Азийн эрчим хүчний том тоглогчид өнөөдөр Улаанбаатарт чуулна

-НҮБ-ЫН САЛБАР КОМИСС УЛААНБААТАРТ ХУРАЛДАНА-

Өнөөдөр, маргааш Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагааны 2018 форум “Corporate convention center”-т зохион байгуулагдах гэж байна. Форумын нээлт өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.

Уг форумыг НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) зохион байгуулж буй нь энэ юм. Форумд Зүүн Хойд Азийн орнууд буюу Монгол, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ-ын Эрчим хүчний яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Зүүн Хойд Азийн орнуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ганц улс нь Монгол гэж тус улсууд үздэг байна. Учир нь манай орон нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний арвин баялаг нөөцтэй. Энэ их нөөцийг ашиглаж чадвал тус бүс нутгийн орнуудыг цахилгаан, эрчим хүчээр хангах боломж нээгдэнэ хэмээн тус салбарынхан үзэж буй юм. Харин Зүүн Азийн бүс нутгийн бусад орнуудын сэргээгдэх эрчим хүчний нөөц хомс байдаг аж.

Зүүн Хойд Азийн бүс нутаг нь одоогоор эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбогдоогүй цорын ганц бүс нутаг болоод байгаа юм. Манай улс энэ байдлыг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж чадвал ирээдүйд эрчим хүчний хил дамнасан худалдаа бий болгож чадах билээ.

Энэ бүс нутагт ДНБ-ий 25 хувь, нийт хүн амын 22 хувь, эрчим хүчний хэрэглээний 25 хувь төвлөрч байгаа нь манай орны хувьд өргөн уудам нутгийнхаа нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний экспортлогч орон болох алтан боломж гэж салбарынхан үзэж байна.

Монгол Улсын оролцоог хангах боломж, давуу талууд гэвэл,

-Эрчим хүчний баялаг нөөц

-Харьцангуй бага хэрэглээ

-Өргөн уудам газар нутаг нь том чадлын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах шугам барихад таатай

-Газарзүйн байршил.

-Эрчим хүчний нөөц ихтэй ОХУ болон БНХАУ-ын баруун хойд, хойд мужтай харьцуулахад хэрэгцээт зах зээлдээ харьцангуй ойр, эдийн засгийн үр ашиг өндөр.

Иймээс энэхүү форум нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт дэвшил авчрахаас гадна эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж болох юм. Тиймээс НҮБ-аас энэхүү форумд ихээхэн ач холбогдол өгч байна.

Япон, Солонгос, БНХАУ, ОХУ манай улсаас сэргээгдэх эрчим хүч авахын тулд цаашид хэрхэн ажиллах нь өнөөдрийн форумаас тодорхой болно.

Т.ХУЛАН

сэтгэгдэл үлдээх