ХЭН ЮУ ХЭЛЭВ: Засгийн газрыг иргэд ингэж ДҮГНЭЖ байна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Өчигдөр Төрийн байгуулалатын байнгын хороо хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлаар санал хураахад, хуралд оролцсон нийт 16 гишүүний олонх нь буюу 62,5 хувь нь огцруулахыг дэмжсэн юм.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан шийдвэрийг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэх болж байна.

Төрийн ордонд УИХ-ын гишүүд болон улс төрийн намууд ээлжлэн хуралдаж, өөрсдийгөө өмөөрөн мэдээлэл хийж Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гэж талцан маргалдаж байна. Харин энэ асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг сонслоо. 

Иргэн: С.Одсүрэн: Ажлаа сайн хийж чадахгүй бол эртхэн зайгаа тавьж өгөх нь зөв 

Засгийн газар огцрох хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж чадахгүй байна шүү дээ. Тиймээс ч ард түмний амьдрал сайжрахгүй, доройтсоор байна. Иргэд ч их бухимдалтай болж байна. ЖДҮ-ээс зээл аваад улс оронд, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийсэн бол яахав дээ. Гэтэл тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө, жинхэнэ ЖДҮ-чдээс бизнес хийх боломжийг нь булаасан байгаа юм. Тэгэхээр У.Хүрэлсүх энэ сайдууддаа хариуцлага тооцож чадахгүй өөрийн ажлаа хийж чадахгүй бол эртхэн зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

Иргэн Г.Цоодол: У.Хүрэлсүх жүжиг тоглож байна

Засгийн газрыг огцруулна гээд яриад байх юм. Хамгийн гол нь ЖДҮ-ийг цэгцэлж байж дараа нь яригдах асуудал шүү дээ. Хамгийн эхлээд огцрох хүн нь Ерөнхийлөгч юм. Эв нэгдлийг илэрхийлэгч биш хагалан бутаргагч болчихлоо шүү дээ. Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга гэж нэг нөхөр “хумсаа нуусан муур шиг хүн” ерөнхийлөгч Х.Баттулгын цаана байна. Тэрнээс Х.Баттулгад өөрт нь мэдлэг байхгүй. Мөнгөнөөс өөр юм сэтгэдэггүй юм. 

Хэрэв Засгийн газар огцрох асуудлыг хэлэлцэж байгаа бол огцруулах хэрэгтэй. Сайдууд нь хүртэл зээл авчихсан байна шүү дээ. У.Хүрэлсүх худлаа жүжиг тоглоод байгаа юм. Шударга хүний дүрд тоглосон хүмүүс л хамгийн аюултай байдаг байхгүй юу. Үнэнийг хэлэхгүй байж Ерөнхийлөгчтэй хуйвалдаад өөрсдийгөө “шүдгүй арслан” гэж элдэв юм яриад л. Төрийн өндөрлөгүүд ингэж ярьдаг юм уу. Үгээ олж ярих хэрэгтэй. Үнэхээр хүчгүй, чадахгүй бол зайгаа тавиад өгөх хэрэгтэй.

Иргэн Ч.Эрдэнэчулуун: Цус сэлбэдэг шиг Засгийн газрыг бага багаар цэвэрлэж, сэлбэх хэрэгтэй

Засгийн газрыг огцруулах нь хоёр талтай асуудал. Хариулт нь ч гэсэн хоёр талтай. Ажиллаж чадахгүй байгаа Засгийн газрыг огцруулаад чадвартайг нь гаргах нь зүйн хэрэг. Нөгөө талаар бас нэг болгоомжлоод байгаа зүйл бол өнөөдөр эдийн засаг тиймхэн байна. Ард түмэн, нийгмийн төрх байдал ямар байгаа билээ. Яг ийм үед нийгмийг тогтворгүй байдалд оруулсан гэнэтийн өөрчлөлт, шийдвэр эерэг талаасаа илүүтэй сөргөөр нөлөөлдөг. Үнэнийг хэлэхэд бас л эгзэгтэй үед ирчихээд байна. Тиймээс одоогийн Засгийн газрыг яг огцруулах нь зөв гээд хэлчихэж чадахгүй. Тэгсэн хэрнээ чадамжгүй Засгийн газар байх нь бас дэмий гэж бодож байна. Тийм учраас энэ хоёрын завсрын оновчтой хувилбар хэрэгтэй болох байх. Огцорлоо гэхэд ялгавартай хандаж, чадваргүйг нь явуулж, чадах хэсгийг нь үлдээх хэрэгтэй. Засгийн газар хэдэн сайдтай байна. Тэдгээрээс ёс зүйгүй, хээл хахуульд автсан нөхдүүдийг “цэвэрлэх” хэрэгтэй. Хүний цусыг бүгдийг нь авчихаад шинээр оруулна гэвэл хүн үхчихнэ. Тиймээс бага багаар сэлбэдэг шүү дээ. Тийм л зарчмаар явбал зүгээр юм болов уу гэж боддог.

Иргэн Д.Эрдэнэдаваа: Засгийн газар тогтвортой ажиллаж байх нь ард түмэнд ашигтай

Засгийн газар тогтвортой ажиллаж байсан дээр шүү дээ. Сайдууд ЖДҮ гээд л янз бүрийн хэрэгт холбогдоод байгаа ч төр засаг нь тогтвортой байх нь ард түмэнд ашигтай. Засаг уналаа гэхэд дахиад шинийг сонгох гэж нэр дэвшүүлнэ, хориг тавина. Тэгээд л хэрэлдсээр он даваад, цагаан сар өнгөрөөд хэрэлдсээр хэзээ ч засаг тогтворжиж ажиллахыг мэдэхгүй байна. Эцсийн эцэст энэ засаг огцрох нь хэнд ашигтай юм бэ? Эрх мэдлийн төлөөх тэмцэл хэзээ ч сайн зүйл дагуулж байгаагүй.

 Х.Соёл-Эрдэнэ

сэтгэгдэл үлдээх

иргэн

  • [192.168.1.1]
  • 17 өдөр

ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ХҮРЭЛСҮХ САЙДЫГ ДЭМЖИНЭ,