Ч.Улаан: ТЭДС-д аж ахуйн нэгжүүд 100 тэрбум төгрөгийн өртэй

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн (ХХААХҮ) сайд Ч.Улаантай хийх ажил, баримтлах бодлогын талаар нь ярилцлаа.

-Малчдын орлогын гол эх үүсвэрийн нэг нь түүхий эд. Сүүлийн жилүүдэд ноос, нэхий, арьс шир үнэгүйдлээ. Жишээлбэл эдгээр түүхий эдийн үнэ автобусанд хоёр дамжиж суухад хүрэлцэхгүй болсон. Тэгэхээр түүхий эдийн үнийг өсгөх, үр бүтээлтэй ашиглах талаар ХХХААХҮ-ийн сайдын хувьд та ямар бодлого баримтлах вэ?

-Ноолуурын үнэ өнгөрсөн онд харьцангуй гайгүй байлаа. Махны үнэ өссөн нь малчдад бас үр өгөөжөө өгсөн гэж бодож байна. Харин арьс шир, ноос нь үнэгүй болсон гээд эерэг, сөрөг зүйл их бий. Тэгэхээр би баримтлах бодлогоо товчхон тодорхой хэлье. Малчид, тариаланчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнийг өсгөх, тогтвортой байлгах зорилго тавьсан. Учир нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнэ ханш нь савлах, унах зэргээс шалтгаалж тэдний амьдрал доройтохоос сэргийлэх бодлого чухал юм.

Энэ нь малчид, тариаланчдаас өөрсдөөс нь бас хамааралтай. Яагаад гэвэл мал сүргээ адгуулж, тоо толгойгоор нь өсгөхийн хажуугаар түүхий эдээ чанарын шаардлага хангаж, стандартад нийцүүлж бэлтгэх, сүү саалиа бүрэн ашиглах асуудал бас бий. Тэгээд энэ бүтээгдэхүүнээ дотоод гадаадын зах зээлд үнэ хүрч борлож байх нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд манай яам анхаарах ёстой юм. Эхний ээлжинд дотоодын зах зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлж өгөх ёстой. Дээрээс нь гадаадад гаргах боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энгийн жишээ татъя. Манай улс 66 сая толгой малтай. Малын тоо толгой өсч байгаа нь сайн ч, бэлчээр хүрэлцэхгүй сул талтай.

Ингээд өвөл нь цаг хүндэрч өвс тэжээл дутагдлаа гэдэг асуудал гарч ирдэг. Тэгвэл энэ байдлаа зохицуулах арга бас бий. Бид малаа эдийн засгийн байнгын эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгаа юм. Монгол Улс жилд 20 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоотой. Үүний 10 саяыг нь дотоодын зах зээлд хэрэглэж байгаа. Үлдсэнийг нь экспортод гаргах боломж бий. Энэ хэрээр малчдын орлого өснө. Цаана нь тэр 20 малын арьс, шир, ноос ноолуур гээд түүхий эд гарна. Үүнийг боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, хөгжүүлэх асуудал гарч ирэх нь мэдээж.

-Монголчууд малгүй бол амьдралгүй болно гэдэг. Тэгэхээр жилд малын тоо толгой хэрхэн өсч байна вэ?

-Монгол Улс өнгөрсөн оны мал тооллогоор 66.2 сая толгой малтай байсан. Ингээд хавар нь 18 сая төл бойжуулж авсан. Тэгэхээр оны дундуур Монгол Улсын мал 80 сая давсан гэсэн үг. Харин арванхоёрдугаар сарын мал тооллогоор 66.5 сая толгой боллоо. Үүнээс харахаар 16-17 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд орсон тооцоо гарч байгаа биз. Тухайлбал, 2018 онд 50 гаруй мянган тонн мах экспортод гарсан. Энэ хэрээр малчдын орлого нэмэгдлээ. Тэгэхээр мах үйлдвэрлэлийг дотоод, гадаадын зах зээлд нэмэгдүүлэх боломж манай улсад байна. Ингэвэл малчид орлогоо хуримтлуулах нөхцөл бүрдэнэ. Үүнийхээ хүүгээр амьдралаа тэтгэх бололцоотой. Ингэхгүй болохоор малчид малаа борлуулах зах зээл нь хумигдаж үнэ ханш нь унадаг. Өвөлд нь олон мал онд оруулах гэж байгаа мөнгө, төгрөгөө өвс, тэжээлд өгөөд дуусдаг тал бий. Энэ байдлаас гарах шаардлага, бас боломжтой.

