“ХӨДӨЛМӨР”- сонин 90 жил

Монгол улсын ууган хэвлэлүүдтэй зэрэгцэн жирийн иргэд, хөдөлмөрчин түмэн, ҮЭ-ийн дуу хоолой болж гарч ирсэн, Монгол улсын хөгжлийн бүх л үе шатны түүхэн гэрч болсон хөдөлмөр сонин өдгөө 90 жилийнхээ босгон дээр орчин цагтайгаа нийцсэн нийтлэлийн шинэ бодлого, шинэ өнгө төрхтэйгээр түүхт ойтойгоо золгож байна.МАХН-ын Төв Хороо шинэ тутам байгуулагдаж байсан ҮЭ-ийг сурталчлах, соёл, хүмүүжлийн ажлыг сайжруулах, зохион байгуулалтыг улам бэхжүүлэх өөрийн хэвлэлтэй болох асуудлыг санаачилсан ба  1928 оноос “Бүх монголын улаан үйлдвэрчин” гэдэг сэтгүүлтэй болж анхны дугаар нь 8 дугаар сард хэвлэгдэн гарчээ. Энэ оноос Үнэн сонины хавсрага болж ҮЭ-ийн анхны сонин  “Монгол ажилчны сонин” хэвлэгдсэн байна. “Хөдөлмөр” сонинг 1946 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 7 хоногт 2 удаа 5000 хувиар , 1947 оны 10 сарын 10 нд Улс Төрийн Товчооны тогтоол ёсоор ҮЭ-ийн “Хөдөлмөр” сонины газрыг байгуулж сонины эрхлэгчээр нь О.Тлейханыг баталжээ. “Хөдөлмөр” сонины анхны дугаар гарсан нь ажилчид, хөдөлмөрчдийн оюуны амьдралд чухал үйл явдал болсон байна.

 1956 он гэхэд “Хөдөлмөр” сонин А-3 хэмжээтэйгээр  7 хоногт 5 удаа гарч байсан бөгөөд дугаар бүрийг 55 мянган хувиар хэвлэдэг байжээ.Харин 1958 оноос сонин А-2 хэмжээтэй болж долоо хоногт 3 удаа 60 гаруй мянган хувиар хэвлэгдэх болсон байна. Тухайн үед тус сонины хариуцлагатай эрхлэгчээр Даржаа, орлогч эрхлэгчээр Бавууцэрэн нар ажиллаж байжээ.Сонины эх бэлтгэх, өрөх, хянах,хэв авах, хэвлэх зэрэг бүх ажиллагааг гараар хийдэг, шат дамжлага ихтэй байсан ч нийтлэлийн бодлого, ажлын хариуцлага, хэвлэлийн чанарт маш анхаарч ажиллаж байсан байна. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн хэвлэл “Хөдөлмөр” сонины  50 жилийн ойгоор тус сонинг /1978 – 10 – 26 / Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон мөн 10 мянга дахь дугаар гарч байгаатай холбогдуулан /1986 – 04 – 14 / Сүхбаатарын одонгоор шагнажээ.

 “Хөдөлмөр” сонин бол МҮЭ хэмээх энэ их айлын түүхийн сан хөмрөг, Монголын эгэл жирийн хөдөлмөрчин хүний эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн үе үеийн сэхээтнүүд, ахмад ажилтнууд үе үеийн төлөөллүүдийн хөдөлмөрийн үр шим, оюуны үнэт бүтээл билээ. Хөдөлмөр сонин байгуулагдсан цагаас хойш сонины идэвхтэн бичигчдийн буланг ажиллуулж ирсэн бөгөөд хөдөө орон нутаг, аймаг бүрт идэвхтэн бичигч нартай байсан нь тус сонины бас нэгэн онцлог юм. Сэтгүүлч судлаач Галаарид, Цэнддоо нараас гадна  олон идэвхитэн бичигч нар улс орны өнцөг булан бүрээс жирийн хүмүүсийн аж амьдрал, нийгмийн байдлын талаар сонирхолтой нийтлэл сурвалжлага илгээдэг байжээ. Үүнд ЗХУ-ын өөрчлөн байгуулалт, түүнд хандаж буй сэтгүүлчдийн хандлага ч нөлөөлжээ. Сонины нийтлэлийн бодлого аажмаар шинэчлэгдэж нийгэм, цаг үеэ мэдэрсэн, нэг намын үзэр суртлын хана хэрмийг давж сэтгэсэн, алдаа дутагдлыг соргогоор мэдэрч шүүмжилсэн нийтлэл сурвалжлагууд гарч эхэлсэн нь уншигч захиалагчийн тоог ч нэмэгдүүлжээ. Уншигч дэмжигчдийг хамруулсан ” Пүрэв гариг”, “Арга барил” тэргүүн туршлагын сургууль, “хөдөлмөр” уншигч хөдөлмөрчдийн уулзалт зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулснаар 1989 оны сүүл гэхэд уншигчийн тоо 173 мянгад хүрч байжээ. Энэ үед сэтгүүлчээр Ленинградын их сургуулийг төгсөж ирсэн Э.Сонинтогос, Ц.Ганболд, яруу найрагч Оюун, Сарантуяа, Туяа нар ажиллаж байсан байна.

1989-1990 онд  улс орон ардчилсан хувьсгалын  их давалгаанд өртлөө. Энэ үеэс хөдөлмөр сонины эрхлэгчээр хурц дайчин зантай, өндөр боловсролтой сэтгүүлч Жамбалдорж ажиллах болсон байна. 1989 оны 12 сарын 19 нд болсон Ардчилсан холбооны анхны цуглааны талаар Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас ганцхан хөдөлмөр сонин ярилцлага сурвалжлага нийтэлсэн байлаа. Энэ үед тус сонины сурвалжлагчаар ажиллаж байсан С.Амарсанаа Ардчилсан холбооны ажилд идэвхитэй оролцдог, анхдагчдийн нэг байжээ.

 2018 онд МҮЭХ-ийн Ерөнхий зөвлөлийн шийдвэрээр Хөдөлмөр сониныг тус холбооны Төв хэвлэл, 10 хоног тутмын сонин болгож дахин гаргахаар шийдвэрлэж эрхлэгчээр Б.Хосбаярыг томилжээ. Цаг үе хувьсан өөрчлөгдөвч хүн, хөдөлмөр хоёр салшгүй учраас “Хөдөлмөр”-ийн буухиа зуун зуунаар дамжин өртөөлсөөр байхын ерөөл өргөе.

сэтгэгдэл үлдээх