УИХ-ЫН ШИНЭ ДАРГА ХЭН БЭ: Хамгийн "шаанстай" нь Н.Энхболд, хамгийн "ойрхон" нь Л.Энх-Амгалан

Прокурорын байгууллагаас нэр бүхий 4 гишүүнийг ЖДҮХС-тай холбогдсон гэх үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэг үүсээд яллагдагчаар татагдах нөхцөл байдал үүссэн тул УИХ-ын оруулж ирсэн юм.

Ингээд уг асуудлыг өнгөрсөн шөнө УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж олонхын саналаар УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир,Б.Ундармаа, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж байнгын хороод дүгнэв. Өнөөдөр чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов. Харин ҮАБЗ-ын зөвлөмжийг дагаж УИХ-ын даргыг олонхоороо огцруулдаг байх нэмэлт өөрчлөлт бүхий хуулийн төслийг хэлэлцэж 94.7 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдөр уг асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцээд УИХ эцэслээд баталчих байх. Ингэснээр нэр бүхий гишүүд өнөөдрөөс албан ёсоор хуулийн дагуу УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барьж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх боломжтой болов.

Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногтоо багтаж УИХ-ын даргыг огцруулна гэсэн үг юм. Эсвэл үүнээс урьтаж улс төрийн хүрээний учир мэдэх хүмүүсийн таамаглаж байгаа шиг М.Энхболд дарга өөрөө өргөдлөө өгөх гэнэ.

За, ямартаа ч "бул хар чулуу" гэгдээд буй М.Энхболд хөдлөх нь хөдлөхөөр боллоо. Ер нь ч хөдлөх нь тодорхой л байсан. Харин хэзээ вэ, гэдэг л байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлээд олон нийтийн дунд ч , улстөрчдийн дунд ч дараагийн УИХ-ын ДАРГА ХЭН БЭ гэдэг асуулт гарч ирлээ.

Мэдээж шинээр сонгогдсон, сайдын "сэнтийд" ч хүрч чадахгүй гишүүдийг нэн түрүүнд горилогчдын жагсаалтаас хасах нь зүйтэй. Харин УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, туршлагатай гишүүнийг зүтгүүлэх нь тодорхой. Гэхдээ тэхий дундуураа хоёр хуваагдаад буй МАН-ын аль албан бус бүлгийн эрхэм томилогдох вэ гэдэг л чухал. Өнөөдрийн байдлаар эх сурвалжийн мэдээлж буйгаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон хамгийн "чимээгүй" байдлаар өөрийн болон фракцийнхаа ашиг сонирхолыг хэрэгжүүлж чаддаг Сү.Батболдын нэр ч явж байна. Асуудал эдгээр гишүүдийн дундаас УИХ-ын дараагийн даргыг МАН-ынхан томилох аж. Ер нь улс төрийн зураглал 180 градус л эргэчихгүй бол энэ 6 гишүүний нэг нь УИХ-ын дараагийн дарга болно.  Нэг л зүйл тодорхой байгаа нь 2 салчихаад байгаа МАН-ын бүлэг их, бага хэмжээгээр тохироонд хүрч байж л энэ УИХ-ын ШИНЭ дарга тодорно.

Илүү нарийвчилж асуудлыг авч үзвэл:

