"Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэнд 120 байгууллага хийсэн, бүтээснээ танилцуулж байна

Шинжлэх ухаан техник, технологийн эрин зуунд Монгол Улс хэрхэн хөл нийлүүлэн алхаж байна вэ гэсэн асуулт тавигдах болсон. Тэгвэл шинжлэх ухаанчид, судлаачид хэрхэн ажиллаж байгаа талаархи мэдээллээ энэ өдрүүдэд иргэд, олон нийтэд хүргэхийн сацуу хийсэн бүтээснээ танилцуулж байна. Тодруулбал, Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөрт зориулсан албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэнгээр эхэлсэн юм.

Улсдаа төдийгүй, гадаад улс оронд алдар нэр түгсэн эрдэмтэн, судлаачид маань шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож байгаа билээ. Тэд бүтэн жилийн ажил, мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо тайлагнахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр болон хувийн хэвшлийн түншлэл тогтоох нь чухал гэж үзлээ. Мөн инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, худалдан авалтаар дэмжих асуудлыг тавьж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулагдаж байгаа ажээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнээр хийсэн бүтээгдэхнийг танилцуулав. Мөн ургамал хамгаалал, бордоо, эрчимжсэн мал аж ахуй, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиудыг ч дэлгэсэн нь харагдаж байсан. Түүнчлэн байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, мэдээллийн технологийн чиглэл зэрэг шинжлэх ухааны зургаан салбарт зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн, технологи, загваруудыг үзүүлэхээр авчирсан байлаа.

Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугийн тархалт элбэгшиж, аливаа эм тарианд намжих нь багасч байгааг хүн бүр мэднэ. Тэгвэл Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс ханиад, томууны үед ууж хэрэглэх “Монфлю” бэлдмэлийг танилцуулсан. Байгалийн гаралтай, ханиадны эсрэг бэлдмэл нь амьсгалын замын үрэвслийн үед толгой өвдөх, бие жихүүцэх, хамраас нус гоожих, халуурахаас сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Импортоор орж ирэх эм бэлдмэлээс хямд бөгөөд нэг уут нь 1000 төгрөгийн үнэтэй.

Үүнээс гадна “Армоно” корпорацийн биомеханикийн шинжлэх ухаан, монгол хүний антропометрийн хэмжилтийн үндсэн дээр зохион бүтээсэн хөлийн тавхайн ачааллыг тэнцвэржүүлэгч улавч үзэсгэлэнд тавигдсан нь иргэдийн сонирхлыг ихээр татаж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэхүү улавчны дээд гадаргуу өлмийн ачааллыг бууруулж, бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн үнэр гаргахгүй, агаар нэвтрүүлж, чийг шингээх, дулаан хадгалах чадвартайгаас гадна ачааллыг жигд хуваарилах давуу талтай гэдгийг тайлбарлаж байсан юм.

Д.Энхжаргал: Одоогоор 450 гаруй төсөлд 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон

Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, доктор Д.Энхжаргал үзэсгэлэнгийн үеэр хийж хэрэгжүүлэхээр зорьж буй болон хэрэгжсэн төсөл, үзэсгэлэнгийн талаар тодруулга авснаа хүргэж байна.

-Шинжлэх ухаан технологийн сан өнөөдрийн байдлаар хэчнээн төсөл хэрэгжүүлээд байна вэ?

-Шинжлэх ухаан технологийн сан энэ онд 531 төсөл хэрэгжүүлэх зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар дээр төслүүдээ хэрэгжүүлээд явж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын байдлаар 450 гаруй төсөлд 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, гүйцэтгэл 85 хувьтай байгаа.

-Хууль эрх зүйн хувьд нэлээд олон төсөл өргөн баригдсан?

-Тийм ээ. Энэ жилийн хувьд шинжлэх ухааны салбарын хэмжээнд хэд хэдэн тогтоолын төсөл өргөн барьж батлуулж чадсан нь том амжилт гэж хэлэх байна. Шинжлэх ухааны салбарын хувьд 2018 он хөгжлийн бодлогоо тодорхойлсон онцлог жил болж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газар "Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого", "Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого"-ыг шинэчлэн батлаад хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр бодлогын баримт бичгүүд амжилттай хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц өрсөлдөх чадвартай болно. Мөн эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх замаар Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавихад чухал түлхэц болох юм.

-Энэ удаагийн үзэсгэлэнд хэдэн байгууллага оролцож, хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байгаа талаар?

-Үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн, их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч,  Улсын Гуравдугаар төв эмнэлэг, мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп оролцож байна. Мөн “Шинжлэх ухаанч хүүхэд" төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч "Дүүдүү” байгууллагын төлөөлөл гээд Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж  байна.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнүүдээс шилдгийг шалгаруулах бөгөөд тодорхой шалгууртай аж. Шалгарах бүтээхүүн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болохуйц нийгэм, засгийн эрэлт хэрэгцээ, үндэсний чадамж, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэлтэй, бүтээмж чансааны хувьд өндөр байх зэрэг үзүүлэлтийг хангасан байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны "Шилдэг бүтээгдэхүүн"-ийг хаалтын ажиллагааныхаа үеэр тодруулж, шагнал гардуулахаар болжээ.

сэтгэгдэл үлдээх