Тагнын хөх хязгаарт бодол нэрэхүй

Нүүдэлчдийн баг цэргийг хиар цохиод нутгийн гүн рүү нь элдэн хөөсөн нанхиад жанжин олон хоног сараар эзгүй тал, ээрэм говь нутгаар хэдэн сарын нэгживч амьд амьтны бараа харсангүй туйлдан ядрав. Адуу малыг нь дээрэмдэн олзолж, эмс охидыг нь боол шивэгчин болгоно гэж хөөрцөглөж явсан тэд их санасан газар долоо хонов гэгчээр өлсч харангадан хүч тамир нь сүрхий доройтов. Чухамхүү энэ л үесд нутгийн хойд зах хязгаарын ой шугуй, хөвч тайгадаа бүгж тамир тэнхээ суусан нүүдэлчид дайснаа хиар цохиод сэтгэл ханасангүй хот сууринг нь галдан түймэрдэж эзэн хааныг нь олзлон хэдэн жил мал хариулуулжээ. Ийм жишээ ганц нэгээр тогтохгүй. 
Өмнөд хөршийн хүчирхэгжлийн үед умард зүгт дутаан одоод сэргэн хүчирхэгжихдээ тал нутагтаа буун ирж төр улсаа тохинуулдаг байсан нь Хүн нарын үеэс эхлэн оросуудад Байгаль нуур хийгээд түүнээс чинагшхийг алдсан үе хүртэл машид олон зууныг дамжсан байдаг. Монголын эзэрхийлэлийн нэг учиг шалтгаан чухам энэ байсан тухай мэргидийн өгүүлснийг Тува Монголын хилийн шалган өнгөрүүлэх гааль дээр дугаарлан зогсч байхдаа нэхэн санав. Урианхай, цаатан, түрэг, монгол угсаатан үеэс үед холилдон аж төрсөөр ирсэн Соёны уулсаар титэмлэгдэж, өргөн Енисей мөрнөөр энгэр цээжээ бүслэж, өтгөн балар ой тайгаар өвч бүрхэгдсэн эртний нүүдэлчдийн унаган нутаг умарш этгээдэд хаяа хярхаггүй үргэлжилнэ.  

Жадны үзүүр шиг сэрийлдсэн өндөр хөх уулсын дундах өргөн нарийн хөндий дундуур тавьсан өөгүй толигор замаар салхи татуулан давхиж явахад ойт хээрийн хэв шинж болсон шилмүүст мододын хэсэг бусаг зам тосон архайлдаж, өндөрхөн дов толгодын орой бэлээр одой хус, арц хөвдийн бутнууд сэрийлдэнэ. Тавдугаар сарын сүүлчийн тайгад номин ногоон өнгийг хэдийн өгчээ. Эх орноос минь үдэн гаргаж Тува нутгийн гүн хүртэл дагалдан бараа болох элбэг уст Тэсийн гол бургас шугуйгаараа даллана. Завханы Тосонцэнгэлээс энэ хүртэл засмал замын бараа хараагүй болохоор аяны ур замын зүдэргээгүй нэн таатай. Оросууд хэзээнээс алив  ажлыг чанартай хийдэг хойно замыг ч урлах шиг болжээ. Зам гүүрийн барилгын ажилдаа дэлхийд эхний тавд багтдаг гэж жолооч Андрей анд маань ярьж байна. Үнэн гэдгийг нь Соёны нурууны оргилуудыг холбосон зам засварын ажлаас хожим өөрийн нүдээр харж билээ. Цэвдэгт хөрстэй уулын замыг барилгын суурь барьж байгаа юм шиг газарт нь гүн ухаж тусгай цементээр цутгаж, хөрсний нуралтаас хамгаалан төмөр торон сараалжаар битүү торлон дахиад д цутгана. Тэгээд сая нэг асфальтаа хэд хэдэн үечлэлтэйгээр хучих юм билээ. Зардал өртөг гэдэг ч тоймгүй. Хаагуур яаж хэрхэн тавих судалгаа гаргахдаа цаг хугацаанд баригдахгүй. Хамгийн гол нь чанартай удаан эдэлгээтэй байх ёстой. Замын арчилгаа