М.Энхболд: Цагаан сараас өмнө дараагийн УИХ-ын дарга тодроно

УИХ-ын нэр бүхий гишүүд өнөө өглөө УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх 39 гишүүний гарын үсэгтэй тогтоолын төслийг өргөн барьлаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх дэгтэй. Үүний тулд УИХ-ын даргын зөвлөлөөр орж байж яаралтай горимд шилжих хуултай. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын зөвлөлийн захирамж гарч байж яаралтай горимоор хэлэлцдэг. Тиймээс УИХ-ын даргын зөвлөл 13 цагт энэ асуудлын талаар хуралдана. 

Энэ асуудлыг өргөн барихтай холбогдуулж би Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга уулзаж, санал солилцсон. Өнөөдрөөс хойш хамгийн ойр чуулган хийх бололцоотой өдөр ирэх долоо хоногийн мягмар гариг. Тиймээс ирэх долоо хоногт УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн. 

Учир нь хууль хэдий өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа ч УИХ-ын дэгийн хуульд заагдсаны дагуу төрийн мэдээллийн сэтгүүлд хэвлэгдсэний дараа хэрэглэнэ гэсэн заалттай. Тиймээс ирэх нэг дэх өдөр сэтгүүлд хэвлэгдсэний дараа буюу хоёр дахь өдөр хэлэлцэх учиртай юм. 

Би ямар нэгэн байдлаар албан тушаалтайгаа зууралдсан зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндсэллээр ажлаасаа чөлөөлөгдөхөд болохгүй зүйл үгүй. Тиймээс хуулийн дагуу хэлэлцсэний дараа үүрэгт ажлаа өгнө. Хувиарын дагуу бол УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв гаригт хуралдах ёстой. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж Монгол түмний уламжлалт сар шинийн баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томилогдож төрийн ёс жаягийн дагуу төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв гэж бодож байна хэмээн мэдэгдлээ.

сэтгэгдэл үлдээх