ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ

-ББСБ-ЫН НИЙТ ЗЭЭЛДЭГЧДИЙН 83.8 ХУВИЙГ ЭНГИЙН ИРГЭД ЭЗЭЛДЭГ-

ЖДҮХС-гаас ТАВАН жилийн хугацаатай, ГУРВАН хувийн хүүтэй зээл авсан нэр бүхий улс төрчид өөрсдийн хамаарал бүхий ББСБ-аараа дамжуулж, уг мөнгийг иргэдэд 30-40 хувийн хүүтэйгээр зээлсэн гэх хардлага үүсээд буй.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай хэд хэдэн УИХ, Засгийн газрын гишүүдийг онцгойлон шалгаж байгаа юм.

ББСБ-уудын үйл ажилагааг Санхүүгийн зохицуулах хороо үндсэн чиг үүргийн хүрээнд хянадаг. Монгол Улсын хэмжээнд 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсчээ. Энэхүү өсөлтийн 74.1 хувь нь зээл олголтын өсөлтөөс бүрдсэн байна.

ББСБ-ын нийт зээлдэгчдийн 83.8 хувийг энгийн иргэд эзэлдэг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны зээлийн шаардлага хангаж чаддаггүй иргэд ББСБ-аас өндөр хүүтэй, барьцаалбарын үнэлгээ асар бага зээл авдаг билээ. Гэтэл ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах тангараг өргөсөн УИХ-ын гишүүд эхнэрийнхээ, дүүгийнхээ нэр дээр ББСБ байгуулдаг. Тэр нь УИХ-ын гишүүдийн эрхийг нь хамгаалах учиртай нийгмийн хамгийн эмзэг хэсгүүдэд өндөр хүүтэй зээл олгодог байна.

Улмаар төлбөрийн хэтрэлт үүссэн тохиолдолд үнэлгээ багатайгаар барьцаанд тавьсан хөрөнгөө алдах, хүүгийн дарамтад орох зэрэг хүндрэл үүсдэг. Цаашлаад ББСБ байгуулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэр улс төрчдийн бохир мөнгө байдаг гэх хөшигний ардах яриа хүртэл бий. УИХ- гишүүд “Би эхнэртээ ББСБ нээгээд өгчихсөн” гэж нэгэндээ бахархал болгон ярьдаг. Өнөөх ББСБ нь нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхний халаас хотыг сэгсэрдэг байдлыг хуулийн хүрээнийхэн ихээхэн шүүмжилдэг билээ.

-ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ББСБ-ТАЙ ГИШҮҮДЭЭР ХЭН ХЭН НЭРЛЭГДЭВ-

Санхүүгийн зохицуулах хорооноос “ББСБ-д бохир мөнгө орох боломжгүй” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч ББСБ руу нэг дор их хэмжээний мөнгө орох үйл явцыг хуулийн хүрээнд СЗХ хатуу хянадаг аж.  “Хуулийн хяналт нь хатуу учир ББСБ руу ЖДҮХС-гийн зээлийн мөнгө орсон эсэхийг шалгах явц удааширсан. Мөнгө оруулсан технологийг нарийвчлан шалгаж, тогтоох шаардлага үүссэн тул цаг их авч байгаа” гэх мэдээлэл бий.

ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий ТАВАН УИХ-ын гишүүн өөрсдийн хамаарал бүхий ББСБ-тай байна. Үүнд,

НЭГ: УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР

ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ:  Хоёр жил дараалан, нийт 1.950.000.000 төгрөг

ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь

ББСБ-ын нэр:  “Газар капитал”, “Газар партнес”

ББСБ-ын зээлийн хүү: Сарын 2.5-3 хувь, жилийн 30-26 хувь

ХОЁР: УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА

ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ:  700 сая төгрөг

ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь

ББСБ-ын нэр:  “Капитал премиум”

ББСБ-ын зээлийн хүү: Сарын 3 хувь, жилийн 30 хувь

ГУРАВЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР

ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ:  2 тэрбум төгрөг

ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь

ББСБ-ын нэр:  “Тэнүүн Капитал” /100 хувь эзэмшдэг/

ББСБ-ын зээлийн хүү: Сарын2.6-3  хувь, жилийн 31.2-36 хувь

Эзэмшил: 100 хувь эзэмшдэг

ДӨРӨВУИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД

ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ:  950 сая төгрөг

ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь

ББСБ-ын нэр:  “Ирээдүй инвест”

ББСБ-ын зээлийн хүү: Сарын 3-3.5 хувь, жилийн 36.-42 хувь

Эзэмшил: 10 хувь эзэмшдэг

ТАВ: УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ

ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ:  950 сая төгрөг

ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь

ББСБ-ын нэр:  “Нью хүннү финанс”

ББСБ-ын зээлийн хүү: Сарын 3-3.5 хувь, жилийн 36.-42 хувь

Эзэмшил: Н.Учрал гишүүн аав Н.Ням-Осор эзэмшдэг

Хууль, хяналтынхны онцгой анхааралд буй ББСБ-уудтай гишүүдийн хувьд ихээхэн айдастай буй. Шалгалтын явцад хамаарал бүхий ААН-үүдийн гүйлгээ нэг бүрийг хянан үзэж, асуудалтай гишүүд дээр прокурор эргүүлэн татах бичгээ хүртэл зэхсэн гэх мэдээлэл нэлээд эртнээс явсан.

Гэвч ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Сүүлийн өдрүүдэд ББСБ-тай гишүүдийн мэдээллийг зарцаах, шалгалтын явцыг түргэвчлэхгүй байх” чиглэл дээрээс нь ирсэн байна. Энэ нь улс төрийн хүрээнд томчууд хэрхэн тохиролцохоос шалтгаалж, асуудлыг хэрхэхээ шийдэхээр хөшигний ард буй ярьж байгаа болов уу хардлага төрүүлж байгаа юм.

www.medee.mn: Ж.МЯДАГБАДАМ

сэтгэгдэл үлдээх