Дараагийн УИХ-ын даргаар МАНАН дотор яваагүй хүнийг сонгох ёстой

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудалтай холбогдуулан гишүүд үгээ хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Эрүүл мэндийн салбарыг улс төрд гутгаж байгаад үнэнхүү дургүйцэж байна. ЖДҮ-гийн зээл 950 сая төгрөг, нас барсан хүүхдийн тоо 950 гэдэг мэдээлэл сүүлийн үед сошл орчинд хүчтэй явж байгаа. Ё.Баатарбилэг гишүүн энэ мэдээллийг явуулсан байх нь. Хэрэв томуу томуу төст өвчлөлөөр хүүхэд нас барсан бол эрүүл мэндийн салбар нуухгүй, ийм эрх ч байхгүй. 2017-2018 онд хатгааны эсрэг вакцин хийсэн учраас хүүхдүүд томуугийн хүндрэлээр эндэх эрсдэлээс хамгаалж чадаж байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Өнөөдөр 20-30 жил УИХ-д сууж байгаагаа гайхуулдаг хүмүүст хандаж хэлэхэд, өнөөдрийг хүртэл нэг шахмал түлшний үйлдвэр, хүүхдүүдэд хүрэлцээтэй ортой эмнэлэг барьчихгүй яав даа. 500 тэрбум төгрөгийн хэмжээний ийм хөрөнгийг агаарын бохирдолд зориулсан юм гэнэ лээ. Ганц үйлдвэр, хүүхдүүдэд хүрэлцээтэй ортой эмнэлэг барьсныхаа дараа улс төр хийж болж байна. Томуу томуу төст өвчлөлийн дэгдэлтийг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон мянган эмч мэргэжилтнүүд, асрагч сувилагч нар бүгдээрээ 24 цаг хөл дээрээ зогсож байж цурамд оруулсан юм шүү. Гэтэл энэ хүмүүсийн хөдөлмөр, сэтгэлийг үгүйсгэж хүүхдүүд олноороо эндэж байгаа мэт  мэдэгдэл хийсэндээ Ё.Баатарбилэг гишүүн уучлалт гуйх хэрэгтэй.

Я.Санжмятав: Хоёр сар гацсан парламентын гацаа өнөөдөр тайлагдах байх гэж найдаж  байна. Түгжигдсэн энэ цаг хугацаанд би орон нутгаар хоёр ч удаа явж ажиллаа. Ард иргэдийнхээ санал бодлыг ч сонслоо. Зуд турхан гайгүй, өнтэй сайхан өвөлжиж байна. Гагцхүү бидэнд санаа зовж танай төрийн ордонд зуд нүүрлэжээ гэдгийг хэлж байна. М.Энхболд даргыг чөлөөлөхийг би дэмжиж байгаа. М.Энхболд гэдэг хүнд ганцхан хариуцлага тооцох асуудал биш. Бүхэлдээ МАНАН бүлэглэлтэй тэмцэх тэмцлийг эхлүүлэхгүй бол улс орон буруу тийш явах гээд байгаа гэдэгт санаа зовниж огцруулах гарын үсгээ зурсан. Асуудлыг энд хүргэхгүйгээр шийдэх боломж байсан. МАН-ын бүлгийн гишүүдийг хоорондоо учраа ол гэж их хэлж байгаа. Албан тушаалаа буцаалдаж аль нь их идэх үү гэж Монголын ард түмнийг сөхрүүллээ. Монгол төрийн дархлааг бууруулах бүх зүйлийг ханатлаа хийлээ. Энэ хуулийн төсөл парламентын түүхэнд хараар бичигдэх хуулийн төсөл болсон. Дархлаанд маш сөргөөр нөлөөлнө. Цаашид 60 тэрбумын асуудлыг цэгцлэх, ордуудаас хулгай хийсэн нөхдүүдээс буцааж өгөх, концесс нэрээр төсөвт мөнгө суулгаж том томоор нь иддэг хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай.

Тиймээс АН дараагийн удаад У.Хүрэлсүхийг дээрх асуудлуудаа цэгцлэх асуудалд   хариуцлага тооцно. Ганцхан хүн чөлөөлөгдсөнөөр бүх асуудал шийдэгдэхгүй шүү.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Ганцхан хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч чадахгүй. Цагаан суваргыг мөн нэг хүн авч чадахгүй. Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг гаргуулсан, Сүхбаатарын талбайн урд хэсгийн зарим газрыг хувийн хэвшилд өгчихсөн. Хөгжлийн банкнаас 1 тэрбум гаруй төгрөгийг хэдхэн компани хувааж авсан. Энэ бүхнийг МАНАН мафи хийсэн. Гэтэл үүнийг улс төрийн нөлөөгүй, шударга үйл явц гэх хүмүүс бий. МАНАН сандарч, М.Энхболд даргыг л унагаах гэж байна гэх мэдээлэл тарааж байна. Талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж байна. Хуулийн байгууллагад итгэдэг хүн байна уу. Судалгаа үгүй гэдгийг харуулж байна. МАНАН-гийн генералууд биднийг шоронд хорих гэж нойргүй хонож байгааг би мэднэ. Монгол ялна гэдэгт би итгэж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Хэрүүл тэмцэл өнөөдөр дуусах болов уу гэж бодож байна. Эрх барьж байгаа улс төрийн нам ард түмнийхээ өмнө амласан амлалтаа яах вэ. Төрийн ажлаа хиймээр байна. 2016 оны сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх цаг нь ирсэн. Хэл ам, хэрүүл зодооноо одоо зогсооё. 60 тэрбумын асуудлыг ярьж, ярьж М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргаас нь огцруулж байна л даа. Яг үнэндээ энэ схемийн төлөвлөгөөг ярьсан, танилцсан гэвэл олон хүн байгаа байх. Өнөөдөр эрх барьж буй МАН үнэхээр 60 тэрбумын хэрэг юм бол тэр схемээрээ төр барьж байгаа болж хувирна  шүү. Цаашид 60 тэрбумын гэх яриагаа манай намын гишүүд бодож ярих хэрэгтэй. Хэрэв 60 тэрбум үнэхээр үнэн бол энд сууж байгаа 64 хүн ч мөн төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн 60 тэрбумын хам хэрэгтэн болно. Дараагийн УИХ-ын даргаар МАНАН дотор яваагүй хүнийг сонгох ёстой.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль анх удаа хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна, бас баяр хүргэе. Энэ хүнийг огцруулснаар Монгол сайхан болно гэдгийн нь харж л сууя. Энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол дараагийн УИХ-ын дарга нь хэн бэ. Нэгээр цадаж, хоёроор бүү хуураарай. Дараагийн хүнд маш их ач холбогдол өгнө. Яасан ч ховхорч болдоггүй суудал бэ. Сандал суудлын төлөө УИХ нь бүтэн гурван сар ийм байдалтай байна. Миний харж байгаагаар, УИХ-ын дарга гэдэг бол нэвтрүүлэгч юм билээ. Хүмүүсийн бэлдэж өгсөн зүйлийг уншдаг л хүн юм билээ ш дээ. Энэ хүн Монголын ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй.

сэтгэгдэл үлдээх