Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхтэйгээ үлдэж, Цэц Хэнтийн нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов

Өнгөрч буй долоо хоног улстөрийн үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Нэн ялангуяа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүнээс өргөн барьсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг намын бүлэг, Удирдах зөвлөл, байнгын хороо, чуулганаар хэлэлцэж, улмаар огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм. 

МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг Засгийн газраа хамгаалав

Өнгөрсөн мягмар гаригт МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв. Улмаар Удирдах зөвлөлөөс  нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд, огцруулах шаардлагагүй гэж үзжээ. 

Харин үүний дараа МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдаж, мөн л Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэх шийдвэрийг гаргасан юм. 

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн хурлын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн.

Байнгын хорооны гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналтай холбоотойгоор үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар санал хураахад хуралд оролцсон нийт 16 гишүүдийн олонх нь буюу 62,5 хувь нь огцруулахыг дэмжсэн билээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхтэйгээ үлдлээ

Ийнхүү өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, үг хэлсэн юм.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад хуралд оролцсон гишүүдийн олонх буюу  54.8 хувийн саналаар байнгын хорооны саналыг дэмжсэнгүй.

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудал УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдээгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм. 

Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа

Засгийн газрыг огцруулах эсэх асуудал яригдаж байсан ч Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болж, Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцна. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилах аж. 

Түүнчлэн Ерөнхий сайд нүүрс тээврийн 161 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилжээ. Мөн ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгч, Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо.

Шведэд суугаа Элчин сайд О.Энхцэцэг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчээ

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлын үеэр нэгэн ноцтой асуудал болсон Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийн асуудал байв. Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн Шведийн талаас 14 хоногийн дотор эх орноос нь буцахыг шаардсан хэмээн мэдээлэл цацагдсан. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингэхдээ ар гэрийн шалтгаан байгаа тул Монгол руу буцаж ирье гэсэн өргөдөл өгсөн" гэх тайлбар өгсөн билээ. 

Цэц нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд  Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцэж улмаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн  Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэв.

 Хуралдаанаас “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”,  “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”,  “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж Үндсэн хуульд  заасныг тус тус зөрчсөн тул энэхүү тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Мөн  Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн  УИХ-ын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгов.

УИХ-ын гишүүн асан Г-г хүчин хийхийг завдсан гэх өргөдөл цагдаагийн байгууллагад иржээ

УИХ-ын гишүүн асан Г хүчин хийхийг завдсан гэх өргөдөл ХУД-ын цагдаагийн хэлтэст иржээ.  Тодруулбал,  Энэ сарын 26-27 нд шилжих шөнө ХУД-т байрлах “Вива сити” орон сууцны хорооллын М байранд 28 настай эмэгтэй Э хүчиндүүлэхийг завдлаа гэх гомдол гаргасан байна. Гомдолдоо УИХ-ын гишүүн асан Г, /31 настай/ түүний найз Э /31 настай/ нар бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх утгатай өргөдөл гаргасан байна. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Өргөдөл ирсэн нь үнэн. Шалгаж байна" гэсэн хариулт өглөө.

Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Шинжээчид “Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар гэмт хэргийн ул мѳр илрээгүй” хэмээн үзсэн бөгөөд хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, тэмдэглэл хѳтѳлж хэрэг бүртгэл нээсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: zaluu.com Б.Анир

сэтгэгдэл үлдээх