Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 11.00 цагт болох Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн  “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг батлах тухай, “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай”,  “УИХ,Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг тогтоох тухай, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ийг батлах тухай,“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Түүнчлэн 15.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Монгол, Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцэж, Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах аж.

сэтгэгдэл үлдээх