“Хууль завхарч дуусчээ”

Бид нийгмийн дунд амьдарч, харин бидний амьдарч буй нийгмийг хуулиар зохицуулдаг. Хүмүүс хоорондын харилцааг зохицуулах шаардлагаас үүдэн хуулийг эрх бүхий байгууллага баталдаг. Тэрхүү эрх бүхий байгууллага нь парламент буюу УИХ. 100 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгмийн хөгжил улам гүнзгийрч, шинэ харилцаа бий болж, тэдгээрийг зохицуулах шаардлага бий болсоор байгаа. Тухайлбал, өнөө цагийн дэлхий нийтийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон сошиал орчныг зохицуулах шаардлага бий боллоо хэмээн ярьцгааж байгааг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, хууль гэдэг бол олон хүний эрх ашигт нийцсэн эрх зүйн зохицуулалтыг хангасан бичмэл зүйл. Тиймээс хууль хэзээ хүмүүсийг хамгаална, тэр цагт хуулийг хүмүүс хамгаална гэж ярьдаг. Гэвч амьдралд абсолют зүйл гэж үгүй. Тиймээс “хуулийн дагуух бүх зүйл зөв байдаггүй” гэсэн үг байдаг. Өнөөдөр Монголд бий болоод байгаа улс төрийн тэмцэл, эрх баригчдын хагаралдаан чухамхүү “хуулийн дагуух бүх зүйл зөв байдаггүй” гэсэн тодорхойлолтод багтана.

Шинэ 2019 он гараад ажлын дөнгөж дөрөв хоног өнгөрсөн ч өмнөх оны сүүлээр улс төрд өрдсөн гал улам дүрэлзлээ. 2018 оны сүүлийн сард Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа гацсан. Учир нь УИХ-ын 40 гишүүн спикерээ огцрохыг шаардан ажил хаялт зарласан. Сонгогчдыг төлөөлөн төр барина гэж гарч ирсэн хүмүүс ажил хаялт зарлах эрхтэй эсэхийг сонгосон сонгогчид нь мэдмээр. Гэсэн ч ийм нөхцөл байдлыг зохицуулсан зүйл одоогоор хуульд байдаггүй аж. Хуульд зааснаар Монгол төрийн дээд байгууллага УИХ байнгын ажиллагаатай байх ёстой. Гэтэл нэг сар илүү ажиллаагүй учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, огцрохоос татгалзаад байгаа УИХ-ын даргыг хуулийн дагуу чөлөөлөх санаачилга гаргасан нь оны эхний дуулиан боллоо.

Өөрийг огцруулах хуулийн дагуух гаргалгаа болох хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн Баасан спикер М.Энхболдод өргөн барьсан нь хувь заяаны хоржон гэлтэй. Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан боловсруулсан хуулийн төсөлд "УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө" гэсэн заалтыг суулгаж өгсөн юм. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын дарга өөрөө сайн дураараа огцрох өргөдлөө бичихгүй л бол чөлөөлөх үндэслэл байхгүй байгаа юм.

Эхэнд дурдсанчлан хууль нийгмийн тусын тулд нийгмийн ямар нэг харилцааг зохицуулах учиртай. Харин энэ удаад хэн нэгэн албан тушаалтныг огцруулах зорилгоор хуулийн төсөл санаачилжээ. Ф.Бастиагийн “Хууль” зохиолын “Хууль завхарч дуусчээ” гэсэн үг биеллээ олж байгаа бус уу. Хуулийг хуулиар зөрчөөд эхэлбэл нийгэмд үзүүлэх үр дагавар, хор уршиг нь эргэлт буцалтгүй ухралтын процессийн эхлэл болбол яах вэ.

сэтгэгдэл үлдээх