М.Энхболдын огцрохдоо хэлсэн үгийг чагнаваас

"Магадгүй бид: Гэмгүй ч хүнийг хэлмэгдүүлчихэв үү дээ!?" гэсэн эргэлзээ төрүүлэхээр л үг хэлж байна лээ. 
Тийм ээ! Түүний өөрийнх нь харах өнцгөөр бол түүнд буруу байхгүй л дээ. 
Энэ хүн уг нь ийм хүн байгаагүй байх. Энэ хүнийг ийм болгосон хүмүүс нь "түүнийг тойрон хүрээлэгчид, дэмжигчид нь ба сонгогч бид" байсан. 
Түүнийг албан тушаал эрх мэдэлд бид өөрсдөө дамжлан хүргэчихээд, түүнээс бид дандаа л шударга бус, хууль бус зүйлийг нэхдэг байсан. Хууль бус, шударга бус хүсэлтийг маань тэрээр биелүүлэхгүй бол -Дахиж бид сонгохгүй, дэмжихгүй, тойрон хүрээлэхгүй! гэж шантаажлах ба -Ийм эрх мэдэлтэй хүн ийм ч юмыг аргалчихаж чадахгүй байхдаа яадгийн! Тийм ч юмыг зохицуулчих чадамж байлгүй яадгийн гэх зэргээр басамжлан шалдаг байсан. Тэр бүхнийг нь энэ хүн өөртөө ашигтайгаар ч юмуу, эсвэл ашиг хожоо харалгүйгээр ч гэсэн арга эвийг нь олоод биелүүлдэг л байж л дээ. Түүнийгээ ч тэрээр саяын үгэн дээрээ нэр цохон, жишээ татан хэлж байна лээ. Ингэсээр байгаад л бид энэ хүнийг адгийн амьтан болгосон.
Нэг ёсондоо энэ хүн: -Та бүхний сайн муу бүхийл зүйлийг чинь би хийж гүйцэтгэдэг байсан. Гэтэл та нар намайг эцэст нь ашиглаж ашиглаж байгаад хаях байсан юмуу? гэсэн гомдол хорсол, зэвүүцэлдээ багтравч. арайхийн өөрийгөө барьж байх шиг байна лээ л дээ. 
Аргагүй аргагүй. Ийм өчүүхэн бодолтой, ядуухан нэгэнд бол гомдоод барахгүй гомдол байлгүй яахав. 
ГЭВЧ...! 
"Буруу замаар будаа тээвэл
Буцахдаа шороо тээнэ" гэх ардын цэцэн үг байдаг. 
Төрийн хүн гэдэг хэзээнээсээ л ард түмнийхээ дэмжлэгээр дамжлагдан өндөр сэнтийд залагддаг. Тэглээ гээд дэмжсэн болгоныхоо сайн муу бүх хүсэлтийг биелүүлж ач тусыг нь хариулдаг юм биш шүү дээ. Буруу хазгай гуйлтанд нь тэрс байж, зөв зүйтэй санаа санаачлаганд нь эрс шийдмэг байж л хариулдаг байхгүй юу. Бусдын шантааж, шалаанд үл автан улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн сэн бол өдийд юунд ингэж ард түмнээр чичлүүлэн хөөгдөн туугдан огцорч, гомдол цөхрөл болж байх билээ дээ. 
Энэ төр... Энэ улс орон... Энэ ард түмэн... муу муухай, бохир байсан ч байж болно л доо. Өчигдөрхөн л бид ямар нэгэн хэрэг төвөгт орохоороо ч юмуу, эсвэл ямар нэгэн ажил алба хөөцөлдөхөөрөө, үгүй бол лиценз, тендер авах болохоороо л танил тал хайж "Таньдаг хүн байна уу?" гээд эрэл сурал болон аргалах, зальдах, зохицуулах л тухай боддог байсан. Төрийн албан хаагчид танил талаар нь хандахгүй л бол шударга бус ханддаг, тал тохой харж горьдсон л улс байсан Үнэн биз дээ тээ? Нуух хаах, эмзэглэх зэмлэх байхгүй ш дээ. Үнэн бид тийм л муухай байсан юм чинь...
Ард нийтээрээ ийм байсан ч гэсэн Энхболд гэх энэ нөхөр үүнтэй тууштай тэмцэгч байх ёстой байсан байхгүй юу. Төрийн нурууг "ноён нуруутай" байлгах байсан юм. Алсын хараа, холын бодолтой төрийн хүн байсан сан бол аливаа асуудалд төрийн хараа, уужуу ухаанаар хандах ёстой байсан юм. Даанч тэр тэгж чадаагүй. Хаа хаана нь тал алдахгүйг хичээж, сайн муу аль алинд нь үйлчлээд байсан. Энэ л зан чанар нь энэ хүнийг өөрөө өөрөөр нь аллаадаа. Гомдож байгаа бол тэр, энэ зан чанартаа л гомд. Жигшиж байгаа бол тэр. энэ зусар бялдуу зангаа л жигш. Түүнээс биш -Тэрийг би тийм сайдаар томилуулах гэж байсан, Энүүнийг ийм ч албан тушаалд томилж байсан. Тэд хариу барьсангүй гээд гомдолж, хорсох хэрэггүй юм. 
Ард түмэн итгэсэн хүнээ
Төрийн жолоог барь гэж өргөдөг болохоос
Тал тохой, хариу бариу солилц гэж өргөмжилдөггүй юм. 
Энэ ард түмний дэмжлэг, өргөмжлөлийг энэ хүн даанч ухамсарлаж, ухаараагүй дээ. 
Ухамсарлаж, ухаалаг байсан бол 
. МАНАН бүлэглэл байсныг мэдэж л байсан юм бол устгахгүй яасан юм? Ганцаар устгаж барахгүй, хүч хүрэхгүй байсан юм бол ИЛЧЛЭХГҮЙ яасан юм? 
. Төрийн луйвар булхай байсныг мэдэж байсан юм бол тэмцэхгүй яасан юм? Тэмцэх дэмжлэг олдохгүй байсан юм бол ард түмнээсээ тус дэм эрэхгүй яасан юм?
.Эрх мэдэл, албан тушаал, чадамж боломж, хугацаа энэ хүнд хангалттай байсан шүү дээ. Ийм эрх мэдэл, цаг хугацаа, боломж нөхцөлтэй хүн юу ч хийгээгүй, бүүр өөгшүүлэх маягтай байсан нь МАНАН бүлэглэлийн толгойлогч, 60 тэрбумтан байгаагүй ч байсан гэсэн энэ хүнийг эл бүгдийг хүчтэй дэмжигч хэмээн үзэх бүрэн үндэс болж байна. 
Ийм болохоор ЭНХБОЛД ГУАЙГ цагаатгах, өрөвдөх, гэм буруутайд нь тээнгэлзэх ямарч эргэлзээ алга даа.

Цагдаа хүн гэмт хэргийн хажуугаар дуугүй өнгөрсөн бол гэмтний хамсаатан болж буруутдаг шиг МАНАН бүлэглэлийг аль эртнээс энэ хүн мэдэж байснаа хүлээж л байгаа бол ЯАХ АРГАГҮЙ МАНАН-гийн ХАМСААТАН МӨН.
Түүнийг уучлах ямарч арга байхгүй.

Батболд.Х

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 22 өдөр

Яг юунд бурубтгаад байгёа нь.тодорхойгүй л багааштээ