С.Жавхлан: Гишүүд намайг тойроод л гүйлдээд байна. Надад яасан ч хайртай болчихсон юм

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Жавхлангаас тодрууллаа. 

-Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа юу?

-Аль алийг нь дэмжихгүй. Асуудал гарлаа гэхэд дараагийн Засгийн газрыг ч дэмжихгүй хөндөлсөж хэвтэнэ. 65 хүнийг ээлжлээд л хооллож байна. Нэгдүгээр ээлжнийхэн хоолондоо орсон. Хоёрдугаар ээлж орчихсон. Одоо гурав нь орох гээд байна. Тиймээс огт дэмжихгүй. Би асуудал байна гээд зөндөө л хашгирсан. Гэтэл миний хэлж байгааг хэн ч хэзээ ч тоож байгаагүй. 

-Та Засгийн газрыг огцруулахад кноп дарах уу?

-Шунал ихэдвэл шулам, шударга ихэдвэл хэнхэг болно. Товчлуур дарах эсэх нь миний эрхийн асуудал. Хоёр талаас миний байр суурийг сонсч байна. Би маш их гайхаж байна. Энэ хулгайч нар хоорондоо зодолдох тусмаа монголын түмэн олонд ашигтай. Нэгнийгээ барьж идэж, булайгаа дэлгэлцэх нь түмэн олон ашигтай. Цаашдаа монголын төрд ийм хариуцлагагүй, шуналтай, муу бодолтой, ад зэтгэр шингэсэн хүмүүс орж ирж хариуцлага алддаг байдал дуусна, цэвэршинэ. 

-Нэр бүхий гишүүд чуулганы хуралдаандаа суухгүй гээд байна. Та яах вэ? 

-Би суулгүй яахав. Цаашаа 80 юм болно. Сэтгүүлч та нар энэ хулгайчуудыг сайтар элдэж хөөх хэрэгтэй. 

-Та Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү, дэмжихгүй юу? 

-Алийг нь ч дэмжихгүй. Цаг хугацаа харуулна. 

-Та чуулгандаа барагтаа ирдэггүй. Хангалтгүй ажиллаж байна гэж харагдаж байна? 

-Би ирдэг. Харин чуулганд 10-аад хүмүүс суучихаад нэгнийхээ өмнөөс кноп дараад байж байдаг. Миний танихгүй, хараагүй хүмүүс энэ танхимд зөндөө байна.

-Тантай хоёр талаас уулзаад байна гэж та хэллээ. Мөнгө амласан зүйл бий юу? 

-Тийм зүйл байхгүй. Тойроод л гүйлгээд байна. Яах гэж байна яах гэж байна гээд л. Надад яасан ч хайртай болчихсон юм.

-Та намын Ерөнхий нарийн бичгийн даргатай 30 гаруй минут уулзлаа. Юу ярив?

-УИХ-ын даргыг огцруулах гарын үсэгтэй албан бичиг танилцуулж байна. Би зурахгүй гэдгээ хэллээ. 

Б.Анир 

сэтгэгдэл үлдээх