МАН-ын БАГА ХУРАЛ| Хувийн компанийн оффист манай намын томилгоог зурж байна

АН-ын XXVIII Их хурлын III Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлын үдээс өмнөх хуралдааны мэдээллийг нэгтгэн, хүргэж байна. 

15.40 цагийн мэдээ: У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна

 

Тусгаар тогтнолын ордонд болж байгаа МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал түр завсарлаад байна. Хурал завсарлахаас өмнө Бага хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "2012 онд Ардчилсан нам олонхиороо сонгогдон, хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан, сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон. Бид АН-ын засаг барьсан цаг үед нэгдэж, ялалт байгуулж чадсан. Нэг голын уснаас ундаалж явсан залуу цагийн найзууд М.Энхболд, У.Хүрэлсүх та хоёр намын даргын тамгаа солилцохдоо МАН-ын 100 жилийн ойгоор ялалт байгуулна гэж тэврэлдсэн шиг өнөөдрийн хурлын дараа ч бас ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна" гэв.

Түүнчлэн УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "Намын дарга У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Та энэ цаг үед улс орноо удирдаж авч явж чадахаа харуулах хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хууль гэж байдгийг мэдэж, баримтлах хэрэгтэй. Үүн дээр намын Бага хурлын гишүүд та бүхэн үгээ нээлттэй илэрхийлэх эрхтэй" хэмээн онцоллоо.

***

14.00 цагийн мэдээ: М.Энхболд: Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа билээ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхандаа хандаж үг хэлсэн бол дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр "Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй" гэж онцолжээ. Түүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон тул УИХ-ын даргын албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэн өгч, улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд намынхаа Бага хурлын үеэр ийн албан тушаалаасаа бууж, хуриуцлага хүлээхгүй гэж мэдэгдээд байна.

***

Бага хурлын гишүүдийн сэтгэгдлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 

***

13:00 цагийн мэдээ: У.Хүрэлсүх: Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна

МАН-ын Бага хурал Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн илтгэлээр үргэлжилж байна. Тэрбээр илтгэлдээ, "Ардын нам олигархиудын нам биш. Ардын нам ардын нам байх ёстой. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй хүмүүс нам намын толгойд гарч, хууль бус зүйл хийж байна. Монголын улс төрд МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс манай намд байна. Ийм байж болохгүй. Үүнийг цэгцлэх нь миний хүслээс гадна ард түмний хүсэл юм шүү. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байгаа. Энэ бол хойч ирээдүйд маань маш хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд морьдохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд бид ялагдсан" гэв.

М.Энхболд дарга "60 тэрбум"-ын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Би нөхдөө бодож болно, зүрх сэтгэлд нөхрөө гэсэн бодол бий. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө би хатуу байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэж үзсэн. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ, шалтгаан байсан. Өөрсдөө ч энэ талаар хэлсэн. Гэвч намынхаа даргын байгуулсан Засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү! Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл.

Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан. Сая дахиад хуваалаа. Монголын төр гацаанд орчихоод байна. М.Энхболд дарга хийж бүтээсэн зүйлтэй. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна. Энэ зарчмыг одоо л ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс, сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш боллоо. Улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг газар болсон. Энэ янзаараа бол 37 оны ДО яам шиг болно гэж  хүмүүс айдаг болжээ. Хүмүүс сүүлийн арван жилд үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод, одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худадаж авахыг хүсдэг болж. Хувийн компанийн оффист манай намын томилгоог зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон байна. Газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй болж. Яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг тэнд явуулж байна. Боловсон хүчний бодлого алдагджээ. Ийм байдлаао цаашдаа явах уу, засч залруулах уу? Эмээл хазаарынхаа бүтэн дээр нь ярьж, хариуцлага тооцож, цаашаа явах уу...  Эсвэл 30 гэр бүл Монголын бүх баялгийг хувааж идээд дуусах юм уу?

Өнөөдөр М.Энхболд даргыг Их хурлын даргын өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёсыг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ. Энэ хатуу үгийг би зүрх сэтгэлээ эмтлэн байж хэлж байна. Бага хурлынхаа гишүүдэд итгэж байна. Монголынхоо 3 сая хүнд итгэл найдвар төрүүлсэн, шударга ёсыг хангасан ийм Бага хурал болно гэдэгт итгэж байна" гэв.

***

11.30 цагийн мэдээ: МАН-ын Бага хурал цагаасаа хоцорч эхэллээ

МАН-ын Бага хурал эхэллээ. Хурал 10 цагт товлогдсон ч цаг гаруйн дараа эхлэв. Хурлыг Ө.Энхтүвшин даргалж байна. МАН-ын Бага хурал 369 гишүүний төлөөлөлтэй бөгөөд энэ удаа 66,7 хувийн ирцтэй эхэллээ. Яг одоо хурлын төлөөлөгчид намын дарга У.Хүрэлсүхийн илтгэлийг сонсч байна. Үүний дараа МАН-ын Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонсч, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх аж. 

Бага хурлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нарын гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж магадгүй талаар эх сурвалжууд ярилаа. 

 

 

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

сэтгэгдэл үлдээх