“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь заалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг үндэслэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 100 орчим бодлогын арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан байна.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгагдсан бодлогын 100 орчим арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан. Тухайлбал, хэлэлцэж буй хөтөлбөрийн төсөл дэх арга хэмжээний ихэнх нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотойгоор тусгагдсан байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа онцолж “Шийдэгдээгүй байгаа, энэ сарын 25-нд эцэслэгдэх ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан Үндсэн чиглэлийн төслийг бид урьдчилаад өнөөдөр хэлэлцэх нь хэр зохимжтой вэ” хэмээн асуув. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Монгол Улсын Их Хурал төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг өөрийн бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Улсын Их Хурал Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэлэлцэн батална” гэж тус тус заасан байдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Хэрэв УИХ энэ сарын 25-31-ний өдрийн хооронд дээрх Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах боломжтой гэж үзвэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаарх эцсийн шийдвэрийг хүлээхээс татгалзах зүйлгүй гэлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэлцэж буй төсөлд аудит хийгдсэн эсэхийг тодруулав. Мөн тэрбээр энэхүү төсөлд тусгагдсан бодлогын 100 гаруй арга хэмжээ хэрэгжих боломжтой эсэх талаар Үндэсний хөгжлийн газар болон Монголбанкны байр суурийг тодруулсан юм. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аудитын газрын төлөөлөл багтдаг, тиймээс аудит хөндлөнгийн хяналт явуулж, аудит хийх бололцоо байдаггүй талаар Монгол Улсын Ерөнхий аудитор хариулт өгөв.

Хэлэлцэж буй Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийн бодлогын хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн түвшинг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны чанарыг дээшлүүлэх талаар тодорхой зүйл тусгагдаагүй байгаад УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар шүүмжлэлтэй хандаж, тодорхой саналууд гаргаж байв. Ипотекийн зээл ирэх 2018 онд хэрэгжих эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад өнөөдрийн байдлаар олгогдсон байгаа 3.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй сар бүрийн төлөлтөөс зээлийн үндсэн төлбөр болох 25 орчим тэрбум төгрөгийг Монголбанк эргүүлээд гаргаж байгаа нь жилд 300 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоолол бий хэмээн хариулт өгөв. Харин ипотекийн зээлийн хүүгийн орлогыг төсвийн зарлага талд төлөвлөсөнд ОУВС үүнд шүүмжлэлтэй хандсан учир 111 тэрбум төгрөгийг төсвийн зарлага талд эргэн төлөгдөх цэвэр зээл болгон тусгасан гэлээ. Ирэх 2018 оны хувьд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжийг судлахаар холбогдох газруудын төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж ажиллаж байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуллаа. Зэвсэгт хүчин болон хорих байгууллагууд Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцуулах чиглэл баримтлах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илэрхийлэв. Улс орны хөгжлийн ойрын төлөвлөлт, зорилт бүхий энэхүү Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдах хэдий ч энэ удаа хэт болгоомжилсон, хүрэх түвшингүүдийг хамгийн багаар тооцон оруулсан байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шүүмжлээд, макро эдийн засгийн суурь нөхцөлийг сайжруулах замаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дотооддоо авч хэрэгжүүлж болох зарим арга хэмжээний талаар санал хэллээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийн тодорхой загвар харагдахгүй, жагсаалтад байгаа бодлогын 100 орчим арга хэмжээ хоорондоо хэрхэн уялдаж, нийлээд ямар үр дүнд хүрэх, үүний тулд хэрхэн харилцан нэг нэгийгээ дэмжих нь тодорхой бус байна гэдэг саналыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд хөтөлбөр хэрэгжих хугацаанд улс төрийн шалтгааны улмаас урьд хийж чаддаггүй байсан макро эдийн засгийн түвшинд хийх засваруудаа зоригтой хийх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт аван, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа санал хураалт явуулав. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Мөн тус төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулахаар тогтов.

“Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 2016-2020 он гэж байсныг 2017-2020 он болгон өөрчилж, үүнтэй холбоотойгоор 2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төсвийг төслөөс хасах зэрэг саналын томъёоллыг боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны эцэст Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр албан ёсны статистикийн үйл ажиллагаанд ҮСС-ийн зохицуулалт, хөгжлийн бодлогыг удирдан зохицуулах ҮСХ-ны зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн болон оролцогч талуудын чадавхи сайжрах, статистикийн дэд бүтцийн хүрээнд түүврийн хүрээ, статистикийн арга зүй, аргачлал, ангилал, стандарт, хууль эрх зүйн зохицуулалт хангагдах, ҮСС-ийн байгууллага, нэгжүүдийн гаргасан статистикийн мэдээлэл нь хөгжлийн бодлоготой уялдсан, тэдгээрийн хамралт, нарийвчлал, хүртээмж, чанар сайжрах зэрэг өөрчлөлт, дэвшилт гарах талаар төслийн танилцуулгад дурдсан байлаа. Нийтдээ 4 жилийн хугацаанд 40 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжих хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр Байнгын хороо шийдвэрлэв.

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцууллаа.

