ӨДРИЙН ТОЙМ: Ж.Батзандан намгүй үлдэж, У.Хүрэлсүхийн танхимд “цэвэрлэгээ” эхлэв

Энэ өвлийн улс төр Засгийн газрыг авч үлдсэнээр “ханиад” халуурал нь намжихгүй бололтой. Ер нь угаасаа ч ийм дүр  төрх харагдаж байсан билээ.

Ерөнхий сайдын хувьд асуудал ард нь биш урд нь хүлээж байна. Түүний “цэвэрлэгээ” одоо танхимдаа үргэлжлэх нь  тодорхой болчихлоо. Энэ цэвэрлэгээнд эхлэн өртөж байгаа  сайд нарын нэрийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээллээ. Тэдгээр нь Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нар.

Зам Тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Я.Содбаатарыг ЖДҮ-гийн сүүдэр хамгийн түрүүнд дайрч тэрбээр өөрийн хамаарал бүхий компанидаа 2 тэрбум орчим төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Сайдын суудлаа сэлгэх хангалтай шалтгаан энэ бөгөөд  мань эрийн тухайд Засгийн газраа хөмруулчих шахсан шалтгаан үндэслэлийн нэг болсон билээ.  Тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж сайдын үүрэгт ажлаа өгөхөөр өргөдөл гаргажээ.

Харин БСШУС-ны сайд Ц.Цогзолмаагийн хувьд Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурж “гэнэ алдсан.” Түүнийг  Засгийн газрын тухай хуулийн танхимаар ажиллах заалтуудыг үндэслэн, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Ерөнхий сайд гаргажээ. Гэхдээ сайдуудыг чөлөөлөх асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа аж.

Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдах ёстой байсан ч МАН-ын бүлэг хуралдсангүй. Харин АН-ын бүлэг хуралдаж улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэж,  өнгөрөгч Баасан гарагийн УИХ-ын чуулганд Засгийн газрыг огцруулах асуудлаар  намын бүлгийн шийдэрийг зөрчсөн гишүүдийн асуудлыг хэлэлцжээ. Энэ нь  бүлгийн шийдвэрийг  зөрчиж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжиж  “том толгой” гаргасан Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын тухай юм.

Өнөөдөр өглөө АН-ын дүрмийн хороо мөн энэ асуудлаар хуралдаж  нэр бүхий гурван гишүүнд хариуцлага хүлээлгэх санал гаргасныг АН-ын дарга С.Эрдэнэ батламжилсан  бөгөөд энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаагаар хасч, харин Л.Болд, Д.Мурат нарыг мөн 4 жилийн хугацаанд АН-аас УИХ-д нэр дэвшүүлэхгүй байхаар улс төрийн хариуцлага ногдуулснаа мэдээллээ.  

Ингэснээр УИХ дахь  АН-ын бүлэг ч бас дотроо хуваагдаж бүлгийн хэмжээнд ажиллаж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болж байна. Учир нь Ж.Батзандангаас гадна Л.Болд  мөн бүлгээс гарна гэдгээ мэдэгдээд байна.

Иргэний нийгмийн байгууллагуудын улс төр энэ жилийн тухайд хавар бус дүн өвлөөр идэвхждэг болжээ. Өнөөдөр “Гал Үндэстэн”, “Их цааз-Их эргэлт” хөдөлгөөнийхэн “Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу” сэдэвтэй  хэвлэлийн бага хурал хийж,  УИХ-ыг тарахыг шаардлаа.

Ц.Мөнхбаяр “Засгийн газрыг унагаалгүй үлдээсэнд хүмүүс хөөрөөд байна. Энд хөөрөх юм байхгүй шүү дээ. Бүлэглэл хоорондын мөргөлдөөн л болоод өнгөрсөн. Гэвч өнөөдөр улс оршихуйн үндэс, газар нутгийн бүрэн эрхт байдлын 50 орчим хувь нь барьцаалагдчихаад байна. Тиймээс бид УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байна” гэв.   

 Тэд  УИХ-ыг 14 хоногийн дотор шийдвэрээ гаргаж, ард түмнээсээ санал асуух ёстой гэж үзэж байна” гээд Ерөнхий сайдад хамтран ажиллах санал хүргүүлж байгаа гэлээ. Бас л нэг улс төр яваад байгаа бололтой.

М.Нэргүй

сэтгэгдэл үлдээх