Хятадын GPS дэлхий даяар ажиллаж эхэллээ

Хятадын өөрийн хөгжүүлсэн газарзүйн байрлал тодорхойлогч хиймэл дагуулын систем Бэйдоу өчигдрөөс эхлэн дэлхий даяар ажиллаж эхэлжээ.

 

Энэ нь тус улс АНУ-ын GPS (Global Positioning System)-ээс хамааралгүй болохын тулд бий болгосон систем юм.

Бэйдоу системийг 2020 онд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байсан бол ийнүү жил гаруй хугацааны өмнө ашиглалтад оруулж байна. Бэйдоу нь долоон бурхан одны хятад нэр.

Одоо тус систем Ази, Номхон далайн бүс нутагт 5 метрийн нарийвчлалтай, дэлхийн бусад хэсэгт 10 метрийн нарийвчлалтай ажиллаж байна.

Бэйдоу нь дэлхийг хамарсан газарзүйн байрлал тодорхойлох дөрөв дэх систем болж байгаа юм. Бусад гурав нь АНУ-ын GPS, ОХУ-ын Глонасс, Европын Galileo.

АНУ-ын GPS системийн нарийвчлал сантиметрийн түвшинд байдаг хэдий ч дайн сөргөлдөөний үед ашиглуулахгүй байх аюултай тул Хятад, Орос улсууд өөр өөрийн байрлал тодорхойлох системийг бүтээх болсон байна.

Одоогоор Хятад улс 70 сая гаруй тооны Бэйдоу системтэй төхөөрөмж дотооддоо болон дэлхийн 90 гаруй улсад нийлүүлээд байгаа.

Хятадад зарагдаж байгаа ихэнх Huawei, Xiaomi, OnePlus үйлдвэрийн гар утаснууд Бэйдоу системтэй гэгддэг.

Мөн Хятадад явж байгаа 2 сая гаруй автомашин Бэйдоу системээр тоноглогджээ. Яг одоо Бэйдоу 19 хиймэл дагуултай ажиллаж байгаа нь суурь үйлчилгээ үзүүлэхэд хангалттай. Ойрын хоёр жилд дахин 12 хиймэл дагуул хөөргөснөөр нарийвчлал нь улам нэмэгдэх юм.

Анх 1994 онд Хятад улс сансар судлал, зэвсэгт хүчнээ хангах зорилгоор Бэйдоу системийг нэвтрүүлж байжээ. Харин одоо нийтийн хэрэгцээнд ашиглах боломжтой болж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

сэтгэгдэл үлдээх