“Хандивын мөнгө өгч чадахгүй бол цэцэрлэгээс хүүхдээ аваад яваарай”

-“УЛСЫН ЦЭЦЭРЛЭГ ХҮҮХДҮҮДЭЭС ХАНДИВЫН МӨНГӨ АВАХ ЁСГҮЙ”-

Хуулиараа хоёроос зургаа хүртлэх насны бүхий л хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших эрхтэй. Гэвч цэцэрлэгийн хүрэлцээ муу гэх шалтгаанаар гурван хүүхэд тутмын нэг нь энэхүү боловсролыг гэрийн нөхцөлд эзэмшиж байна гэсэн дүн мэдээ одоогоос найман жилийн өмнө гарч байж. Энэ тоонд өнөөдөр ч өөрчлөлт гарсангүй. Хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүд хандив нэрийн дор цэцэрлэгийн удирдлагуудад бэлэн мөнгө атгуулдаг эсвэл эцэг, эхчүүдээс анги тохижуулах нэрээр бэлэн мөнгө хурааж авдаг үзэгдэл сүүлийн жилүүдэд их гарч байгаа.

Бидэнд хэд хоногийн өмнөөс эцэг, эхчүүд “Нийслэлийн 262 дугаар цэцэрлэг тоглоом, дрож авна гээд хүүхдүүдээс 100, 200, 300 мянган төгрөг хурааж байна. Мэдээ бэлтгэж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг бэлтгэсэн юм. Энэ мэдээллийг бэлтгэх явцад Нийслэлийн 262 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс ихээхэн дарамт шахалт ирснийг энд дурдах нь зөв болов уу. Мөн биднийг тус цэцэрлэг дээр ажиллаж байх явцад БСШУСЯ-наас шалгалтаар албаны хүмүүс ирж байна гээд цэцэрлэгийн ажилчид нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан юм.

Нийслэлийн 262 дугаар цэцэрлэгийн барилгыг Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 100 хувь эзэмшдэг “Хурд” группийн барьсан “Нарны хороолол”-ын сургууль, цэцэрлэгийн барилгыг концессоор авахаар ирэх оны төсвийн төсөлд хөрөнгийг нь суулгаж өгчээ. “Хурд” группийн зүгээс хамгийн анх байрны захиалга авахдаа дэргэдээ улсын сургууль, цэцэрлэгтэй гэсэн сурталчилгаа тарааж иргэдийг хууран мэхлэх аргаар орон сууцаа борлуулсаныхаа дараа тус барилгадаа хувийн сургууль ажилуулсан. Тиймээс өнгөрсөн өвөл оршин суугчид нь жагсаал хийж улсад хүлээлгэн өгөхийг шаардаж байсан юм. Нарны хороолол”-ын оршин суугчдын зүгээс удаа дараа Засгийн газарт гомдол гаргаж  өнгөрсөн зун барилгыг концессоор худалдан авах шийдвэр гаргасан билээ.

Одоогоор тус сургуулийг албан ёсоор бүртгэлжүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлээд удаагүй байтал эцэг, эхчүүдийн зөвлөл нэрийн дор иргэдээс ихээхэн хэмжээний бэлэн мөнгө авч байна гэх гомдол гарч буй юм. Сургуул, цэцэрлэгийн хоёр давхар энэ барилгыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 19 тэрбумаар үнэлсэн. Харин Засгийн газар  15.4 тэрбум төгрөгийг өгөхөөр ирэх оны төсөвт суулгасан байгаа.

