Сурагчид нэг өдөр амрана

 

Зарим сургуулийн бага ангийн сурагчид өнөөдрөөс амарч буй тухай мэдээллийн дагуу бид холбогдох албанаас тодруулан асуулаа.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайдын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Тийм болохоор сурагчид улс даяар нэгэн зэрэг амрах учиртай. Ямар сургууль хүүхдүүдээ хуваариас түрүүлж амрааж байгаа тухай мэдээллийг яаманд өгч болно. Хувийн сургуулиуд ч хуваарийн дагуу амрах ёстой” гэлээ.

БСШУС-ын сайдын баталсан хуваарийн дагуу 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт ирэх пүрэв гаригаас, 3-5 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 1-нээс эхэлнэ. Харин дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн амрах аж.

Энэхүү хуваарийн  цаашид бүх хичээлийн жилд тогтвортой мөрдөнө гэж албаны эх сурвалж тодотголоо.

УЛСЫН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ерөнхий боловролын сургууль /ЕБС/-ийн сурагчид улсын шалгалтаа өгч байна. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой жил бүр явагддаг. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс улсын шалгалт авч байгаа бөгөөд шалгалт хуваарийн дагуу үргэлжилж байна.

Шалгалтын хуваарь:

5 дугаар анги

  1. Монгол хэл – 5-р сарын 22
  2. Математик – 5-р сарын 24
  3. Байгаль шинжлэл – 5-р сарын 26

9 дүгээр анги

  1. Монгол хэл – 5-р сарын 25
  2. Математик – 5-р сарын 26
  3. Байгалийн ухаан – 5-р сарын 29
  4. Нийгмийн ухаан – 5-р сарын 30

12 дугаар анги

  1. Монгол хэл – 5-р сарын 24
  2. Математик – 5-р сарын 25
  3. Сонгосон агуулга – 5-р сарын 26
  4. Гадаад хэл – 5-р сарын 29

ЭЕШ-Д ХАРАНДАА БИШ ҮЗГЭН БАЛ ХЭРЭГЛЭНЭ

Энэ жил ЕБС төгсөж буй сурагчид болон давтан ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн  хүүхдүүдийн тоо 40388-д хүрчээ.  Тэдний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна. ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Түүнчлэн шалгуулагчдын 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байна.

Нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгосон байна. Энэ жилийн  хувьд ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт оржээ. Юун түрүүн  шалгуулагч бүр өөрийн и-мэйл хаягтай байж, тэр хаягаараа ЭЕШ-д бүртгүүлэх, монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврууд орно.

Өнгөрсөн жил шалгуулагчдыг хариултын хуудсан дээрээ зөв хариуг харандаагаар будахыг шаардаж байсан бол энэ жилээс эхлэн зөвхөн хар өнгийн үзгэн болон тосон балаар тэмдэглэгээ хийхээр журамлажээ. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд төгсөгч бүр монгол хэл бичгийн шалгалтад 400-аас дээш оноо авах босго тогтоож байсан бол энэ жил  босго оноогүй болгожээ.  Гэхдээ тухайн шалгуулагчийн элсэн орох хүсэлтэй их, дээд сургууль нь оюутан элсүүлэх журамдаа Монгол хэлбичгийн шалгалтын босго оноо тогтоосонэ бол түүнийг дагах юм байна.  

ЭЕШ-ыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс шалгалтын анги танхимуудыг  бүрэн камержуулж, сүлжээ сарниулагч, металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргээр тоноглосон байна.  Энэ нь шалгуулагч бусдад саад болох, хуулах боломжгүй гэсэн үг ажээ.  ЭЕШ-ын дүн оноог өмнө нь шалгалт зохион байгуулж дууссанаас хойш 10 хоногийн дараа зарладаг байсан бол  ирэх жилээс шалгалт өгсөн даруйдаа анхны оноогоо мэддэг шууд засалтын технологи нэвтрүүлэх гэж байна. Харин энэ жилийн хувьд өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан нэг шалгалтын төвийг сонгож шалгалтын материалыг засах, оноожуулах ажлыг зохион байгуулж, анхны оноог шууд мэдээлнэ гэж Боловсролын үнэлгээний төвийн дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ. Ирэх жилээс Улаанбаатар хотын 28, хөдөө орон нутгийн 22 шалгалтын төвд шилэн технологийг ашигласнаараа илүү ил тод, нээлттэй болох гэнэ. Яг одоогийн байдлаар ЭЕШ өгөх хүүхдүүд шалгуулагчдын суудлын хуваариа аваад байна.http://www.eec.mn/article275 хаягаар суудлын хуваариа шалгах боломжтой юм. ЭЕШ-ыг зургадугаар сарын 14-18-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулж, зургадугаар сарын 21-нд  өдөр тутмын сониноор, дүн оноог 2017 оны 07 сарын 01 өдрийн өглөөний 09 цагт www.eec.mn сайтаар дамжуулан мэдээлэх юм байна

сэтгэгдэл үлдээх