Г.Занданшатар УИХ-ын дарга боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн 95.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын даргаар сонголоо.

Г.Занданшатарыг өчигдөр  МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжсэн шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл  Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас  100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар ийнхүү  оруулж хэлэлцүүлсэн юм.

Энэ үеэр  УИХ-ын гишүүд Г.Занданшатараас сонирхсон асуултдаа хариулт авсан.  С.Бямбацогт гишүүн  УИХ-ын шинэ дарга парламентын эв нэгдлийг хангах нь чухал болохыг сануулаад, “Эв нэгдлийг хангах чиглэлээр юу хийхээр төлөвлөсөн бэ” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Төрийн түшээд бид нийгмийн эрэлт хэрэгцээ, ард түмний дуу хоолойг илэрхийлэгч байх ёстой. Тиймээс өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга ёсыг хүсэмжилсэн эрэлхийлэлд тулгуурласан эв нэгдэл парламентад байх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт ард түмний эрх ашгийг тавьж, хоёрдугаарт улс төрийн эрх ашгийг тавьж ажиллана. Энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бид нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Тиймээс парламентын хамгийн гол ажил Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой” гэсэн хариулт өгөв.

сэтгэгдэл үлдээх