Өнөөдрөөс эхлэн заавал дагаж мөрдөх ШИНЭ дүрэм, журмууд

Өнөөдрөөс хэд хэдэн шинэ дүрэм журмууд хэрэгжиж эхэлнэ. Тэдний нэг нь Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм юм. Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Тэгвэл өнөөдрөөс мөрдөгдөж эхлэх замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн ОНЦЛОХ заалтуудыг тоймлон хүргэе.

  1. Ачаалал ихтэй дөрвөн уулзварт хийгдсэн шар тэмдэглээтэй холбоотой зохицуулалт маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийсэн. Энэ  нь зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчлийг арилгах зорилготой юм байна.
  2. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хоригложээ.
  3. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.
  4. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй үйлдэл хийхийг хориглосон байна.
  5. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байхаар тусгажээ.
  6. "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгасан байна.
  7. 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов.
  8. Жолооч нь хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.
  9. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш 12 сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
  10. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.
  11. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.
  12. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.

-ШӨНИЙН ЦАГТ ХЭРЭГЛЭСЭН ЦАХИЛГААНЫ ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ-

Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. 

Тодруулбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх, Аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх журам хүйтний улиралд буюу өнөөдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэр хорооллын хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэх юм байна

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орой, шөнийн тарифын хөнгөлөлтөд Нийслэл хотын 120000 орчим айл өрх, аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 15000 орчим айл өрх, нийтдээ улсын хэмжээнд 135000 орчим айл өрх хамрагдах урьдчилсан тооцоо гарсан байна.

-УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ-

Мөн өнөөдрөөс Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, Төрсний гэрчилгээ, гэрлэсний лавлагаа, гэрлэлт цуцлах, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн, нас барсны, эцэг тогтоох зэрэг 10 бүртгэлийг иргэд харьяалал харгалзахгүйгээр анхан шатны нэгж болох сум, хороодоос ч авах боломжтой болж байгаа юм.

Энэ нь Улсын бүтгэлийн газрыг зорьж оочёр дараалалд зогсож цаг заваа алдахгүй байх боломжийг олгожээ. Тодруулбал, тухайн иргэн шилжилт хөдөлгөөн хийхийн тулд байгаа газраасаа хасалт хийлгэж, очиж байгаа газартаа бүртгүүлдэг байсан бол энэ хуулиар иргэн зөвхөн очсон газартаа бүртгүүлэхэд л шилжсэн газарт цахим мэдээлэл очин хасалт хийгдэх юм.

Түүнчлэн шинэ хуулиар цахим үнэмлэхний чип, хурууны хээ, тоон гарын үсэг зэргээ ашиглан иргэний бүртгэлийн мэдээ мэдээллийг цахимаар байгаа газраасаа үл хамааран авах боломжийг ч мөн бүрдүүлсэн байна. 

Мөн шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор бүртгэдэг байсан. Энэ хуулиар хүүхэд дөнгөж төрмөгцөө регистерийн дугаартай болж улсын бүртгэлд бүртгэгдэх тогтолцоог бий болгож хэрэгжих эхэлжээ. Энэ нь дан ганц иргэний бүртгэлийн мэдээлэл бус хуулийн этгээдийн мэдээллийг ч мөн адил цахимаар авч болох юм байна. Хуулийн этгээдийн нэр, хаяг, үүсгэн байгуулагч, хэлбэр, төрөл, үйл ажиллагааны чиглэл гэх мэт мэдээллүүд улсын бүртгэлийн мэдээллийн санд нээлттэй байршжээ.

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БАЙГАА МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭНЭЭС ШААРДДАГ БАЙДЛЫГ БОЛИУЛАХ
Өнөөдрөөс эхлэн Бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэнээс авахгүй. Үүнд:
  1. Төрсний бүртгэлийн лавлагаа
  2. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  3. Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа
  4. Гэрлэлт сэргээсний бүртгэлийн лавлагаа
  5. Эцэг эх тогтоосны бүртгэлийн лавлагаа
  6. Үрчилсний бүртгэлийн лавлагаа
  7. Овог эцэг /Эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
  8. Нас барсны лавлагаа
  9. Гэрлэсэн эсэх лавлагаа
  10. Төрсний бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа
  11. Иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа
  12. Гадаад паспорт олгосон тухай лавлагаа
  13. Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
  14. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа багтах аж.

-ГАДААД ПАСПОРТЫГ ТОМ ХҮНД 10, ХҮҮХДЭД 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙГААР ОЛГОЖ ЭХЭЛНЭ-

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн найруулагдсантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн энгийн гадаад паспортыг 10 жилээр олгодог болно. 

Тодруулбал, гадаад паспортыг 16-аас дээш насны иргэнд 10 жилээр, 16-аас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгохоор болжээ. Ингэхдээ хуучин гадаад паспорт захиалахад мөрдөгдөж байсан төлбөр хураамжийн үнэ өөрчлөгдөхгүй юм байна.  /гадаад паспортыг 10 жилийн хугацаагаар захиалахад 32,800 төгрөгийн төлбөртэй, ажлын 10 хоногт гарна/

Харин яаралтай бол 10 мянган төгрөгийн нэмэгдэл авч ажлын гурван өдөрт багтаан гаргаж өгөх бөгөөд гадаад паспорт захиалах бол дүүргүүдийн нэг цонхны үйлчилгээ болон “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг зорих шаардлагатай юм байна.

Т.Гэрэл

сэтгэгдэл үлдээх