Ц.Нямдорж: Жирийн иргэний гэрээс 1.3 сая ам.доллар олдсон гэдгээс өөр мэдээлэл алга

АТГ-ынхны хураан авсан 1.3 сая ам.долларын асуудал нэлээн асуудал дагуулж байна. Уг хэрэгт хуулийнхан, УИХ-ын гишүүн асан хамааралтай хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-аас үгүйсгэсэн. Тодруулбал, АТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг "УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан, ашигт малтмалын газрын дарга гэх зэргээр сонин хэвлэлд тодорхой нэр дурдан мэдээлж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг дээрх нэр дурдсан хүмүүсийн орон байрнаас 1.3 сая ам.доллар хурааж аваагүй" гэсэн тайлбарыг өгсөн. Мөн тэрбээр "Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна" гэсэн билээ. 

Тэгвэл уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. 

-АТГ-аас хураан авсан 1.3 сая ам.долларын хэрэгт хуулийнхан холбоотой хэмээн мэдээлэгдэж байсан ч АТГ-аас үгүйсгэлээ. Гэхдээ хуулийнхныгаа өмөөрөөд байгаа юм биш гэх хардлага олон нийтийн дунд байна?

-Хэрвээ үнэхээр хуулийнхан холбогдсон бол өмөөрөхгүй. Миний баримталдаг зарчим бий. Асуудалд холбогдсон бол хамгаалалт байхгүй. 

-Хотын цагдаагийн дарга асан, хурандаа Ч.Болдбаатар холбоотой гэж яриад байгаа. Энэ хүний талаар та хэр сайн мэдэх вэ. Үе дамжсан цагдаагийн хүн шүү дээ?

-Ч.Болдбаатарыг би мэднэ. Гэхдээ асуудал нь шалгагдаж дуусаагүй байхад илүү дутуу юм яримааргүй байна. Ярих хардах нэг ондоо. Гэтэл хэрэг шалгагдаад дуусахад ямар дүр зураг гарч ирэхийг би мэдэхгүй ш д. Тэр тусмаа энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас надад нарийн мэдээлэл өгөөч үгүй. АТГ шалгаад прокурор хянаад явна. Ийм хэрэгт ХЗДХ-ийн сайд оролцоод яах эрхгүй. Жирийн иргэний гэрээс 1.3 сая ам.доллар олдсон гэдгээс өөр мэдээлэл алга. 

Сануулахад, Дээрх 1.3 сая ам.долларыг Сүхбаатар дүүргийн нутаг, Баянгол зочид буудлын дэргэдэх “220к резиденс” байрыг түрээсэлсэн, уг хэрэгт холбогдоод буй жирийн иргэний гэрээс хураасан юм байна. Уг байр нь харуул хамгаалалт өндөртэй, хурууны хээ мэдэрч хаалга нь нээгддэг бөгөөд нэлээд удаан хугацааны турш цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн АТГ-ынхан уг мөнгийг олж авсан гэнэ. 

Б.Анир 

сэтгэгдэл үлдээх