн түвшинд ямар нэгэн халаа сэлгээ хийх асуудал яригдаагүй. Энэ бол намын хорооны ээлжит даргын л сонгууль болсон. Үүнээс болж нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил саарах асуудал байхгүй гэж бид улс төрийн түвшинд тохиролцсон гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргын хувьд намын дарга биш байлаа гээд нийслэлийн ажил саарах, зогсох, улс төрийн сэлгээ хийх зүйл болоогүй.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль юу болсон бэ?

-Энэ намрын хэлэлцэх асуудлыг жагсаалтын 10-т байгаа. Хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хууль батлагдсанаар нийслэлийн статус, нийслэлийн иргэдийн хувьд боломжийн эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа.

Б.Аз

сэтгэгдэл үлдээх