Дараагийн УИХ-ын даргад хамгийн "шаанстай" нь Н.Энхболд сайд

Сэтгэл нэгдэж "зүтгүүлсэн" журмын 27 гишүүнээ хоёр сарын өмнө "мурьсан"-ыг эс тооцвол өнгөрсөн цаг хугацаанд хамгийн төлөв даруу, түвшин сайхан гэж магтуулсан гишүүн. Нийгэмд ч таалагдах дүр. Чуулганы танхимд чи, би дээрээ тулаад улаан хэрүүл хийчихдэг гишүүдийг З.Энхболд шиг биш юм аа гэхэд М.Энхболдоос дутахгүй "базаад" хурлаа удирдаад явчих зангарагтай нэгэн. Ер нь л түүнийг бараг дараагийн УИХ-ын дарга гэхэд нэг их зөрөхгүй л болов уу даа. Гэхдээ улс төр гэдэг өөрөө тааж, таамаглахад бэрх зүйл. Мөнхийн дайсан, үүрдийн нөхөр гэдэг зүйл улс төрд байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг юм. Дээр нь нэмээд хэлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс энэ удаад ихээхэн дэмжлэг ихтэй гэж учир мэдэх хүмүүс ярилцаж байгаа аж юм. Ерөнхийлөгч харин ямар шалтгаанаар түүнд "санаа" тавиа байгаа нь ойлгомжгүй юм. Таамаглах гэж оролдвол цаашдын ажил хэрэгт нь тус дэм болох нэгнийг, өөртэйгөө бусад сайд нараас илүү хамаарал бүхий салбарт  өөрийн хүссэн хүний тавих Ерөнхийлөгчийн цаад бодлого ч байж мэдэх юм. Одоогоор яг нарийн тодорхой зүйл хараахан алга. Харин тодорхой байгаа ганц зүйл бол УИХ-ын шинэ даргын томилгоонд нөлөөтэй оролцох хүмүүсийн тэргүүн эгнээг манай Ерөнхийлөгч ахлаж байгаа.

Дэд дарга Л.Энх-Амгалан энэ суудалд хамгийн "ойрхон" байгаа хүн

УИХ хоёр дэд даргатай. Сонгуулиар бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам бүр УИХ-ын дэд даргыг томилдог. Энэ удаагийн парламентэд АН, МАН гэсэн хоёр бүлгээс Л.Энх-Амгалан, Я.Санжмятав гэсэн хоёр хүнийг дэд даргаар томилж ажиллуулж байгаа. Гэхдээ аль ч талаас нь бодсон Я.Санжмятав гишүүд боломж байхгүй нь тодорхой. Харин Л.Энх-Амгалан гишүүн шинэхэн дарга болж дэвших боломжид хамгийн ойрхон байгаа нэгэн. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар 27-гийн талтай тохироонд хүрч 4 гишүүнээ авч үлдсэн тохирооны гол "хөзөр" нь Л.Энх-Амгалан гишүүн гэнэ. Ажил талаас нь харвал тэрбээр гишүүддээ загнуулаад, "бооролхуулаад" байхгүй нэгэн. Талууд бүгд л өөрсдийн хүнийг зүтгүүлэхийг хүсч байгаагаас 27 гишүүний талаас хамгийн хүчтэй итгэл үнэшилтэйгээр зүтгүүлэх хүн нь Л.Энх-Амгалан гишүүн юм. Гэхдээ "хүч" хаана байгаа вэ гэдгийг бодохгүй орхиж болохгүй ээ.

Дотор хүн нь хамгийн их тэмүүлж байгаа нь Ц.Нямдорж

Эдгээрээс гадна УИХ-ын даргад хувь хүнийхээ хувьд хамгийн их сонирхолтой байгаа нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэнэ. Гэхдээ Халдашгүй байдлын дэд хорооноосоо ЖДҮ-д холбогдсон нийт 5 гишүүнийг удаа дараа хамгаалж үлдсэнд нь олон нийт түүнийг сошиалд ихээхэн буруутгасан. Ядаж байхад байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр өнгөрсөн шөнө О.Баасанхүү гишүүд Ц.Нямдорж сайдыг нэлээд "хатгаж" харагдана лээ. Ер нь өөрөө сонирхож байгаа энэ удаад арай л үгүй болов уу. Хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон, хамгийн олон удаа хууль зүйн сайд хийсэн хашир гэхэд хашир нь дэндсэн хүн учраас өнөөдөр сэтгүүлчдийг очоод та дараагийн УИХ-ын дарга болох уу гэхэд өөдөөс нь "үгүй" гэж хариулах л болов уу. Улс төрийн цаг агаарыг дэндүү сайн мэдэрдэг хүн шүү дээ.

УИХ-ын даргыг хийхэд хамгийн тохиромжтой хүн С.Бямбацогт

 МАН-ыг ядарч явахад "сэлэмний ир, жадны үзүүр" нь байсан хүмүүсийн нэг нь тэр. Тэр ч утгаараа "өнхөрсөн" Засгийн үед үндсэн чиглэлийн "бяртай" яамдын нэгийг С.Бямбацогт гишүүнд өгсөн. Харамсалтай нь хор гүйгээд засаг нь уначихсан. Ер нь МАН-ынхан дундаас арай л нураатай гишүүдийн тоонд толгой цохидог учраас түүнд боломж байгаа. Боловсролтой бол боловсролтой, бусдыгаа бодоход асуудалд арай л прагматикаар ханддаг гээд С.Бямбацогт гишүүнд давуу талууд бий. Харин тохирооны хувьд ямар байх бол.