Манайд ярилцлага өгсөн, мэдээлэл өгсөн эцэг, эхчүүдийн нэрсийг мөн хүүхдүүдийнх нь мэдээллийг нууцаллаа. Хандив өгөхгүй, гомдол гаргасан эцэг, эхчүүдийн хүүхдийн хавчин гадуурхаж, ямар нэгэн дарамт шахалт ирж магадгүй гэх болгоомжлол эцэг, эхчүүдэд байсан юм. Бэлэн мөнгө хурааж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй эцэг, эхчүүд тус тусдаа АТГ, БСШУСЯ, НМХГ-т хандаж гомдол гаргасан байна. Нэг аав хүүхдийнхээ цэцэрлэгийн хандивын мөнгийг өгөхийн тулд ломбарданд эд зүйлсээ тавьж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн гэдгээ хэлж байв.

tsetserleg

-АНХ СУГАЛАА ЯВУУЛАХДАА ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДҮҮДИЙГ 
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА ГЭЖ ОГТ ЯРИАГҮЙ-

-Эцэг, эхчүүдтэй уулзахад нэг хүүхдээс авч буй хандивын мөнгө харилцан адилгүй байсан. Танай хүүхдийн анги хэдэн төгрөг хураан авч байгаа вэ?

-Эцэг, эхчүүдийн зөвлөлд байдаг хүмүүс нь “Хүүхдийнхээ мөнгийг яасан” гэж асууж л байгаа. Боломжтой хэсэг нь хандивынхаа мөнгийг өгчихсөн байгаа. Харин мань мэт шиг боломжгүй нэг нь хандивын мөнгийг нь өгч чадахгүй л байна. Сүүлийн үед энэ асуудалтай холбоотойгоор нэлээд их хэл ам гарсан учраас өмнөх шигээ эрчимтэй нэхэхгүй, намжмал байдалтай болсон. Улаан цайм нэхэхгүй л байна. Хэл ам гараад байгаа болохоор ахиж нэхэхгүй ч байж магадгүй. Энэ жил манай бага хүүхэд ч гэсэн шинээр ашиглалтад орсон цэцэрлэгт ороход ангий тохижилтын мөнгө гэж хүүхэд бүрээс 40 мянган төгрөг авсан. Яахаараа “Нарны хороолол”-ын цэцэрлэг нэг хүүхдээс 200 мянган төгрөг хураан авч байгаа юм. Яаж ч бодсон ингэж болохгүй биз дээ.

-Танай хүүхдийн анги хэдэн хүүхэдтэй вэ. Хандивын 200 мянган төгрөгийг өгөөгүй хичнээн эцэг, эхчүүд байгаа бол танд мэдсэн зүйл байна уу?

-Хамгийн анх сугалаагаараа манай хүүхдийн ангид 25 хүүхэд сонгогдсон юм. Гэтэл өнөөдөр манай хүүхдийн ангид 60 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Тэгэхээр цаана нь 35 хүүхэд арын албаар орж ирсэн байгаа биз. Манайхаас гурван хүүхэд сугалаанд оролцсон, нэг хүүхэд маань л сонгогдсон. Нэг ангид 60 хүүхэд явахаар ханиаднаас салахгүй, манай хүүхэд хатгаа аваад хэд хоног гэртээ эмчлүүлж байна. Нэг ангид 25 хүүхэд суралцах нормтой байсан. Гэтэл эрхлэгч нь нэг ангид 35 хүүхэд нэмээд авчихаар улсаас өгсөн хангамж нь дутдаг юм байгаа биз дээ. Энэ мөнгөө эцэг, эхчүүдээс гаргуулж болохгүй биз дээ. Намар хүүхдийнхээ ангид нь орж ширээ сандал, хувцасны шүүгээг нь тоолж үзэхэд 25 ширхэг л байсан. Улсаас өгөх ёстой бүх зүйлийг л өгсөн. Харин эцэг, эхчүүд бид сургалтын хэрэгсэл, ариун цэвэрийн цаас, оо, шүдний сойз гэх мэт зүйлсийг нь авч өгөх үүрэгтэй. Хандиваар цэцэрлэгт орсон хүүхдүүдийн ширээ, сандал, хувцасны шүүгээний мөнгийг биднээс авч байгаад л хэл ам хийгээд байгаа юм. Анги тохижилтын мөнгийг эцэг, эхчүүдээс авах ёсгүй.

