СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРААС ТАЙЛБАР, НЯЦААЛТ ХИЙЖ БАЙНА

Стандарт, хэмжил зүйн газар нь төрийн албан хаагчдын сахилга, дэг журмыг биелүүлэх, ёс зүйн өндөр шаардлагыг тавин, ээлж дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд төрийн албаны тухай хууль, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн СХЗГ-ын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын дарга Б.Ариунааг ажлаас нь халах шийдвэрийг өнгөрөгч оны 12-р сард гаргасан юм. Гэтэл тэрээр өөрийн зөрчил дутагдалаа засч залруулахын оронд ажлаас халагдсан даруйдаа буюу 2017 оны 12-р сарын 07 өдрөөс эхлэн тус газрын үйл ажиллагаа болон албан хаагчдын нэр хүндийг гутаасан мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр цацуулж байна. Иймд Стандарт, хэмжил зүйн газрын зүгээс уг мэдээллүүд хэр үнэн бодитой эсэх дээр тайлбар, няцаалт хийх нь зүйтэй болов уу гэж үзлээ. Сөрөг мэдээллүүд тавигдаж эхэлсэнээс хойш манай байгууллага холбогдох шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж доорх мэдээллүүд үндэслэлгүй болохыг тогтоолгосон юм. 

1-р асуудал: СХЗГ-ын дарга удирдлагууд гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл

-       Үнэт цаасны зөрчил гаргасан албан хаагчдыг Агентлагийн даргын 2015 оны Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж Төрийн албаны тухай хуулийг баримтлан Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ зөрчлийн шинж байдлыг нь харгалзан Б.Ариунаагийн ахалсан шалгалтын дүнг хэлэлцсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн юм. Мөн хяналт шалгалтын хүрээг өргөтгөн явуулахыг Б.Ариунаад тушаалаар үүрэг болгосон боловч тэрээр хэрэгжүүлээгүй байна. Гэтэл ажлаас хариуцлага алдаж халагдсаны дараа гэмт хэрэг дарагдуулсан гэх мэдээллийг Б.Ариунаа тарааж байгаа нь өөрийн гэм бурууг бусдад тохох гэсэн оролдлого хэмээн үзэж байна. Иймээс манай байгууллага БЗД-ийн Цагдаагийн хэлтэст энэхүү асуудлыг шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд тус хэлтсээс хариу мэдэгдэх хуудсаар СХЗГ-ын уг асуудал нь гэмт хэргийн шинжгүй гэсэн хариуг өгсөн болно. Тиймээс энэхүү мэдээлэл нь зориуд СХЗГ-ийн нэр бүхий албан хаагчдын нэр хүндийг гутаах гэсэн зорилготой гүтгэлэг юм.  

2-р асуудал: “Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” стандартын хоёр номыг хэвлүүлж, хувийн дансандаа оруулсан гэх мэдээлэл

-       “Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар”хоёр стандарт хэвлүүлэх болсон гол учир нь Засгийн газрын тогтоолоор Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх ажлыг хэрэгжүүлэхдээ Олон улсын Стандартчиллын байгууллага (ISO)-аас шинэчлэн баталсан энэхүү 2 стандартыг тохирлын үнэлгээний байгууллагуудад мэдээлэх, соён гэгээрүүлэх, олон улсын үнэлгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор хуулийн дагуу хэвлүүлж зарцуулсан юм. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад хувьд ашигласан зүйлгүй болохыг Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоолоор дүгнэлт гаргасан. Гэтэл олон нийтэд номыг их хэмжээгээр борлуулаад түүнийгээ хувьдаа ашигласан мэтээр бичээд байгаа нь мөн л гүтгэлэг юм.

 

3-р асуудал: Стандарт, хэмжил зүйн газрын ХХШБГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ариунааг ажлаас нь хууль бусаар, үгсэн хуйвалдаж халсан гэх мэдээлэл

-       Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунааг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй, харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг үл биелүүлдэг, удирдан манлайлах чадваргүй гэх үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2017 оын 12 дугаар сарын 01-ны  өдрийн Б/119 тоот тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халсан юм. Шийдвэрийг үндэслэлтэй болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 15 өдрийн шийдвэрээр тогтоосон болно. Уг шийдвэрт Стандарт, хэмжил зүйн газрын Ёс зүйн хорооны дүгнэлт нь албан хаагчдын гомдлыг үндэслэсэн бөгөөд холбогдох хууль журамтай нийцсэн, Б.Ариунаад сахилгын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоосон гэсэн байдаг.

 

Ингээд Б.Ариунаад БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс СХЗГ-ын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдыг баримт нотолгоогүйгээр гүжирдсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.21.1 хэсэгт заасны дагуу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болно.

 

Дээрх хуурамч, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг мэдээллийн сайт, хуурамч фейсбүүк хуудсаар дамжуулан цацаж байсан бөгөөд www.news.mnwww.zaluu.comwww.time.mnwww.olloo.mn зэрэг сайтууд нийтэлсэн мэдээллийнхээ хүрээнд залруулга гаргаж Стандарт, хэмжил зүйн газраас уучлалт хүссэн юм.

Мөн “Авлигачдыг илчилнэ”, “Авлигачдыг зогсооно” нэртэй хуурамч фейсбүүк хуудсаар СХЗГ-ын үйл ажиллагаа болон албан хаагчдын нэр хүндэд халдсан гүтгэлэгийн шинжтэй мэдээллүүд тавигдсан. Тиймээс ТЕГ болон ЦЕГ-аас шалгаж уг фейсбүүк хуудсыг хаасан юм. Гэтэл саяханаас “Шуурхай мэдээний түүвэр”, “Шуурхай жиргээ” фейсбүүк хуудсаар гүтгэлэгийн мэдээллүүд дахин цацагдаж эхэллээ.

ИЙМД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ИРГЭД ОЛОН НИЙТ ТА БҮХЭН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ АЛИВАА МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖИЙГ НЯГТАЛЖ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛД АВТАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!!!

Стандарт, хэмжил зүйн газрын хэвлэл мэдээллийн алба

сэтгэгдэл үлдээх