У.Хүрэлсүх: Та УИХ-ын даргын ажлаа өг, би Ерөнхий Сайдын ажлаа өгье

МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дуусч III Бага хурал үргэлжлэн хуралдаж эхэлжээ. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн байна. 

Тэрээр : “Намын Удирдах зөвлөл сая хуралдлаа. Асуудлыг нэлээд нухацтай олон талаас нь ярьж, санал бодлоо  солилцлоо. Ний нуугүй ч хэлэлцлээ. УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахиж тавьсан. Энэ асуудлыг тойрч намын удирдах зөвлөлийн гишүүд нэлээдгүй их ярьлаа. УИХ-ын 40 гишүүн ажил хаясан, чуулган бойкотод орсон, гарын үсэг зурсан 40 гишүүн цаашид УИХ-ын чуулганд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлээд хэвлэл мэдээллээр цацсан, нөхцөл байдал хүнд байгаа. Энэ байдал цаашаа үргэлжлэх нь тодорхой болчихсон байна. Тийм учраас намынхаа эв нэгдлийг бодоод дараа дараагийн сонгууль, олон нийтийн уур амьсгал шахалт улстөрийн нөхцөл байдлыг М.Энхболд дарга дахин тооцож үзэж тавьсан шаардлагыг хүлээгээд авбал яасан юм гэдгийг нэлээдгүй ярьлаа. УИХ-ын дарга маань энэ асуудлыг хүлээж авах боломжгүй хууль дүрмийнхээ дагуу шийднэ биз дээ гэсэн байр суурьтай байна.

 

Мөн хаалттай хуралдаан явж байгаа учраас би хэлэхийг хүсч байна.

Бид хоёр бас уулзсан. Олон жил нөхөрлөсөн энэ намын хүнд хэцүү цагт хамтдаа явсан найз нөхдийн хувьд,журмын нөхдийн хувьд би бас намын даргын хувьд уулзаж УИХ-ын даргын ажлаа өгвөл яасан юм бэ? Өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдвөл яасан юм бэ гэж хүсэлт тавьсан. Надад дээрхи хариултаа бас хэлсэн. 

 

Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна их хурлын гишүүдийн санаа бодол байна, аль алиныг нь хүндэтгэж үзээд бүр болохгүй бол хоёулаа хамтдаа ажлаа өгье гэж хэлж үзлээ.

Та Их хурлын даргын ажлаа өгчих, би Ерөнхий сайдынхаа ажлаа өгье. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаг, намын дотоод эв нэгдэл хадгалагдаж үлдэг, 37:27 болоод байгаа их хурлын гишүүд нь сэтгэл нь амраг, хоорондоо эв эеийг олоод явбал яасан юм бэ гэдэг асуудлыг Их хурлын даргад тавьсан.

 

Хоёулаа олон жил улстөрийн ажил хийсэн. Авч ч байлаа, өгч ч байлаа том эрх ашгаа бодоод ийм шийдвэр гаргавал ямар вэ? Ийм саналыг би танд тавьж байна гэж хэллээ. Их хурлын дарга маань үүнийг хүлээн авах боломжгүй гэж хэллээ. Ингээд бидний уулзалт ярианы сэдэв ерөнхийдөө хаагдлаа. Тийм учраас намын бага хурал дээр намын даргын тавьсан, оруулж ирсэн хүсэлтийн дагуу намын бага хурал улстөрийн тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй байх гэж бодож байна. Энийг би Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэж бодож байгаа” гэжээ. 

Ингээд МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг дэмжсэн тогтоол гаргасан байна. 

сэтгэгдэл үлдээх