С.Батболдыг хэн орлох вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн шийдвэр гаргаж, хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн хуралдаанаар хотын даргыг огцруулах шийдвэр гаргаж, НИТХ хэлэлцэхээр хэд хэдэн удаагийн хуралдаан зарласан боловч тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн удаатай.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа нийслэл гэх том айлыг удирдуулахаар С.Батболдыг томилсон. Түүний өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн ажилд алдаа, оноо байгаа эсэхэд нийслэлчүүд дүнгээ тавих биз ээ.

Гэхдээ 2020 оны сонгууль хүртэл буюу ирэх хоёр жилийн хугацаанд нийслэлийг хэн удирдах вэ гэдэгт улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийслэлчүүд чих тавин хүлээж байна. Хотын дарга С.Батболдыг орлох магадлалтай, улс төрийн хүрээнд дэмжлэг өндөртэй хүн бол одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайхан. Өрсөлдөгч нар ч олон бий. Хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг нь хотын орлогч асан Б.Мөнхбаатар юм.

С.Амарсайханы хувьд Ц.Сандуйгийн орыг залгаж, НИТХ-ыг удирдаж буй. Түүний хувьд одоогийн НИТХ доторх хамгийн тохиромжтой, тохироотой хүний нэг гэгдэж буй. НИТХ-ын гишүүд дундаа ч С.Амарсайханыг буюу дотроосоо хотын даргаа томилох нь зүйтэй гэсэн яриа хөөрөөг ил, далдаар хийх болсон. Гэхдээ намын “ах” нарын дунд яригдаж буй хамгийн боломжтой хувилбарын нэг нь Б.Мөнхбаатар болж байна. Өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, У.Хүрэлсүхийн “хүн” гэгддэг. Түүнээс гадна нийслэлийн МАН дотор бас сэлгээ хийх тухай яригдаж буй бололтой. Хотын дарга, НИТХ-ын дарга хоёрыг У.Хүрэлсүхийн хүнээр томилох асуудал ч яригджээ. Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгаланг НИТХ-ын даргаар, Б.Мөнхбаатарыг хотын даргаар томилох хувилбар ч байгаа гэнэ. Тэднийг хамтад нь зүтгүүлж, 2020 онд нийслэлийн МАН-д том ялалт авчрах үүрэг өгөх тохироо ч яригджээ. Тэгэхээр энэ бүхэн одоогоор эцэслэн шийдэгдээгүй, МАН-ын удирдлагууд ямар шийдвэр гаргахаас бүх зүйл хамаарна. Гэхдээ дараагийн хотын даргад өрсөлдөх гол хүмүүс нь Б.Мөнхбаатар болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нар юм.

Одоогоор МАН-ын удирдлагууд хотын даргад хэнийг томилох вэ гэдэг дээр эцэслэн санал нэгдээгүй, Удирдах зөвлөл ч хуралдаагүй байна. Хэрэв дараагийн Хотын даргыг томилохоор бол МАН-ынхан тохиролцсоны дараа, Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргах юм. Үүний дараа Удирдах зөвлөл дэмжсэн хүнийг НИТХ-д өргөн барьснаар томилогдох учиртай. Харин өнөөдөр НИТХ хуралдана, 2019 оны хотын төсвийг баталчихаад хотын даргыг томилох асуудал ярина гэх мэдээлэл бий.

ЭХ СУРВАЛЖ: www.news.mn Ш.ЧИМЭГ

сэтгэгдэл үлдээх