ЦУОШГ, ОБЕГ-аас цаг уурын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэв

Энэ сарын 30-наас цасаар шуурч, цаг уурын гамшигт үзэгдэл болохыг ЦУОШГ-аас анхааруулав. Цаг агаарын онц үзэгдэл болохтой холбогдуулан ЦУОШГ, ОБЕГ хамтран дараах мэдээллийг хүргэж байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал, "Энэ сарын 30-наас ирэхсарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар, 12 дугаар сарын 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар,салхи секундэд 28-30 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхилна. Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Ирэх сарын  2-нд баруун аймгийн зүүн хэсгээр, төв, говь, зүүн аймгуудын нутгаар салхи 18-20 метр секунд, зарим үед 24 метр секунд хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Маргааш нөгөөдөртөө харьцангүй дулаан. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх сав нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Тэрэлж, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна" гэв.

 

 

ОБЕГ-ын мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, "ЦУОШГ-аас ирсэн мэдээллийг үндэслээд цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа үүсэх, авто зам, даваа хаагдах эрсдэл үүсэхтэй холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Цасан шуурга шуурах үе нь амралтын өдрийг дайрч байгаа тул боловсролын байгууллага, аймаг сумын Засаг дарга нарт тусгайлсан үүрэг чиглэл өгөв. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэд, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малаа ойрхон бэлчээрт гаргах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулав. Салхи шуурганы үеэр хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, шаардлага гарвал орон нутгийн хэмжээнд автозамын хязгаарлалт хийнэ. Мөн үүрэн телефоны 4 оператороор дамжуулж мессежээр цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээг иргэдэд хүргэнэ. Зам хаасан үед ажиллах АЗЗА-ын компаниудын техник тоног төхөөрөмж бэлэн байдалд хяналт тавьж ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд автозамын хөдөлгөөн байгууламжийг түр хугацаагаар хаах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Аюулт үзэгдэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж мэдээллийг цаг тухайд нь үнэн зөвөөр мэдээлэхийг Онцгой байдлын хүрээний болон тусгай мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл болгов" гэлээ.

сэтгэгдэл үлдээх