Д.ОРОСОО:Т.ГАНБОЛДЫГ ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ГҮТГЭХ ЗААЛТААР ЦАГДААД ӨГСӨН

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор үүссэн маргаанаас болоод Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүүг цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа. “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо Д.Дорлигжавыг авлига авсан гэсэн ойлголтыг хүмүүст өгсөн тул үүнийг гүтгэлэг гэж үзэж Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваас Т.Ганболдын эсрэг цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж. Тиймээс Т.Ганболдыг энэ долоо хоногоос эхлэн цагдаагийн байгууллагаас дуудаж, байцаалт аван, хэрэг бүртгэлийн хэрэг нээж магадгүй юм байна. Энэ талаар Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоогоос тодрууллаа.

-Танай зүгээс Т.Ганболдын эсрэг цагдаад өргөдөл гаргасан юм байна. Ямар үйлдэлд нь үндэслэн гомдол гаргасан бэ ?

-“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн. Ярилцлагын үеэр Т.Ганболд нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын талаар “Тухайн үед МАН-ын их том албан тушаалтай, хариуцлагатай хүн надад хэлж байсан. Энэ нөхөр 130 сая ам.доллар хүмүүсээс авсан байна шүү дээ” гэж олон нийтийн өмнө өөрөө ярьсан. Ярилцлага үзсэн бүх хүмүүс Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нь 130 сая ам.долларын авлига авсан байна гэж ойлгосон. Энэ бол худал гүжирдлэг учраас Зөрчлийн тухай хуулийн 6.21-т зааснаар “Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн” бол гүтгэлэг гэж үзэж хариуцлага хүлээлгэх заалтыг үндэслэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна.

-Тэгэхээр Т.Ганболдыг гүтгэлэг тараасан гэж үзэж байгаа юм уу?

-Тийм. Т.Ганболд нь Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав хүмүүсээс 130 сая ам. доллар авсан гэж ярьсан зүйлийнхээ үнэн зөвийг өөрөө нотлох үүрэгтэй. Мөн ийм зүйл хэлсэн гэж байгаа МАН-ын том албан тушаалтай, хариуцлагатай хүнээ тодорхой хэлэх хэрэгтэй болно, тэр хүн ч бас гүтгэлэг, хүний нэр төрийг гутаасан, худал мэдээлэл тараасан асуудлаар шалгагдах болно.

-Хэрэв нотолж чадахгүй бол яах вэ?

-Хэрвээ нотолж чадахгүй бол хүнийг гүтгэсэн гэж Зөрчлийн хуульд зааснаар хоёр сая төгрөгийн торгуулийн хариуцлага хүлээнэ.

-Энэ асуудал АТГ-т шалгаж байгаа дөрвөн сая ам.доллартай холбоотой юу ?

-Үгүй. Тусдаа асуудал. АТГ-ын шалгаж байгаа дөрвөн сая ам.доллартай холбоотой асуудал нь эцэстээ бизнесийн гэрээтэй холбоотой асуудал руу чиглэж байгаа. Үнэн хэзээд ёроолд нь байдаг юм. Энэ асуудал тусдаа шалгагдаад явна. Удахгүй бүх зүйл тодорхой болно. Харин энэ 130 сая ам.долларын авлига гэдэг асуудлыг Т.Ганболд өөрөө анх ярьсан, эх сурвалж нь МАН-ын их том албан тушаалтай, хариуцлагатай хүн гэсэн, энэ асуудал бол худал мэдээлэл тараасан, гүтгэхтэй холбоотой Зөрчлийн хэрэг юм, тус тусдаа шалгагдаад явна. Ер нь хүний нэр төрд халдсан мэдээлэл тарааж байгаа хүн мэдээллийнхээ үнэн зөвийг хангалттай нотолсон, мөн гарцаагүй нотлох баримттай байж ийм мэдээлэл олон нийтэд тараах ёстой байдаг, түүнээс биш ямар ч баттай нотлох баримтгүйгээр худал мэдээлэл эхэлж тараагаад дараа нь өөрийгөө хамгаалах нотлох баримт хайгаад явна гэж байхгүй. Мэдээлэл олон нийтэд анх тараах үед ямар нотлох баримт байсан, тэр нь хангалттай, үнэн баримт байсан уу, үгүй юу гэдэг нь чухал.

-Тэрбээр хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө. Д.Дорлигжавын биеийн байдал ямархуу байна вэ?

-Бие нь сайн, би бараг өдөр болгон уулзаж байгаа.

-Танаас нэг зүйл тодруулмаар байна, Д.Дорлигжав танаас гадна хэдэн өмгөөлөгчтэй юм бэ, Д.Дорлигжавын өмгөөлөгч гээд хоёр өмгөөлөгч хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хэвлэлийн хурал хийсэн өмгөөлөгчдөд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандах шиг болсон...

-Хэвлэлийн бага хурал хийсэн тэр хоёр өмгөөлөгчийг Д.Дорлигжав гуай болон би мэдэхгүй, танихгүй, бидэнтэй уулзаагүй гэдгийг юуны түрүүнд хэлэх хэрэгтэй байх. Ар гэрийн хүмүүстэй нь уулзаж туслах, хамтран ажиллах санал, хүсэлтээ тавьж байсан юм билээ. Гэхдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, ямар ч тохиолдолд үйлчлүүлэгчийг төлөөлж хэвлэлийн бага хурал хийх бол албан ёсоор ажиллаж байгаа өмгөөллийн фирм, үйлчлүүлэгчтэйгээ уулзаж ярилцаж, зөвшилцөж, зөвшөөрөл авч байх хэрэгтэй юм. Энэ бол өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын асуудал. Д.Дорлигжав гуайг албан тушаалын хэрэг болон эрүүгийн хэргээр мэргэшсэн, туршлагатай зургаан өмгөөлөгч, хуульчтай манай баг өмгөөлж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Бид АТГ, НПГ-тай үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, хэргийн бодит үнэнийг тогтоох, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх, шалгуулах талаар идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Удахгүй бодит үнэнийг тогтоож, олон нийтэд үнэн бодит мэдээллийг хуулийн байгууллага өгнө гэж найдаж байна.

-Таныг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн байж АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг дээр оролцож байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж гадуур яриад байх юм?

-Энэ тухай мэдээлэл олон нийтийн дунд дутуу байгаа байх. Би Д.Дорлигжав гуайд хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн өдрөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт АТГ-ын ОНЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Ерөнхийлөгчийн 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжаар чөлөөлөгдсөн. Иймд ашиг сонирхол үүсэхгүй.

О.Анар

сэтгэгдэл үлдээх