Даатгалын компаниудын олгоогүй 570 сая төгрөгийн нөхөн төлбөрөөс 100 саяыг нь гаргуулаад байна

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос мэдээлснээр энэ оны 3-р улиралд мянга гаруй байгууллагад шалгалт хийжээ.

Өнгөрсөн хугацаанд тус байгууллагад иргэдээс ирсэн санал гомдлын 40 гаруй хувийг Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой гомдол эзэлж байгаа буюу тодруулбал, 24 иргэн, ААН-ийн 570 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниудаас өгөөгүй гэсэн зөрчил байсныг СЗХ-ноос мэдээлэл хийх үеэр танилцуулсан юм. Дээрх гомдлын дагуу СЗХ-ноос шалгаж, 11 иргэн, хуулийн этгээдийн 100 сая төгрөгийг даатгалын байгууллагаас гаргуулан олгож хохирлыг барагдуулсан талаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэн мэдэгдсэн юм.

Тэрээр даатгагч болон даатгуулагч иргэн, байгууллага, ААН-ийн зүгээс даатгалын байгууллагатай хийсэн гэрээний маргаан их гарах болсон талаар хэлж байв. Энд дээр дурдсан осол аваарийн тохиолдол гарсан үед даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байна гэсэн гомдол зонхилж байгааг хэлж байв.

Нөгөө талаар ББСБ-тай холбоотойгоор иргэдийн зүгээс гарч буй санал нь банк бус санхүүгийн байгууллагууд иргэдийн эрх ашгийг хөндөн хохироож байна гэсэн гомдол маргаан мөн дийлэнх байгааг мэдээллээ. Энэ нь иргэд аливаа гэрээнд гарын үсэг зурахдаа хуулийн зүйл заалтыг төдийлөн сайн харж анхаардаггүй, мөн гэрээ байгуулж буй компани, ББСБ-ын зүгээс иргэдийг гэрээнд гарын үсэг зурахад нь санхүүгийн үйлчилгээнийхээ журам, зээлийн хүү зэргийг урьдчилан сайн танилцуулж сануулдаггүйтэй холбоотойгоор дараа нь маргаан гарах шалтгаан болдогийг хэлж байлаа.

Өнгөрсөн хугацаанд даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байна. Үүнээс ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеээс 30.3 хувиар өссөн үзүүлэлт юм гэдгийг танилцуулж байв.

 

МОНЦАМЭ:Б.Болд

 

сэтгэгдэл үлдээх