Усан замын тээвэр үйлчилгээг аялал жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, цар хүрээ нь өргөжихийн хэрээр иргэдийн амь, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой эрсдэл нэмэгдэж байгаа нь өнөөгийн усан замын хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой хэмээн Ажлын хэсэг үзсэн байна. Тиймээс усан замтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүсчээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдан, ажлын дэд хэсгээс бэлтгэсэн материалуудтай танилцсан байна. Ингэснээр усан замын тээврийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, аливаа дүрэм, журам, тусгай зөвшөөрлөөр тэдгээрийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүй байх, хүнд сурталын эх үүсвэр болох ямар нэг заалтыг төсөлд тусгахгүй байх, усан замын тээврийн үйлчилгээнд хяналт тавих, зохицуулах талаарх орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх,  усан замын тээврийн хэрэгслийг ашиглах, бүртгүүлэх талаарх тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам гаргах, ойр ойрхон өөрчилж иргэдэд хүндрэл учруулах байдал гаргахгүй байх болон хариуцлагын талаарх зохицуулалтуудыг тодорхой болгохоор зарчмын зөрүүтэй 13 саналын томъёолол, найруулгын шинжтэй 12 саналын томъёоллыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан. Үүний дараа саналын томъёлол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “3.1.15 “усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж усан замын тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ эрхлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг” гэсэн агуулга бүхий заалт нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “импортоор оруулж ирж буй усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах эрүүл ахуй, халдвар судлал, хорио цээрийн шаардлагыг тогтоосон журмыг батлах”, “усан замын тээврийн хэрэгслийн ангилал, зориулалтыг нь харгалзан техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишгийг ялгавартай тогтоох” зэрэг 5.1.4, 5.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ. Ийнхүү Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 25 саналын томъёоллоор санал хураалт явуулсны эцэст Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байдал, цаашдын чиглэлийн талаархи мэдээлэл сонслоо

Байнгын хороо өнөөдрийн хуралдааныхаа төгсгөлд “Эрдэнэс-Монгол” ХХК, түүний нэгдлийн компаниудын үйл ажиллагааны талаарх тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтын танилцуулгыг сонсов.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 266 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд болон улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа яөуулах, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлийн төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зевлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн өмчит компанийг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу Төрийн өмчийн хорооны 2007 оны 52 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол" ХХК-ийг байгуулж, анхны дүрмийг баталж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Тус ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар бөгөөд компанийн давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг юм. “Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг төлөөлөн хзрэгжүүлэгчийн хувьд “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон Atom” ХХК зэрэг 11 охин болон хараат компанитай юм байна.

“Эрдэнэс-Монгол” ХХК, түүний нэгдлийн компаниудын хэтийн зорилт нь дэлхийн жишигт нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох бөгөөд Сингапурын “Темасек холдинг”, Бүгд Найрамдах Казахстан Улсын Самрук-Казына компанийн жишгээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн болохыг Ц.Түмэнцогт захирал танилцуулгадаа дурдлаа. Үргэлжлүүлэн тэрбээр групп компанийн 2017 оны бизнес төлөвлөгөөний нэгдсэн үзүүлэлт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдал болон группын өр төлбөрийн талаарх ерөнхий тоймын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн тус нэгдлийн охин компани тус бүрийн санхүү, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өглөө.

“Эрдэнэс таван толгой” ХХК нь өнгөрсөн онд 7.4 сая тонн нүүрс олборлон, экспортолсон бол энэ жил 13 сая орчим тонн болгохоор төлөвлөжээ. Орлогын хувьд 2016 онд 467 тэрбум төгрөг байсан бол энэ онд нүүрсний үнэ өссөн, “Чалко компанийн өр дууссан, баруун Цанхын үйл ажиллагаа явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор орлого өснө хэмээн тооцож 1.238 их наяд төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн байна. Тус нэгдэл Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь 60 ам.доллараар худалдаалагдаж байсан угаагаагүй нүүрсний үнийг дуудлага худалдаагаар нэмэгдүүлж уурхайн амнаас 71 ам.доллараар худалдах боломжийг бүрдүүлсэн гэлээ. Үүний үр дүн компанийн санхүүгийн чадавхи дээшилж, өр төлбөрөө барагдуулахад тодорхой үр дагавар гарсан болохыг мэдээлэв.

Тус нэгдлийн охин компани болох “Багануур” ХК-ийн үйл ажиллагааны тухай танилцуулсан юм. Төвийн эрчим хүчний системийн харъяа дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зорилгоор 1978 онд үүсгэн байгуулсан бөгөөд нэмэлт хайгуулаар орд нь нийт 812.1 сая тн нүүрсний нөөцтэй. Нүүрсний үнийг төрөөс хатуу тогтоож ирсэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласаар ирсэн нь компанийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг тухай бүр хийх боломжгүй байдалд хүргэсэн байна. 1 тн нүүрсний олборлолт нь борлуулалтын өртөгтэй тэнцүү байгаа нь тус компанийн насжилт ихтэй техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хүндрэл үүсгэж байгаа аж. Түүнчлэн “Монгол нүүрс” төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газар болон Дэлхийн банкнаас Сангийн яамаар дамжуулан авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 39 тэрбум төгрөгийг барагдуулах твгрвгийг барагдуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, үүний тулд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулсан. Мөн “Шивээ Овоо” ХК, “Мон Атом” ХХК-иудын үйл ажиллагаа, нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулгуудыг хийлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан. Мөн танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодорхой саналуудыг хэлж, байр сууриа илэрхийлсэн хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

сэтгэгдэл үлдээх