-Инфляци өсөхөд гол үүрэг гүйцэтгэдэг бүтээгдэхүүний нэг нь мах. Дотоодын зах зээл дээрх үнийн өсөлт хот, суурин газрын иргэдэд хүнд цохилт болдог. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Махны үнэ нэгдүгээр сарын эхээр өсч дуулиан болсон. Захуудаар яваад үзэхэд зарим газарт үхрийн нэг кг мах 13 мянган төгрөгт хүрсэн байлаа. Хонины мах 10 мянган төгрөгт хүрсэн. Үүнээс хойш зохицуулалтын арга хэмжээ авсан. Одоо зах зээлд махны үнэ харьцангуй тогтворжлоо. Ямааны ястай мах 6000, үхрийнх 9000 орчим болж байна. Үнийн энэ өсөлт нийлүүлэлттэй холбоотой. Тухайн үед урд хөршийнхөн их хэмжээгээр авлаа. Төрийн зохицуулалт алга гэсэн яриа гарсан. Хууль зөрчсөн бол буруу. Махыг экспортод гаргаж байвал буруу биш.

-Махны үнийн өсөлт малчдад хүрдэггүй. Ченжүүдийн ашиг болж очоод байгаа шүү дээ?

-Судалгаагаар дундын зуучлал орох үед нэг кг махны үнэ 2-3 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр малчдаас дөрвөн мянган төгрөгөөр нэг кг мах авчхаад хот суурин газарт, хүнсний зах дээр долоон мянган төгрөг болж ирээд байна. Зах зээлд малчид өөрсдөө шууд нийлүүлэхэд харьцангуй гайгүй үнээр хэрэглэгч авдаг. Гэтэл тэдний замыг ченжүүд амдаад авдаг шүүмжлэл бас бий. Малчин арай ахиу үнэ санал болгосон хүнд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь буруу биш. Ийм учраас малчдын бүтээгдэхүүнийг бага зардлаар эцсийн хэрэглэгчид хүргэх асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа юм. Түүхий эд, махны тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын нэгдсэн оновчтой сүлжээ бий болгох зорилт гаргаад байгаа. Өнөөдөр бодит ажил болсон нь Хөдөө аж ахуйн биржийн систем болж байна. Үүнийг цааш нь боловсронгуй болгох хэрэгтэй. Нэг жишээ хэлье. Ноос нэг хэсэг үнэгүйдсэн. Тэгээд дотоодын үйлдвэрт тушаасан нэг кг ноосонд 1000 төгрөгийн урамшуулал өгч эхэлсэн. Өнөөдөр үүнд гажуудал үүссэн. Ноосоо өгсөн малчинд урамшуулал нь очихгүй байна. Урамшуулал бодох явцад гажуудал гарч байгаа. Үүнд Төрийн бус байгууллагуудыг оролцуулдаг. Гэтэл тэр нь танил талдаа өгдөг гэсэн асуудал гарч эхэлсэн. Хамгийн гол нь бид угаах үйлдвэрт тушаасан ноосонд урамшуулал өгч байна. Тэр нь угаагдаад эцсийн бүтээгдэхүүн бололгүй экспортод гарах болжээ. Иймд урамшуулал олгоход тулгарч буй гажуудлыг арилгах нь чухал юм. Ингээд дотоодод бүтээгдэхүүн болж байгаа ноосыг урамшуулах ёстой. Үүнээс гадна ноосны урамшууллын хэмжээг бас харж үзэхээр судалгаа хийж байгаа.

-Тэгвэл энэ судалгаа хэзээ дуусах бол. Энэ оны ноос бэлтгэлд урамшууллын шинэ систем нэвтэрнэ гэж ойлгож болох уу?

-Энэ жилийн ноос бэлтгэл шинэ систем оруулна. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлд тушааж, эцсийн бүтээгдэхүүн болж байгаа ноосны урамшуулал нэмэгдэнэ. Одоо олгож буй урамшуулал нь нэг кг ноосонд 1000-2000 төгрөг гэж тогтоосон. Ийм учраас дээд хэмжээнд нь хүргэж нэмэгдүүлэх бололцоо Засгийн газарт бий.

