Д.Хаянхярваа: ЖДҮ-ийн асуудалд Сангийн яам шалгалт хийж байна

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, төсвийн асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, өөрийнхөө санаа бодлыг хэлж, гишүүдийн санал бодлыг мөн сонсжээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт төсвийн гуравдахь хэлэлцүүлгийг хийж, төсөв тойрсон асуудлыг цэгцлэе гэж ярилцсан байна. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Ерөнхийлөгч төсвийн талаар ямар санал хэлсэн юм бол?

-Уул уурхай дагасан цикельтэй эдийн засгийн өсөлтүүд байна. Эдийн засгийн өсөлт манайд бодитойгоор төдийлөн сайн эргэхгүй байна. Шавхагдашгүй нөөц болох мал малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулах чиглэлд анхаарч, улсын төсвөөс тодорхой хөрөнгө санхүү тавьж, үүнд анхаарлаа хандуулах ёстой. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаараач гэсэн хүсэлт тавьсан. 

-ЖДҮ-ийн зээлийн асуудал нэлээн хурцаар яригдаж байна. Энгийн иргэдэд зээл олдохгүй байтал гишүүд дээгүүрээ хуваагаад авчихаж. Эдгээр гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ? 

-ЖДҮ-ийн зээлийн асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлэг дээр маш тодорхой хэлсэн. ХХААЯ-наас зээл өгсөн. Сангийн яамнаас шалгалт орсон. Шалгалтын дүнг удахгүй Засгийн газарт танилцуулах юм байна. Энэ асуудал тодорхой болсны дараа ЖДҮ-ийн асуудлыг хууль зөрчсөн байвал хуулийн байгууллагаар өгч шалгуулах, улмаар дараа дараагийн шатандаа ямар арга хэмжээ авахаа тодорхой болгоно. Үүнийг өнөөдөр Ерөнхий сайд бүлгийн хурал дээр анхааруулсан. 

-Та нар Төрийн ордонд л эдийн засаг өсөөд байна гэж яриад байдаг. Гэтэл ордны гадны иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Өсөөд байгаа эдийн засаг чинь хэзээ иргэдийн амьдралд нөлөөлөх вэ? 

-Эдийн засгийн өсөлт байгаа. Бүх айлын хаалгыг тогшоод эдийн засгийн өсөлт нөлөөлөөд байгааг хэлж мэдэхгүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдтэйгээ харьцуулаад үзэхээр бид амаргүй үеийг ардаа орхисон. Эдийн засгийн хүнд үеэс одоо л мултарч байна. Үндсэндээ төлбөрийн чадваргүй гэдэг зүйл рүү орчих гээд байсан учир ОУВС-тай хамтарч, бүхий л аргыг хэрэглэсэн. Энэ жил анх удаагаа  500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалын санг бий болгох эхлэлийг тавьсан. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл хуримтлал болгох мөнгөө идэж ууж дуусгасаар ирсэн. Одоо хуримтлалын санд байгаа мөнгийг 2030 он хүртэл хөдөлгөхгүй байя гэдэг зорилт тавиад ажиллаж байна. Улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал эдийн засгийн өсөлтөд их нөлөөлж байна. 

-МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байна. Мөрийн хөтөлбөрөө хэзээ хэрэгжүүлэх юм бэ? 

-Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн чадахаараа ажиллаж байна. 

-Гишүүн бүрт 5 тэрбум төгрөг хуваарилаж байгаа асуудал их шүүмжлэл дагуулж байгаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-Гишүүд нэг нэг, тав таван тэрбум төгрөг салгаж аваад байгаа асуудал байхгүй. 76 жижиг тойргийн зовлон их байна. Тэгэхээр тойрог бүхэнд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаж өгдөг. Энэ таван тэрбум төгрөгийг орон нутгийн удирдлагуудтайгаа ойлголцоод ямар юманд, яаж зарцуулах вэ хэмээн бүтээн байгуулалт хийдэг. 

-ЖДҮ-ээс яг хэдэн гишүүн зээл авсан юм бэ?

-Яг хэдэн хүн зээл авсан юм бэ гэдэг асуудал өнөөдөр яригдаагүй. Сангийн яамнаас шалгалт ороод шалгагдсаны дараа тодорхой болох байх. ЖДҮ-ээр зээл авсан 40-50 хүн байгаа, 70 хүн байгаа гэж нийгэмд таавар таалгаж байгаа мэт асуудал бичигдээд байна. Байгаа бол бүгдийг нь баримттай нь гаргаад ир гэж хүсч байна. Хэн гэдэг гишүүн, ямар зорилгоор хэчнээн төгрөгийн зээл авсан бүх баримтыг нь гаргаад ирмээр байна. Тэгэхгүй зарим нь хэт улстөржүүлж байна. Энэ нь магадгүй гарсан асуудлыг төгс шийдэж чаддаггүйтэй холбоотой байх. Нэгэнт асуудал гарсан бол хууль хяналтын байгууллага нэг мөр шийддэг байх ёстой. Хуулийн байгууллагаас мухарлаад явбал дараа дараагийн шатандаа энэ хууль зөрчсөн үйлдлүүд гарахгүй байх үндсэн нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. 

-Таныг ч бас ЖДҮ-ээс зээл авсан гэж яригдаад байна. Та авсан уу? 

-Херо Баатар намайг 10 тэрбумын зээл авсан гэж бичсэн харагдана лээ. Би энэ зээлнээс аваагүй ээ. Надад 10 тэрбумын зээл аваад хийх ажил байхгүй. Дарханы хамааралтай ч юм уу, Дарханд байдаг компаниуд авсаныг надтай холбож байгаа юм байгааз. ЖДҮ-ээс зээл авъя гэж хүмүүс, гишүүд, ААН-үүд надад ханддаг. Би ХХААЯ-нд албан бичиг л өгнө. Ийм ийм компанийг хуулийн дагуу боломжтой бол дэмжинэ үү гэсэн бичгээ л өгдөг. Түүнээс тулгалт бол хийдэггүй. 10 тэрбумын зээл гэж бичсэн байна лээ. Надад хамаагүй ээ. 

Б.Анир 

сэтгэгдэл үлдээх