хамгаалалтандаа сүрхий анхаарна. Орон нутгийнхан нь замаа хэрхэн арчилж байгаагаас шалтгаалаад дараагийн замын хөрөнгө оруулалтын асуудлыг шийднэ. Их гүрэн юм болохоор сахилга хариуцлагыг тооцвол тооцсон шиг тооцно. Хамгийн бага торгуулиа гурван мянган рублиэс эхлүүлнэ. Манайхаар 90 гаруй мянган төгрөг. Цагдаа цуухаасаа айж эмээнэ гэдэг нь жигтэйхэн. Ийм том гүрнийг нэгэн дээвэр дор эмх амгалан аж төрүүлж буй төр бурууд хурц хатуу байхаас ч яах билээ. Оросын хил даваад Тэсийн голоороо хөтлүүлсээр 50 гаруй км явсны эцэст хамгийн түрүүнд тааралдах суурин бол Эрзин. Увс, Завханы хойд сумдынхан бол андахгүй. 90-ээд оны Монголын хилийн хамгийн халуун бүс нь Туватай хиллэх энэ зурвас газар байлаа. Домог шиг яриа хил орчмын хүн зоны дунд бишгүй. Аль аль талаасаа сайн эрчүүд ч олон төрсөн юм байх. Нутаг дамнасан малын хулгай аль тэртээ 1870-аад оноос гаарч байж. Манжийн доройтлын үед монгол ноёдоор засаглуулж байсан Тува нар ойр хавьцаах хошуудаас морь мал хулгайлан эх захаа алдаж Манжийн дарангуйллын эсрэг нэрийн дор самууны шинжтэй болсон тухай он дараалалын бичигт буй. Ховдоос цэрэг хөдөлгөн самууныг дарж, 30 гаруй толгойлогчдыг нь барьж Ховдын амбаны газар мөрдөн шүүж, дийлэнхийг нь цаазлан хороож бусдад нь сургамж болгох үүднээс Урианхайн хязгаарын голлох даваа, зам гудсын дагуух шонгоос толгойг нь өлгөж цээрлүүлснээр байдал намжжээ. Мал хулгайлж айл амьтан самууруулсан нь ч бий л байх. Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн нь ч цөөнгүй. Тувагийн түүхэнд тэднийгээ 30 баатар гэж өргөмжилж бахаддаг юм билээ. Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэнд ч судлууштай л үйл явдал юм билээ. 1990-ээд оны хил дамнасан малын хулгайн үеэр Монголын талаас арав гаруй хүн шархдаж амиа алдсан нь хөдөлбөргүй. Хилийнхэн маань ч цөөнгүйг нь буудаж шархдуулсан нь бий. Бүр нутгийн гүн рүү нь манай цөөхөн хилчид зохих зөвшөөрлийн дагуу энэ Эрзин тосгоны баруунтайх тайгын тагаас Айдас гэж алдаршсан бүлэг хулгайчдын заримыг нь барьж адуу малаа бүрэн бүтэн олж авч байсныг нутгийнхан өнөөг хүртэл ярьдаг. Үнэн худлыг нь бүү мэд цэрэг цагдаагийнхнаа ч айлгаж ичээж, нутгийн олноо ч амар жимэр суулгадаггүй мөнөөх Айдасыг ч монгол хилчид нутаг дээр нь номхотгож буудан хороосон ч гэж ярих юм билээ. Тийм дур зоргоороо зүйл гэж юу байх билээ. Хэд хэдэн удаагийн ийм дайралтын дараа хил дамнасан малын хулгай хумигдсан гэнэ. Гэхдээ Оросын төрийн бодлого ч их нөлөөлсөн болов уу гэж Тува нарын ярианаас бодолхийлж суулаа. Ганц Тува ч гэлгүй Орос даяараа 1990-ээд онд хямарч дээрэм хүчирхийлэл газар авсан үе байлаа шүү дээ. Путин гарч ирээд бүх зүйлийг байранд нь тавьсан гэж ярилцана. Үнэний ортой. 