-Харилцагч байгууллагынх гээд 50-60 хүүхдийг сугалаанд хамруулалгүй цэцэрлэгтээ шууд авсан гэж сонссон. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Анх сугалаа явуулахдаа харилцагч байгууллагын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэж огт яриагүй. Сугалаагаар цэцэрлэгт орж чадаагүй “Нарны хороолол”-оос гадна Баянгол дүүргийн III хорооны өчнөөн олон хүүхэд байна. Бид наймдугаар сарын дунд үеэс эхлэн цэцэрлэг хэзээ бүртгэх нь вэ гээд хонон өнжин дугаарлаж эхэлсэн. Сүүлдээ улс хүлээж авахаар болж цэцэрлэгийнхэн өөрсдөө хүүхдүүдийг бүртгэж сугалгаа явуулахаар болсон. Юун харилцагч байгууллагын хүүхдүүд яриад байгааг ойлгохгүй байна. Албан ёсоор тайлбар хийх ёстой гэж бодож байгаа.

tsetserleg

-МАНАЙ ХҮҮГИЙН АНГИ 60 ХҮҮХЭДТЭЙ, НЭГ ХҮҮХДЭЭС 200 МЯНГАН ТӨГРӨГ ХУРААЖ АВАХААР НИЙТДЭЭ 12 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БАЙГАА ЮМ-

Бидэнд хандсан ээжтэй утсаар холбогдоход “Саяхан нийт эцэг, эхчүүдийн хурал болоход “Хандивын мөнгө өгч чадахгүй бол хүүхдээ аваад яваарай, энэ мөнгийг өгөөд цэцэрлэгт явах хүсэлтэй хүүхдүүд ар араасаа дугаарласан байгаа шүү” гэх утгатай зүйлийг цэцэрлэгийн арга зүйч нь хэлж байгаа юм. Хандивын мөнгийг нь өгч чадахгүй гэхээр хүүхдийг нь гадуурхадаг учраас эцэг, эхчүүд юу ч хэлж чадахгүй чимээгүй л нэхсэн мөнгийг нь өгч байна. Манай хүүгийн анги 60 хүүхэдтэй. Нэг хүүхдээс 200 мянган төгрөг хурааж авахаар нийтдээ 12 сая төгрөг болж байгаа юм. Энэ их мөнгөөр юу хийх гээд байгааг ойлгоогүй. Улсаас ширээ, сандал, ор гэх мэт зүйлийг нь аваад өгчихсөн байхад биднээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авч байна. Би зохих газарт нь гомдлоо гаргасан байгаа. Ямар ч эцэг, эх хүүхдээ тохилог тухтай орчинд суралцаасай гэж хүсэлгүй яахав. Эдийн засгийн тооцоо, үнэлгээгүй их хэмжээний нэхээд байгаа болохоор л эсэргүүцээд байгаа юм” гэсэн тайлбарыг өгөв.

tsetserleg

-МАНАЙХ НЭГДСЭН ЖУРМААР ХАНДИВ АВСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ, ЭЦЭГ, ЭХЧҮҮД САЙН ДУРААРАА ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ХАНДИВ ӨГЧ БАЙГАА-

-Эцэг, эхчүүдээс хандив нэрийн дор бэлэн мөнгө цуглуулж, өгөхгүй гэснийг нь дарамтлаж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Эцэг эхчүүдээс хүчээр хандив мөнгө цуглуулсан зүйл байхгүй ээ. Манайх нийт эцэг, эхчүүдийнхээ хурлыг хийсэн. Үүн дээр эцэг, эхчүүд сайн дураараа анги танхим тохижуулахад тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэе гэсэн юм. Зарим нь анги тохижилтын мөнгөө өгөөгүй байна. Манайх нэгдсэн журмаар хандив авсан зүйл байхгүй. Эцэг, эхчүүд өөрсдийнхөө сайн дурын үүсгэл санаачилгаар тодорхой хэмжээний мөнгө, эд материалын туслалцаа үзүүлж гэр орондоо хэрэглэхгүй байгаа тоглоом наадгайг авчирч өгч байгаа.

