Ангийнхаа охины хагалгааны зардлыг олохоор хөдөлмөрлөж буй ДОЛДУГААР АНГИЙНХАН

Гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олсон ч хэтэвчин дотор байсан баримтаар эзнийг нь олж буцаан өгсөн Б.Уранбат хүүгийн талаарх сурвалжлагыг манай сайт өнгөрсөн баасан гаригт уншигч та бүхэнд хүргэсэн. Уншигч та бүхэн санаж байгаа бол Б.Уранбат хүү "Намайг олсон хэтэвчээ буцааж өгсөн гээд нэг эгч шагнана гэсэн. Хэрвээ мөнгөөр шагнавал би ангийн найз О.Ундралдаа туслана. Төрөхийн хүндрэлээр ээж нь өнгөрчихсөн. Тухайн үед эмч нар нь О.Ундралд хиймэл амьсгал хийхдээ буруу хийснээс болоод хавирга нь цөмөрч ороод зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болчихсон юм байна лээ" хэмээн ярьсан юм. Тиймээс Б.Уранбатын ангиас сурвалжлага бэлдэхдээ хүнд өвчиндөө шаналж байгаа ч бяцхан биендээ баймгүй их зориг тэвчээр гаргаж, олон удаагийн хагалгаа, өвдөлтийг тэсч яваа О.Ундрал охины тухай ч дурдсан билээ. Ангийн нөхөд нь өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрэлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөхвий гэсэндээ голдоо хийж явдаг гээд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар Б.Уранбатын ангийнханд байсан юм.                                                                                                       

                                                                                 /ТУС СУРВАЛЖЛАГЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ/

-“ЭГЧЭЭ БИ ЭЭЖ ААВЫНХАА ӨГДӨГ 2000 ТӨГРӨГИЙГ ЦУГЛУУЛЖ БАЙГААД 10 МЯНГА БОЛОХООР НЬ ХАНДИВ ӨГӨХ ГЭСЭН ЮМ БОЛОХ УУ”-

Сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний дунд "Эгчээ би ээж аавынхаа өдөрт өгдөг 2000 төгрөгийг цуглуулж байгаад 10 мянга болохоор нь өгөх гэсэн юм болох уу" гэх жаахан охин, "Би өөрөө бас маш олон удаа хагалгаанд орсон. Дахиад ч орно. Гэхдээ би үзэж харах ёстой юм аа үзээд хэдийнээ 35 жил амьдарчихсан хүн. Харин энэ охин дэндүү хайран байна. Тиймээс бага ч болов хандив өргөх гэсэн юм" гэх залуу гээд чин сэтгэлийн хандив тусламжийг мөнгөтэй, баян нь биш сэтгэлтэй хүн өгдөг гэдгийг нотлон харуулсан сайхан хүмүүс олон байсан юм.

Тиймээс бид энэ сайхан мэдээг О.Ундрал охиндоо дуулгахаар сургуулийг нь зорилоо. Биднийг очиход, О.Ундрал ангийнхаа хүүхдүүдтэй хамт шүрээр бугуйвч хэлхэж байсан юм. 

-АНГИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД О.УНДРАЛЫГАА ЭМЧЛҮҮЛЭХИЙН ТУЛД ҮСНИЙ ДАРУУЛГА, ЭЭМЭГ, ЗҮҮЛТ, САВАН, ДҮДҮ МАШИН ЗЭРГИЙГ ӨӨРСДИЙН ГАРААР УРЛАЖ БАЙНА-

Дөнгөж 12-хон настай хүүхдүүд өөрсдөө санаачлан, ангийнхаа найзын эмчилгээний зардалд бага ч болов нэмэр болохын тулд, гарын доорх материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж байгаа нь энэ аж. 

Энэ талаар ангийнх нь багш Г.Пүрэвбаяраас тодруулахад, "Манай ангийнхан намар есдүгээр сарын 1-нээс эхлээд эдгээр зүйлсийг хийж эхэлсэн. Өөрсдийнхөө чаддаг зүйлсээ нэгэндээ зааж өгөөд хамтдаа бүх зүйлээ хийж байна. Жишээлбэл, Охидууд нь үсний даруулга, боолт, хавчаар, хүзүүний зүүлт, ээмэг, саван, хөвгүүд нь дүдү машин, үзэгний сав гээд маш олон зүйл хийсэн. Эцэг эхчүүд маань ч гэсэн маш их дэмжиж, шаардагдах материалуудыг нь авч өгч байгаа. Бас манай ангийнхан удахгүй сургуульдаа хандивын тоглолт зохион байгуулахаар бэлдэж байгаа. Тэр тоглолтынхоо үеэр эдгээр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, олсон мөнгөө О.Ундралын эмчилгээний зардалд хандивлахаар болсон” гэв.