ЗХУ задарч юун зах хязгаар нутагтай манатай байхад ийм дур зоргоороо ааглах нь элбэг байсан хэрэг. Хар тамхи, хил дамнасан хууль бус наймаа, архидалт, биеэ үнэлэлт, дээрэм тонуул гээд иргэншлийн бузар муухай бүхэнд тувачууд автаж эхлэжээ. Төмөр хөшигний дотор байсан болохоор ага ч үгүй биз. Гэнэн итгэмтгий, цайлган цагаан иргэншлийн сүүдрээс хол хөндий явсан ард түмэн хиртэхдээ төдийчинээ амархан. Цонх нээхэд цэвэр сайхан агаар орох нь сайхан боловч дагалдаад ялаа шумуул орж ирэх нь зүй шүү дээ. Оросын төр зах хязгаарын ард түмэндээ анхаарал халамж их тавина. Ажилгүйдлийн, гэр бүл болсны, сургалтын төлбөрийн, хүүхэд төрүүлсний халамж тэтгэлэг мундахгүй. Эхнэр авч айл гэр болоод улсаасаа байраар шагнуулчихна. Хүүхэд төрүүлбэл бас л байраа томсгуулчихна. Эсвэл дүйцэхүйц мөнгөн урамшуулалтай. Ажилгүй ч гэсэн тэтгэмжээр хоёр идэж хоосон хонохгүй. Төрийн алба бараадчихвал хязгаар нутгийн нэмэгдэл гээд төвийнхнөөсөө илүүг хүртэнэ. Төрийн хөнжилд хөлбөрнө гэдэг тэр. Эрзин бол хэр тааруухан оросжсон тосгон. Орос тува холиод л яриад ойлголцчихно. Гэхдээ хилийн ойролцоо болохоор ч тэр үү тувагаараа гол төлөв ярина. Харин нийслэл Кызиль рүүгээ дөхөх тусам орос хэл зонхилоод эхэлнэ. Тэсийн гол минь чухам эндээс л биднийг үдэж гаргаж өгнө. Хамгийн эх оронч гол минь зам гудасын эхэнд манийгаа орхиод эх нутаг руугаа газрын дөтийг харан дүнхийсэн хадан уулсыг хутга шиг зорж онгон танхил бүсгүй шиг гуа сайхан атлаа догшин урсгалдаа тэвэр бүдүүн унанги дархи хөглөрүүлсээр талийж одно. Тувагийн түүх инээд баяслаар элбэг байхын сацуу уй гуниг, нулимсаар дүүрэн. Урианхай хязгаар гэж байгаад ах дүүс, амраг саднаасаа хагацаж хилийн наана цаана гарсан гашуун нулимс нь хатаагүй ард түмэн. Увс, Завхан, Хөвсгөлийн нутагт үлдсэн ах дүүсээ сураглах хөгшид хуруу дарам цөөхөн болжээ. Гэхдээ л элэг хойно сураг ажиг тавих дунд эргэм насныхан хааяагүй таарна. Бидний жолооч Андрейгийн ээж Балжид ч тэдний нэг. Балчир ахуйдаа нэг өглөө зуслангаасаа нүүх амжилгүй хилийн цаана гарчихсан гэдэг. Зарим нь нутаг буцах гэж тэмцээд хилийн харуулуудад туулгуулж, уйлж дуулаад буцсан гэнэ. Шөнө дөлөөр оргосон нэгэн нь баригдаж зодуулаад шорон гяндан руу ачигдсан нь тэдний гашуун түүхийн нэгээхэн хэсэг. Хөвсгөлийн хязгаарт эдүгээг хүртэл аж төрж суугаа Кадырь эмгэн, -Манайх олон бүлээрээ Тувагаас нүүж ирсэн. Хил хаагдчихсан байсан үе. Ирээд удаагүй байтал Тувагаас том дарга нар баахан орос цэрэг цуухтай хүрч ирээд манайхныг барилаад аваад явсан. Зарим нь зугтаад ихэнх нь баригдчихсан. Хоёр гарыг нь ард нь хүлээд хөлийг нь цааны гэдсэн доогуур холбож баглаад туучихсан. Хөгшин нялхгүй л явсан даа хөөрхийс гэж ярьсан нь эрхгүй санагдана. Цаг төр ч хэцүүхэн байж дээ. Тувагаа алдахгүй гэж маршал Х.Чойбалсан маань ч их хичээсэн гэдэг. Тувагийн сайд наадмаар Монголд уригдаж ирэхдээ ЗХУ-тай бид нэгдэнэ гэж хэлээд маршалд алгадуулсан юм гэнэ лээ. Халуун бүлээр нь өвөр, тагна тува, буриадтай нь үлдээчих санаа их байсан ч тусгаар тогтнолтой нь үлдээхээс өөр аргагүйд тулсан нь энэ биз. 
