Үр хүүхэд минь өдөр бүр ханиалгаж, хорт УТААНД хордож байгааг харах хэцүү байна

Жил бүрийн яг энэ үед “Агаарын бохирдол өндөр, стандартаас давсан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэх өнөө хэдэн үгс чих дэлсдэг.

Энэ жил ч мөн адил утааны тухай яриа газар авч, бүр гамшгийн хэмжээнд хүрсэн талаар амтай болгон нь ярьж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн өнгөрсөн хугацаанд олон тэрбум төгрөг зарцуулсан ч энэ нь дорвитой үр дүнд хүрэхгүй, жил ирэх тусам агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж, үүнтэй холбоотой хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн энэ байдалд хүрлээ.

Одоо бол нийслэлчүүд бараг урдах замаа харахааргүй саарал утаан дунд амьдарч байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч хүн амынх нь тал илүү хувь оршин сууж амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх нь зөрчигдөөд удаж байна.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүд утааг байх ёстой юм шиг санаж хорт утаан дундаа чимээгүйхэн амьдарсаар ирсэн. Ингэж явсаар өнөөдөр асуудал хүндэрч утаа өөрсдийнхөн болон хүүхдүүдийнхэн амь нас, эрүүл мэндэд заналхийлж эхэллээ.

Тэр ч утгаараа өнөөдөр бараг л хүн болгон утааны талаарх сэтгэгдлээ цахим ертөнтөд илэрхийлж, бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байна.

Тиймээс бид утааны талаарх иргэдийн байр суурийг сонссон юм.

М.Отгонмандах: Хөдөө эсвэл гадаадад гарч амьдрахаас өөр аргагүй болж байна

-Утаа үнэхээр гамшигийн хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Гэтэл дээр байгаа хүмүүс дотор сандал ширээ булаацалдахаас өөрөөр монголынхоо ирээдүйд зовж байгаа хүн байна уу. Эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн үндсэн хуулинд заасан эрх эдлэх энэ тэр бүр байхгүй болж. Болдогсон бол хөдөө эсвэл гадаадад гарч амьдрахаас өөр аргагүй болж байна. Биднийг ер нь яаж амьдар гээд байгааг ойлгохоо байлаа.

 

Т.Цогтбаяр: Гэр хороолол руу дэд бүтцийг нь тавиад өгчихвөл, иргэд өөрсдөө орон сууцаа бариад суучихна

-Гэр хороолол руу дэд бүтцийг нь тавиад өгчихвөл, иргэд өөрсдөө орон сууцаа бариад суучихна. Тэгхээр, тохилог амины орон сууцны хорооллуудтай, цэвэрхэн, утаагүй Улаанбаатар болно. Бусад орнууд тэгж л амьдардаг. Эрдэмтэт цуглараад, тархиа гашилгаад байх ч асуудал уг нь биш. Даан ч ажлаа мэдэхгүй, чадваргүй, сэтгэлгүй хүмүүс албан тушаалд мөнгөөр гарчихаад, тэр мөнгөө хэд дахин үржүүлж авахаа л тооцоолоод суухаар, ажил яаж урагшилж, утаа яаж буурах вэ дээ.

Э.Эрдэнэцэцэг: Гэр хороолол руу халуун дулаан татаад өгөөч ээ

-Хүн болгон өөрсдөө болон үр хүүхдээ эрүүл байлгахыг л бодно. Тэр их мөнгөөрөө гэр хорооллын дэд бүцтийг шийдчихсэн бол өнөөдөр ийм нөхцөл байдал хүрэхгүй шүү дээ. Тиймээс гэр хорооллууд руу халуун дулаан татаад өгөөч ээ гэж хүсмээр байна. Тэгвэл хэн хүнгүй байр сав бариад суумаар л байна шүү дээ. Яагаад хэнд ч ойлгомжтой үл бүтэх юм хийгээд байдаг юм бэ. 

Н.Наранцэцэг: Үр хүүхэд минь өдөр бүр ханиалгаж, хорт УТААНД хордож байгааг харах үнэхээр хэцүү байна

-Утааг багасгах гэж олон жил янз янзын л ажил хийлээ. Гэхдээ гал түлэх л юм бол утаа гарна гэсэн энгийн юмыг ойлгохгүй байх шиг. Шүүсэн ч гэсэн утаа агаарт цацагдах л болно. Үүний оронд цахилгааныг л сайн ашиглах хэрэгтэй. Өвлийн саруудад үнийг нь хөнгөлөөд цахилгаан халаагуур өгвөл нэмэртэй байх. Ядаж л утаа гарахгүй шүү дээ. Оройдоо утаатай байдаг болсон байна лээ. Дулаан байхад ийм байгаа юм чинь өвөл болохоор бүр ихэснэ. Арга хэмжээ авч байна гэдэг ч утаа багасахгүй байна. Үүнээс болоод үр хүүхэд минь өдөр бүр ханиалгаж, хорт УТААНД хордож байгааг харах үнэхээр хэцүү байна.

Д.Цогбадрах: Утаа арай хэтэрч хамгийн дээд цэгтээ хүрч тэсэхээ болиод байна

-Утаа арай хэтэрч хамгийн дээд цэгтээ хүрч тэсэхээ болиод байна. Тэр их мөнгийг утаанд зарсан гээд байгаа. Гэтэл багасах байтугай улам ихдэж үр хүүхдийг минь хордуулж хүн бүхэнд л хор нь мэдрэгдэж байна.  Тэр мөнгөөрөө шууд орон сууц барьж гэр хорооллын хашаа байшин газрыг нь авсан бол, мөн орон сууц барьж түрээсээр өгөх, эсвэл мкв-ыг нь зах зээлээс 50 хувьд хямд зарсан бол өөр үр дүн гарах байлаа.

сэтгэгдэл үлдээх