Дижитал соёлын "довтолгоо"

Хүн төрөлхтөн эдүгээ аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын ид үед, тоон технологийн III давалгаан дээр явж байна. Улс орон бүр интернетэд суурилсан хөгжлөөс датад суурилсан хөгжил рүү шилжиж байна. Энэхүү дижитал шилжилтийн үр дүнд дижитал (цахим гэж орчуулдаг ч, утгыг нь бүрэн илэрхийлдэггүй) эдийн засаг, дижитал нийгэм бүрдэж байна.

Хиймэл хүн (robot) эдүгээ өөрөө боддог, сурдаг, шийдвэр гаргадаг болж (AI Artificial intelligence буюу хиймэл оюун ухаантай) хүний хөдөлмөрийг орлож эхэллээ. Энэ тухай жолоочгүй машин, үйлчлэгчгүй зочид буудал, худалдагчгүй дэлгүүр нээгдлээ гэх зэргээр бараг өдөр бүр шинэ мэдээ дэлхий дээр болж байна. Интернеттэй холбоотой бүх хэрэгслүүд хоорондоо харилцаж (IOT буюу Internet of Things) хүний ажиллах, амьдрах орчинг улам тав тухтай болгож, хөдөлмөрийн бүтээмжид хувьсгалт өөрчлөлт авчирч байна.

Дэлхийн хамгийн том такси үйлчилгээний компани таксигүй (UBER), хамгийн том зочид буудлын сүлжээ буудалгүй (Airbnb), хамгийн том кино театр театргүй (Netflix) байна. Дэлхийн хамгийн том “үндэстнийг” 2.2 тэрбум “иргэнтэй” Facebook тэргүүлж, 1.4 тэрбум хүнтэй Хятад удаалж байна.

Энэ бүх өөрчлөлтүүд монголд яаж тусч байгаа, юунд анхаарах тухай өнгөрсөн долоо хоногт болсон “Дижитал Монгол 2018” чуулганд оролцоод хийсэн дүгнэлтээ дэд бүтэц, интернэтийн хүртээмж ба хэрэглээ талаас нь багцлан уншигчдадаа хүргэж байна.

ДИЖИТАЛ ДЭД БҮТЭЦ 

Өнөөдөр манай улсын хүн ам 3.1 сая, тэдний 73 хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Нийгмийн сүлжээг 2.3 сая хэрэглэгч ашиглаж байгаа бол, гар утас эзэмшдэг 4 сая хэрэглэгчийн 2.8 сая нь үүрэн интернет ашиглаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр монголын хэрэглэгчид дөрвөн операторын (Mobicom, Unitel, Skytel, G-Mobile) 3G, 4G үйлчилгээгээр дамжуулан улс дотроо 2018 оны эхний хагас жилд нийт 27.3 терабит өгөгдөл (data) үүсгэсэн бөгөөд энэ тоо жилд дунджаар 25 хувиар өсөж иржээ. Монголоос гадаад орнууд руу гурван оператороор (Mobicom, Gemnet, Мэдээлэл Холбооны сүлжээ ТӨХК) дамжуулан 140 Гбит/сек хурдтайгаар дата гаргадаг ажээ.

Гэхдээ энэ их өгөгдлийг (дата) бүгдийг нь хадгалж, солилцож болдог, зарим нь нээлттэй (төрийн болон бусад үйлчилгээний) бол, зарим нь хаалттай (хувь хүнийх) учир тэдгээрийг ялгах, хамгаалах шаардлагатай. Датаг аюулгүй хадгалах, хувь хүний датаг хамгаалах, эзнээс нь зөвшөөрөлгүйгээр төр ашиглахгүй байх, датагийн байршил, дэд бүтцийг зохистой шийдэх, нэгдсэн стандарттай байх, шударга өрсөлдөөнийг дэмжих зэрэг үйл ажиллагаа энэ салбарт тасралтгүй явагдах ёстой ажээ.

Улс орны дижитал дэд бүтцийн хөгжлийн түвшинг биет байгууламжаас гадна иргэд нь яаж холбогдсоноор хэмжих санаачилгыг (www.connectivity.fb.com) Facebook компани гаргажээ. Интернетэд холбогдоход ямар саад байгааг олдоц (availability), үйлчилгээний үнэ (affordability), мэдсэн эсэх (awareness) зэрэг гурван хүчин зүйлээр хэмжвэл дижитал дэвшлийг хүн бүрт хүртээхэд чухал нөлөөтэй байна.