-Махны экспорт ярихад мал эмнэлгийн үйлчилгээний асуудал заавал гарч ирдэг. Мал эмнэлгийн үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, мах экспортолно гэвэл малаа л эрүүлжүүлэх ёстой. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетек нөөцийн тухай хууль батлагдсан. Эдгээр хуулийн дагуу мал эмнэлгийн үйлчилгээг улсын хэмжээнд төрийн босоо тогтолцоотой болгосон. Энэ нь хувийн мал эмнэлгийн салбартай хамтарч ажиллахад төрийн оролцоо зохицуулалтыг оруулж өгсөн. Манай улс онцлогтой. Мал бол үндэсний баялаг. Тэгээд Үндсэн хуульд Төрийн хамгаалалтад байна гээд заасан юм. Иймд малыг эрүүл байлгах ачааг бас төр үүрэлцдэг. Малыг эрүүлжүүлэх, вакцин тариа хийх зардлыг төрөөс олгож байгаа. Тэгэхээр ажил гүйцэтгүүлж байгаа мал эмнэлгийн ажлыг хянаж малыг эрүүлжүүлэх ажлыг энэ оноос эрчимтэй зохион байгуулна. Оны эхэнд таван аймагт ажлын хэсэг ажилласан. Тэгээд мал эмнэлэг үржлийн албыг тусад нь бие даан гаргах болсон.

-Малын тоо толгой хэт өссөн нь бэлчээр доройтох нэг шалтгаан болсон гэдэг. Иймд малын хөлийн татвартай болгох хэрэгтэй гэж байгаа. Ийм татвар авах ёстой юу?

-Малын хөлийн татвартай болсноор бэлчээрийн доройтлын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Багасгаж магадгүй. Харин малаа эрчимжүүлж тоо толгойг нь оновчтой тогтоох шаардлага бий. Нөгөө талаас бэлчээрийн хамгаалалт, арчилгааг сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, ашиглах хуваарь гаргах, худаг ус гаргаж шинэ бэлчээр эргэлтэд оруулах асуудал байгаа юм.

-Хаврын тариалалт удахгүй эхэлнэ. Гэтэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан нөхдүүд асуудал үүсгэсэн гэж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Зээлээ төлөхгүй удсан асуудал гарч байгаа. ХХААХҮ-ийн сайдын эрхлэх ажлын хүрээнд гурван том сан бий. Нэг нь хүн бүрийн танил болсон ЖДҮХС, дараагийнх нь Тариалан эрхлэлтийг дэм­жих сан (ТЭДС), тэгээд Мал хам­гаалах сан (МХС) байна. Эх үүс­вэр чамлахааргүй юм. Бид ТЭДС, МХС-ийн үйл ажиллагааг нарийвчлан судалж үзсэн. Эг нь эдгээр сан газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тодорхой хэмжээгээр дэмжиж туслах үүрэгтэй. Тухайлбал, үрээ авч чадахгүй байгаа тариаланчид үрийг нь зээлээр өгдөг. Тэгээд намар ургацаа хураасны дараа төлдөг. Техникийн шинэчлэлт хийхэд нь бөөнөөр нь хямдхан авч ирээд гэрээний үндсэн дээр олгодог. Ингээд бүтээгдэхүүнээ борлуулсан үнэ өртгөөс суутган авдаг журамтай. Тариаланчдад ингэж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.

Гэтэл ТЭДС, МХС-д нэлээдгүй хэмжээний өр үүссэн байна. Зээл авсан аж ахуйн нэгжүүд түүнийгээ төлөхгүй тав, арван жилээр хугацаа хэтэрсэн томоохон өрнүүд ч бий. Энэ бүгдийг тооцон гаргасан. Одоо шүүхэд хандана. Түрүүчийг нь шүүхэд өгч байгаа. Бизнесийнх нь нөхцөл байдалд халдахаас өөр аргагүй нөхцөл үүссэн байна. Эдгээр сангуудыг цэгцэлж авна. Жишээ нь МХС-гаас сүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор сайн үүлдрийн үнээ авч ирээд зээлээр өгсөн. Тэгээд үүнийг ашиглаад ашиг шимийг хүртчихээд “Чи гунжин үнээ авсан. Үүнийгээ таван жилийн дараа өгөөрэй” гэсэн зээлийн нөхцөлтэй олгосон. Гэтэл технологи алдсан, ном журмаар нь ашиглаагүй учраас нөгөө сайн үүлдрийн үнээ нь байхгүй болсон явдал байна.

-Тэгэхээр эдгээр санд үүссэн өрийн хэмжээ яг хэдэн төгрөгт хүрсэн юм бэ?

-ТЭДС-нд аж ахуйн нэгжүүд 100 тэрбум төгрөгийн өртэй байна. Энэ сан улсын төсвөөс бас зээл авсан байгаа. Тэгээд тариаланчид нь төлөхгүй байгаа учраас энэ сан Сангийн яаманд өртэй болчихсон. Уг өр, алдангийг тооцвол хоёр, гурван зуун тэрбум төгрөгт хүрнэ.

