Иранчууд олон улсад нээлттэй байхыг хүслээ

    

Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, тус улсын төрийн тэргүүн тэргүүн Хасан Рухани улиран сонгогдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Өдгөө 68 настай Ерөнхийлөгч нийт сонгогчдын 58 хувь буюу 28.3 сая хүний саналыг авчээ. Ийнхүү Рухани хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн албыг хашихаар боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 40 сая хүн бүртгүүлсэнээс 70 орчим хувь нь саналаа өгсөн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв.

Ялалт байгуулаад буй Рухани “Иран улсыг илүү нээлттэй, олон улстай найрсаг харилцаатай улс болгоно” гэж мэдэгдсэн байна. Руханигийн гол өрсөлдөгч прокурор асан Ибрагим Раиси 15 сая сонгогчийн саналыг авч удаалжээ.Улиран сонгогдож буй Ерөнхийлөгч Хасани Руханигийн үед Иран улс барууны ертөнцтэй холбоогоо сайжруулж илүү нээлттэй байх бодлого бархимталсны ачаар барууны зүгээс тавигдаад байсан хоригийг зөөлрүүлж чадсан юм. Үүний хүчинд хүн амын амьжиргааны төвшин сайжирч ажилгүйдэл 10 хувьд хүртлээ буурч чаджээ. Арабын ертөнц эмх замбараагүй байгаа өнөөгийн нөхцөлд Иран улс нээлттэй байх бодлогоо үргэлжүүлэн хэрэгжүүлэх бололцоотой болсон нь олон талын ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь Иран терроризмын эсрэг тэмцэлд үнэнч холбоотон болж чадах юм. Хасани Руханий гол өрсөлдөгч Ибрагим Раиси нь тууштай консерватив үзэлтэй бөгөөд сонгуульд ялбал шашны үзэл санаанд суурилсан шинэ дэг журмыг бий болгоно гэж амлаж байсан юм. Нөхцөл байдал нэн төвөгтэй үед Ираны ард түмэн ийм сонголт хийсэн нь түүхэн ач холбогдолтой гэж судлаачид дүгнэж байна.     

сэтгэгдэл үлдээх