-Хандивын мөнгө өгөхгүй гэсэн эцэг, эхчүүдийг “Манай цэцэрлэгт орох хүсэлтэй хүүхдүүд ар араасаа дугаарлаж байна. Мөнгөө өгч чадахгүй бол хүүхдээ аваад явч болно” гэсэн юм уу?

-Үгүй, үгүй тийм зүйл байхгүй. Хэрэв эцэг, эхчүүд бүлгийн багш нарт гомдол гаргах гэж буй бол нэр усыг бичиж өгөх хэрэгтэй. Бид эргээд тэр багшид хариуцлага тооцдог юм. Цэцэрлэгийн багш нар эцэг, эхчүүдийг “Хандивын мөнгийг заавал өг” гэж дарамтласан зүйл байхгүй гэж ойлгож байгаа. Эцэг, эхчүүд ямар зорилготой мэдээллийн сайтад гомдол гаргаж байгууллагын үйл ажиллагааг хэлнэ гэдэг учир дутагдалтай санагдаж байна. Уг нь цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид зохих шаардлагаа тавьсан бол бид асуудлыг шийднэ.

-Намар элсэлтээ авахдаа 280 хүүхдийн багтаамжтай гээд сугалаа явуулсан юм байна лээ. Өнөөдөр хэдэн хүүхэд цэцэрлэгт явж байна?

-Баянгол дүүргийн III хорооны 1000 гаруй хүүхдүүдийг бүртгэсэн. Цэцэрлэг маань 280 хүүхдийн хүчин чадалтай. Бүртгэлийн төсөв төлөвлөгөө гэдэг өөр. Бид статастик мэдээгээрээ шинэ оныхоо төсөв төлөвлөгөөг батлуулна. Цэцэрлэгийн хүүхдүүд өвчтэй ханиадтай гээд цөөрдөг, сургууль шиг биш. Тиймээс бид намрынхаа статастик мэдээгээр хамран сургах хүүхдүүдийнхээ нөөцийн хүүхдүүдийг нэлээд бүртгэсэн. Бүртгэсэн хүүхдүүд 500 гараад явчихаар эцэг, эхчүүдэд олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна гэсэн ойлголт төрөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэг ангид 40-45 хүүхэд байна. Нийтдээ 400 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа.

-“Хурд” групп энэ цэцэрлэгийг улсад хүлээлгэн өгөхдөө ямар тавилгатай хүлээлгэн өгсөн бэ?

-“Хурд” групп модон эко тавиур, ор, ширээ сандал гээд бүх зүйлийг нь бэлдээд өгчихсөн. Үүнийг бид чанарын шаардлага хангасан хангалттай гэж үзэж байгаа. Мөн яамнаас хатуу эдлэлүүд болох ширээ, санда өгсөн. Цэцэрлэг орчноо бүрдүүлэхэд маш их юм шаардлагатай. Тоглоом наадгайг улсын төсвөөс гаргаж өнгө гэж СӨБ-ын хуульд зааж өгсөн байдаг боловч тэр болгон тоглоомын зардал төсөвт суудаггүй. Үүнийг эцэг, эхийнхээ дэмжлэгээр л орчиноо тохижуулж тоглоом наадгайг нь авдаг.

-Хамтрагч байгууллагын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулсан гэх гомдол эцэг, эхчүүдийн дунд байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Манай цэцэрлэгийн харилцагч байгууллагууд, III хорооны засаг даргын гарын үсэг албан тооттой, хамран сургах тойргийн нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн хүүхдүүдийг авсан л даа. Түншлэгч байгууллагын гээд 50-60 хүүхдийг цэцэрлэгтээ авсан. Үүн дээр л манай эцэг, эхчүүд гомдол гаргасан байх.

М.АМАРЖАРГАЛ ЭХ СУРВАЛЖ:WWW.MEDEE.MN

сэтгэгдэл үлдээх