Я.Содбаатар: Би өргөдлөө өгье гэж хэлж байсан ч Ерөнхий сайд хууль зөрчөөгүй гээд хүлээж авч байгаагүй

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-тай холбогдсон тул ёсзүйн хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс энэ талаар өөрөөс нь тодруулллаа. 

-Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Энэ талаараа тодруулахгүй юу? 

-ЖДҮХС-тай нэр холбогдсон тул ёсзүйн хариуцлагаа хүлээж, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өглөө. Миний хамаарал бүхий ААН Монгол Улсын хуулийн дагуу ЖДҮХС-гийн зээлд хамрагдсан. Авсан зээлээрээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, мөн зээлээ эргүүлэн бүрэн төлсөн байгаа. Хэдийгээр хууль зөрчөөгүй ч улстөрчийн хувьд өнөөгийн улстөрийн нөхцөл байдлыг үнэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга ёсны тэмцлийг дэмжиж, ийм алхам хийж байна. Цаашдаа гишүүнийхээ хувьд сонгогчдынхоо итгэлийг хүлээж ажиллана. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдчих байх. 

-Та авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан уу? 

-Тийм. Манай гэр бүлийн хүн авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаад Цэцэрлэгт хүрээлэнгийн ард 30 гаруй ажлын байр бий болгоод 20 хүүхэд асардаг сувилал байгуулаад ажиллаж байна. Ер нь энэ дуулиан дунд ЖДҮ-ээс зээл авсан компаниудын үйл ажиллагааг харлуулж, хууль бус мэт хандлага давалгаа хандлага их явууллаа. Одоо энэ Үнэ тогтворжуулах, Бонд, Хөгжлийн банкнаас мөнгө завшсан улстөрчид, хамаарал бүхий компаниудаар зээл авсан хүмүүсийн асуудлыг шийдэх хэрэгтэй. 

-Таныг хувьд ББСБ-тай гээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу? 

-Миний ХОМ-т бүгд байгаа. ББСБ-ын 25 хувийг эзэмшдэг. 

-Та эхнэрээ зээл авахад ямар нэг байгууллагаар нөлөөлсөн үү? 

-Нөлөөлөөгүй. Үүнийг хууль хяналтынхан шалгах байх. 

-Та анх ЖДҮХС-тай холбоотой асуудал дэгдэж, таныг ажлаа өгөхийг олон түмэн шаардахад л ёсзүйн хариуцлагаа хүлээж болоогүй юм уу? 

-ЖДҮХС-гийн асуудал бол зүгээр л шалтаг. Би ЖДҮХС-гийн асуудал анх гарахад л Ерөнхий сайдад өргөдлөө өгье гэдгээ хэлсэн. Тэгэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэгэн хууль зөрчөөгүй, салбар дээр нь асуудал гараагүй учир чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэж байсан. 

Б.Анир 

сэтгэгдэл үлдээх