-ОЛСОН ТҮРҮҮВЧЭЭ ЭЗЭНД НЬ БУЦААЖ ӨГСӨН Б.УРАНБАТ ШАГНАЛЫНХАА МӨНГӨНӨӨС НАЙЗЫНХАА ЭМЧИЛГЭЭНД ХАНДИВЛАЖЭЭ-

Мөн тэрбээр, “манай Н.Уранбатыг настай хүний мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олоод буцааж өгсөн гээд нэг сайхан сэтгэлт эмэгтэй 2 сая төгрөгөөр шагнасан. Харин Н.Уранбат маань шагналынхаа мөнгөнөөс найзынхаа эмчилгээнд хандив болгож өгсөн. Одоо би О.Ундралынхаа дансанд хийх гэж байна. Энэ мэтээр хэн  ч хэлээгүй байхад өөрсдөө санаачилж маш их зүйл хийж, сэтгэл гаргаж байгаа хүүхдүүдээ харахаар өөрийн эрхгүй бахархах, хайрлах сэтгэл төрөх юм” хэмээн хоолой зангируулан ярьсан юм.Үнэхээр энэ ангийнханд нэгнээ гэсэн зүрх сэтгэл, хүнлэг чанар дүүрэн байна. Хар багаасаа л өвчиндөө шаналан, олон удаагийн хагалгаанд орсон О.Ундралыгаа хэзээ ч цүнх үүрүүлдэггүй. Сургуулийн коридороор явахдаа бэртчихвий, хэн нэгэн ирээд мөргөчихвий гэж санаа зовсондоо үргэлж голдоо оруулж, хүүхдүүдээс хамгаалж явдаг. Хэдийгээр О.Ундрал охин үеийнхээ найзууд шиг гүйж харайж, унагаасан зүйлээ ч тонгойн авч чадахгүй ч өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг ангийнхныхаа дэмээр амжилттай суралцаж, сэтгэл хангалуун суралцаж байгаагаа хэлсэн юм. 

-ИРЭЭДҮЙД АЛДАРТАЙ ДИЗАЙНЕР БОЛООД АСРАМЖИЙН ГАЗРЫН ХҮҮХДҮҮДЭД ӨӨРИЙН ГАРААР ХУВЦАС УРЛАЖ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ-

Бурхан түүнд сайн ангийнхнаас гадна сайн "ээж" заяажээ. Төрөхийн хүндрэлээр төрсөн ээж нь нас барсан ч аавынх нь авга эгч Ц.Алдармаа нь О.Ундралыг эгчтэй нь хамт өөрийн охиноо болгон өсгөсөн байна. Өнөөдрийг хүртэл эхийн хайраар нэг ч дутаалгүй өсгөсөн төдийгүй одоо эмчилгээнийх нь төлбөрийг олохоор борви бохисхийлгүй ажиллаж байна. Тэрбээр охиноо заавал эдгээж хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх чин хүсэл зорилготой. Хэдийгээр манай сайт охины ээж Ц.Алдармаатай ярилцах хүсэлтээ байсан ч ажил явдал гарсан тул ярилцлага өгөх боломжгүйгээ уламжилсан юм. 

Таван настайгаа хойш долоон жилийн турш хагалгаа хийлгэсэн О.Ундрал охинд одоо нэг л том хааглдаа үлдээд байна. Энэхүү хагалгааг хийлгэхэд 100 гаруй сая төгрөг хэрэг болоод байгаа аж.

Ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй О.Ундрал охины маань эмчилгээнд чин сэтгэлийн хандив өргөхийг сурвалжлагаараа дамжуулан Монголын ард түмэндээ уриалмаар байна.

Хандивын данс: ”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    “ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                     Холбоо барих утас: 90111112

ЗУРАГЛААЧ: Г.Аюуш

сэтгэгдэл үлдээх