МАН-ын ирцийг Ерөнхийлөгч “бүрдүүлнэ”

Бүтэн нэг сарын хугацаанд ирц нь хүрэхгүй, хуралдаж чадаагүй 65-ын бүлгийн ирцийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүргэхээр болж байна. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргыг гишүүдийн олонх дэмжсэн бол чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг ч сануулсан байгаа. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулган хуралдсанаас хойш байнгын хороо, МАН-ын бүлэг ч хуралдаж чадахгүй байсаар өнөөдөртэй золгов.

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулахыг хүсч, чуулганы ирц бүрдүүлэхгүй бойкотолж, бүр гудамжинд гарч жагсаал ч хийв. Тэдний болоод өөрийнхөө “хүслийг” биелүүлсэн хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан учраас бойкот үргэлжлэхгүй болов уу.

Уламжлал ёсоор өнөөдөр /2019.01.07/ МАН-ын бүлэг хуралдах ёстой. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч өнгөрсөн Баасан гаригийн чуулганы хуралдаанаас “МАН-ын бүлгийн хуралдаан Даваа гаригт болно. Бүлгийн хуралдаанаар санал солилцох, байр сууриа нэгтгэх олон асуудал байгаа учраас чуулганы хуралдааныг бүлгийн хуралдааны дараа хүртэл хойшлуулж өгнө үү” хэмээн завсарлага авсан. Өөрөөр хэлбэл, бид бүлгийн хуралдаанаа хийнэ, тэр болтол чуулганы хойшлуулаач гэдэг хүсэлт тавьсан. УИХ-ын дарга ч түүнийг нь дэмжиж, завсарлага өгсөн. Бүлэг дотроо хоёр хуваагдсан гишүүдийн хувьд УИХ-ын даргыг огцруулах тал нь олонх, огцруулахгүй тал нь бага байгаа. Тиймээс өнөөдрөөс олонх тал нь ирцээ бүрдүүлээд, бүлэг, байнгын хороо, чуулганаа хуралдуулах болов уу гэсэн таамгийг МАН-ын гишүүд хэлж буй. Өнгөрсөн Баасан гаригт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ч энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаа ч баталсан. Энэ дунд Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг ч тусгасан. Тэгэхээр энэ долоо хоногт сар гаруй хугацаанд завсардаад байсан Монголын төрийн үйл ажиллагаа гацаанаас гарч магадгүй байна. Угтаа бол 65-уулаа буюу Засгийн ч төрийн эрх дээд байгууллагын нь ч эрх мэдлийг атгаж буй МАН өөрсдөө төрийг гацаахгүй, улсын ажлыг үргэлжлүүлж, нам дотроо учраа олох боломж хангалттай байсан. Гэхдээ тэд бусдын гараар өөрсдийнхөө асуудлыг шийдүүлэх гээд сууж байгаа нь бүр ч харамсалтай. Ямар ч гэсэн энэ долоо хоногт ирцээ бүрдүүлээд, асуудлаа шийдэх, улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх шаардлага төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д бий. Тиймээс одоо үндсэн ажлаа хийцгээе, УИХ-ын гишүүд ээ.

Ш.ЧИМЭГ news.mn

сэтгэгдэл үлдээх