ИНТЕРНЕТИЙН ХҮРТЭЭМЖ

Дижитал үндэстэн байх нь монгол хүн бүрт ямар ашигтай болохыг иргэд сайн ойлгож мэдэх, амьдралын чанар, түвшингээ дээшлүүлэхэд ашиглах боломж, шаардлага өссөөр байна. Монголын дижитал хөгжлийн түвшин ямар байгааг 3i индексээр хэмжиж бусад оронтой харьцуулсан тайлан саяхан гарчээ.

Facebook компаниас хоёр дахь жилдээ гаргаж буй Inclusive Internet Index (3i) буюу интернетийн хүртээмжийн индексээр Монгол улс 86 орноос 42-т оржээ. Дөрвөн үзүүлэлтээр тухайлбал: интернетийн олдцоор (availability) 50-д, үнэ өртгөөрөө (affordability) 10-д, хамаарлаараа (relevance) 38-д, бэлэн байдлаараа (readiness) 72-т жагссаны дундаж дүн нь 42. Бэлэн байдал гэдэгт цахим тайлагдал (59), итгэл ба аюулгүй байдал (86), төрийн бодлого (48) гэсэн гурван бүлэг үзүүлэлт ордог.

Яагаад интернетийн итгэл ба аюулгүй байдлаар дэлхийд сүүл мушгисныг хөөж харвал Монгол улс нууцлалын зохицуулалтаар 71-д, онлайн нууцлал 85-д, засгийн газрын сайт ба апп-д итгэх итгэл 15-д, засгийн бус байгууллагуудын сайт ба апп 82-т, нийгмийн сүлжээний мэдээлэлд итгэх 60-д, цахим худалдааны аюулгүй байдал 81-д орсныг энэ сайтаас https://theinclusiveinternet.eiu.com/ харж болно.

Монголчуудын дижитал хэрэглээг судалсан ММСG ХХК-ийн мэдээлснээр 2017 онд 1.7 сая хүн интернет хэрэглэсний 81 хувь нь сошиал мэдээ ашигласан нь 2014 онтой харьцуулахад 2 дахин өсжээ. Тэдний 80 хувь нь Facebook, 75 нь Facebook messenger, 39 нь Youtube, 18 нь Instagram, 17 нь Yahoo, 14 нь Wechat, 8 нь Twitter, 4 нь Viber, 4 хувь нь Skype апп ашигладаг ажээ.

Гэтэл эдгээр апп-ыг групп болж мэдээлэл солилцох, мэдээ унших, хов жив хөөхөд түлхүү ашиглаж байгаа бол, тэднийг бизнестээ ашигласан, ядаж төлбөрийн хэрэгсэл болгох ажил монголд эхлэл төдий байна. Хятадад бүх төрлийн бичгээр болон дуу авиа, дүрс бичлэгээр харилцах, олон янзын төлбөр төлөх хэрэгцээндээ wechat апп-ыг бараг хүн бүр ашиглах болжээ. Такси, зочид буудал, дуудлагын хоол, үзвэр зэргийг урьдчилан захиалж төлж байна. Эсвэл Alipay-аар дамжуулан бас энэ бүх үйлчилгээг гар утсаараа авахаас гадна нэмээд интернет дэлгүүрээс худалдан авалт хийж байна. Шанхайд хотын гудамжид гуйлгачин QR кодоо томоор хэвлээд гуйлга гуйж байна.

КОМПАНИТ АЖИЛ

Монгол улсад бидний хөгжлийг хойш нь татаж буй, дээрх 3i тайланд туссан асуудлуудыг судалж, арилгаж чадвал төлбөр, захиалга зэрэг ахуйн болон хувь хүний хэрэглээнээс гадна төр засгийн маш олон үйлчилгээний апп зохиож хэрэгжүүлэх боломж байна. Эстони шиг гар утасны дугаар нь хувь хүний үнэмлэхийн дугаар нь болдог, цахим гарын үсгээ баталгаажуулдаг давхар кодтой болчихвол бүх төрлийн сонгууль, санал асуулгыг ч гар утсаар нь явуулж хэдэн арван тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж болно. Жишээ нь Засгийн газрын мэдээлэл нь ил тод байсан бол, ЖДҮ-ийг хөгжүүлэх мөнгийг сайд дарга нар нь завших боломж гарахгүй байх байлаа.

Монголчууд бид 1959 онд Ардын Хувьсгалын 40 жилийн ойг угтан хоёр жилийн “соёлын довтолгооны компанит ажил зохиож хүн бүрийг оо, сойз, орны даавуу, гар амны алчуур хэрэглүүлж сургасан шиг, эдүгээ дижитал соёлын “довтолгоо” хийх шаардлагатай байна.

De Facto:Д.ЖАРГАЛСАЙХАН

сэтгэгдэл үлдээх