Ерөнхий сайд ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг хаацайлсан байр суурь илэрхийлж байгаагүй гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан гишүүдийг хамгаалж байна гэсэн мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг мэдээлэлд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр няцаалт хийв.

Үүнд, "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй. Ерөнхий сайдаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу шалгалтыг явуулж байна. 

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы  энэ сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ хамгаалж байна гэж мэдэгдсэнийг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр" гэжээ.

сэтгэгдэл үлдээх