Ерөнхий сайдаас дэмжлэгтэй нь Шадар сайд

УИХ-ын даргын суудлыг авсан тал нь нэг хэсэгтээ л "бэрс" гарна. Тэр ч утгаараа намдаа их "цэвэрлэгээ" явуулахаар зориод буй Ерөнхий сайдад өөрийн талынхаа хүнийг энэ суудалд суулгах нь их чухал. Үнэндээ УИХ-ын даргын суудал энэ цаг үед хамгийн хэрэгтэй суудал болж хувираад байна. Тиймээс УИХ-д олон удаа сонгогдсон юмны наадах цаадахыг мэдэх Ө.Энхтүвшин сайдыг  Ерөнхий сайд зүтгүүлэх тохироо ч явж мэднэ. Гэхдээ Н.Энхболд нь арай л илүү боломжтой байх.

"Урилгагүй зочин" Сү.Батболд хамгийн боломжтой бас хамгийн боломжгүй нэгэн

УИХ дахь сүүлийн үеийн томилгоонууд дунд түүний нэр байнга өртөх болсон. 2016 оноос хойшоо Тусгай хяналтын дэд хороо гэж төдийлөн "амь" ороод байдаггүй дэд хорооны даргаас өөр албан тушаалыг Ерөнхий сайдын суудлаас буусан 2012 оноос хойшоо хашиж үзээгүй нэгэн. Гэхдээ түүний фракц энэ парламент болон бусад үед байнга тодорхой хэмжээнд сайдын суудал, албан тушаалын квотоос хоцорч байгаагүй. Нэн ялангуяа энэ 65 гишүүний "зодоонтой" энэ цаг үед асуудлыг хагалж өөрт болон фракцийнхандаа ашигтай байдлаар "хөшиг"-ний араас жинхэнэ тоглохж байгаа нь Сү.Батболд. Засаг унагахад ч тэр, засаг огцруулах эсэхийг шийдэхэд ч Сү болон түүний фракц чухал кнопуудын нэг байсаар ирсэн. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд ганц хоёр гишүүнээ сайдад зүтгүүлснээр өөрөөр "илүү харж билүү долоогоогүй" Сү.Батболдод дараагийн УИХ-ын даргыг үүрэгт ажил очиж мэдэх л юм. Гэхдээ түүний өмнө арай илүү боломжтой гурвын гурван хүн байна шүү дээ. Хамгийн аюултай нь Сү.Батболд хэд хонгийн дараа энэ сунгаанаас ор мөргүй алга болсон ч байж магадгүй, эсвэл оройд нь гялалзаж явахыг ч үгүйсгэхгүй. Ер нь аль нэг талдаа өгчихөөд араас нь нөгөө хүнээ "татаж унагах" гэж зовж байснаас хэрүүл алим болсон УИХ-ын даргын суудлыг хэнд ч  хал балгүй этгээдэд аваачаад атгуулсан нь үлдсэн хугацаанд УИХ-д ядаж их аваргын хэлсэн шиг элдэв "бослого, үймээнгүй" л байх болов уу. Энэ байдал нь л түүний хамгийн гол хөзөр болж мэднэ.

Ерөнхийдөө,

Ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар бид УИХ-ын шинэ даргатай "золгох" байх.  Ер нь тэгээд тохироо л мэднэ дээ. Нэмээд хэлэхэд УИХ-ын даргыг томилоход МАН-ын 65 гишүүнээс илүүтэйгээр оролцож, "гар хөлөө дүрэх" хүн бол нэгдүгээр хүн. Өнгөрсөн өдрүүдийн бүх ажиллагаа түүний хүссэнээр л явлаа. Гэхдээ 65 гишүүнтэй МАН-ын бүлэг эцсийн шийдвэрийг гаргана шүү дээ.

Г.Лхагваа ЭХ СУРВАЛЖ:zaluu.com

сэтгэгдэл үлдээх