-ТЭДС-гаас бас УИХ-ын гишүүд зээл авсан яриа гарсан. Ийм зүйл байгаа юу?

-Бид судалж байна. УИХ-ын гишүүний нэрээр авсан зээл байхгүй. Тодорхой аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон. Аж ахуйн нэгжийн цаана холын, холын холбоогоор хаашаа хөврөхийг би мэдэхгүй. Ер нь бол бүх бүртгэл тооцоо, дансны асуудлыг нь цэгцлээд гаргасан. Өрөө төлж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацаа өгсөн. Энэ хугацаанд өрөө төлж барагдуулах ёстой. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол бизнесийн нэр хүндэд халдана, шүүхэд өгнө.

-Хэдий хэрийн хугацаа олгож байгаа вэ?

-Эхнээсээ өгсөн хугацаа нь дуусч байна. Аж ахуйн нэгж болгонд өөр өөр байгаа. Учир нь авсан зээл, төлөлт зэргээс хамаарна. Зарим нь төлөх санаачилгатай байгаа. Боломж гарангуут нь бага багаар төлөөд явдаг. Зарим нь боломж байсаар байтал төлөхгүй “Луу унжаад” яамаа шүүхэд өгчхөөд явж байгаа нь ч бий.

-ЖДҮХС-г орон нутагт нь өгөх хэрэгтэй гэсэн яриа гарах болсон. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Энэ бол зөв санал. Намайг Сангийн сайдаар ажиллаж байхад төсвийн 40 гаруй сан байсан. Төсвийн тухай хуульд “Засгийн газрын тусгай зориулалтын сан бол төсвийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн” гэж заасан. Тухайн үед хоёр үе шаттай зээлийн систем амжилттай туршиж үзсэн юм. Засгийн газар Японы банкнаас 130 сая ам.долларын зээл авч банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон. Тэгэхэд бүрэн төлөгдөж ямар ч хэл ам гараагүй. Тэгэхээр энэ механизмыг хэрэглэх ёстой гэж бодож байна. Засгийн газар бага хүүтэй мөнгө олж ирээд банкинд өгнө. Банк үйл ажиллагааны эрсдэл, зардлаа тооцоод 3-4 хувийн хүүгээс хэтрүүлэхгүй аж ахуйн нэгжид өгнө. Банкаар дамжуулах систем алдагдсанаас болж гажуудал гарсан.

Орон нутгаар нь хуваарилах зарчим нь зүйтэй. Тэгэхдээ банкинд эх үүсвэрийг нь өгч үүний хүрээнд танай орон нутаг төслүүдээ шалгаруулж зээлээ олгох ёстой. Энэ горимд нь оруулна гэж бодож байгаа.

-Улсын сайн малчин шалгаруулах журамд өөрчлөлт орох тухай яриа гарсан. Хэзээнээс өөрчлөгдөх вэ?

-Энэ онд хуучин журмаараа шалгаруулсан. Улсын сайн малчдыг 70 орчим үзүүлэлтээр шалгаруулдаг. Үүнийг боловсронгуй болгох асуудал бий. Жишээ нь газар тариалангийн бүс нутгийг Засгийн газраас тогтоосон. Тэгэхээр энэ бүс нутагт олон малтай аварга малчин шалгаруулах уу үгүй юу гэдэг асуудал гарна. Энэ нутагт эрчимжсэн аж ахуй байх ёстой. Иймд энэ нутагт эрчимжсэн аж ахуй шалгаруулах шалгуур тавьж өгнө. Бэлчээрийн нөөц сайтай тал хээрийн бүс нутагт малын тоо толгой, яс чанар, ашиг шим зэргийг анхаарна.

Энэ онд улсын аварга малчин 128 шалгарсан. Энэ нь малчдын хөдөлмөрийг үнэлж байгаа сайн явдал. Энэ шагналын нэр хүндийг өндөрт өргөх асуудал бий. Сүүлийн үед хавтгайрах хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, 1960-1990 онд долоон хүн Улсын аварга малчин болж байсан. Сүүлийн гурван жилд 460 аварга малчин төрсөн. Малын тоо толгой өсөхөд аваргууд нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ малчид Улсын аварга малчин шалгаруулах нь хавтгайрсан гэсэн шүүмжлэл гарах болсон. Ирэх оноос шинэ журам үйлчилнэ.

сэтгэгдэл үлдээх