Монгол цэрэг Францад амь эрсдэв

Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гариг буюу тавдугаар сарын 19-ний өдөр амиа алджээ. Амиа алдсан хоёр цэргийн нэг нь Өмнөд Африкийн 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн, 28 настай О.Бат-Аргамж байжээ.

Тэд тус улсын Марна голын орчимд завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11:00 цагийн үед сураггүй болсон тухай Зэвсэгт хүний Олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Тухайн үед Марна голын орчимд Гадаад легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж явжээ.

Цэргийн ангиас 10:53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай ирсэн аж. Тус улсын прокурорын байгууллагаас амиа алдсан цэргүүдийг голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс осолдсон хэмээн мэдээлжээ. Хамт бэлтгэл хийж явсан цэргүүд хамтрагчдынхаа амийг аврахаар ус руу орж, тэднийг гаргаж ирсэн ч удалгүй амьсгал хураасан аж. Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байжээ. Тэрбээр 28 настай бөгөөд эхнэртэй, хоёр хүүхдийн эцэг бөгөөд том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай юм байна.

Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ.

Францын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна. Улмаар даваа гарагт талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийхээр болжээ. Дашрамд дурдахад, тус армид манай улсаас 60 орчим цэрэг алба хааж байгаа юм байна.

сэтгэгдэл үлдээх