Багашаархан Эрзин суурингийн орой үдшийн намуухан сэвшээ салхинд бодол нэрэн суухад юу эс зүрх шархлуулах билээ. Монголын энэ өндөрлөгт нүүдэлчид хэчнээн ч удаа сэргэн мандаж, бууран доройтов. Цаашхийг эс мэдэвч буурлын ухаанаас тохой дор, уужим сэтгэлээс балга дутуу, чин халуун зоригоос өлмий дутуу явахгүйсэн гэж санаж билээ.

Тува улсын хамгийн өмнөд суурин болох Эрзин тосгонд нэг хоногийг төөрүүлж орхичихоод өглөө эртийн бөмбөгөр цагаан нарны нимгэн цухуйх үесд нийслэл Кизыль хотыг зорин хөдөллөө.Нутгийн хөгшчүүлийн хууч ярианд хүлэгдэн нэгэн үдшийг бахтай өнгөрүүлсэндээ урамтай.Эрзин тосгон хил хязгаар давуут Тэсийн гол өндөр хадан хавцал ,хясаа мөргөн өндөр уулсын дундуур багтаж ядан уухчиж эргээд л Монголынхоо зүг суналзан урсана.Хөвгүүдээ аян замд үдэж гаргаад сэтгэл нь булгилан догдолж гэдрэг эргээд сэтгэл нь тайвширсан бололтой бөг бөг гэлдрүүлж явах өвгөн лугаа адил алаг уулсын хөндийгөөр зугуухан урсаж одлоо.Сибирийн алдарт хусан ой охидууд шиг цэмцийгээд ,жодоо нарс,гацуурын төглүүд,хар модон ой дунд цэргийн жагсаал шиг цэвэрхэн эгнэнэ.Зам дагуу хэсэг бусаг нялх төглүүд үргэлжилж мөдхөн ой тайгын энд хүрэн сүглийхийг сануулна.Дараагийн суурин болох Самгалдай бол урианхай,монголчуудын хувьд бол олон зууны үүх түүхтэй нь салшгүй холбоотой.Тагнын хязгаарыг засан тохинуулах монгол ноёд энэ хавилдуу өртөөлөн бууж ажил хэргээ явуулдаг байж.Ангийн үс арьс,хүдрийн заар,баавгайн доньт,ногоон хаш агсан маймаа нар эндээс нийслэл хүрээ,Улиастай ,Ховдыг зорьж гурил будаа,даавуу даалимба,төрөл бүрийн бараа таваар бүхий тэмээн жин Самгалдайн хүрээний гол даааман хаалгаар орж ирнэ.Алс хязгаарын хувьд бол Самгалдай бол их хүрээ аж.Манжийн ноёрхлын үед Урианхайн хязгаарыг элбэн тохинуулах түшмэл Улиастай,Ховдоос томилогддог байсан бол их монголын үед ойн иргэдийн хэргийг хамаарсан түшмэл Хархорумаас томилогддог байсан тухай ьззхэн эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.Барон Унгерн хийгээд Монголчуудын тухай “Хүн ,араатан бурхад”номыг бичсэн Осендовский гэгч цагаан армийн офицер чухамхүү энэ л Самгалдайн хүрээнд ирж аяны алжаалаа тайлаад морь мал худалдан авч,тува ноёнтон ихэд дотносон адуу мал,хоол хүнс бэлгэнд авч байсан тухай тэмдэглэлдээ өгүүлсэн нь бий.Ер нь Сибирийг судлах зорилготой оросын экспидецийн олон багийнхны тэмдэглэлд Самгалдайн тухай тэмдэглэсэн нь бий.20-р зууны эхэн үесд Самгалдай гурван мянга гаруй ном судартай том хүрээ хийд байжээ.Эрт цагийн сүм хийдүүдээс өнөө үлдсэн нь цөөн.Гол цогчин дуган,хүрээний эвдэрхий тэг доторх дөрөв тавхан сүм  тэргүүтэн л үлджээ.Тувачууд үлдснийг нь жаахан засч тохижуулан хуучных нь туурин дээр хэд хэдэн цоо шинэ дуган босгосон харагдана.Хуучны гашуун түүхийг нэхэн санаж байгаасай гэсэндээ эвдэрхий балгас тууриудыг сэргээн засахыг хичээддэггүй байж мэдэх юм.Бурхангүй Сталин будалин сүмийг буртагтай нь холив гэж дуулдаг нь чухамхүү энэ л Самгалдайн хүрээг орос цэргүүд их буугаар буудаж ,бурхан шүтээнийг нь эвдэн бусниулж,хүй олон лам нарыг хойд жалганд нь буудаж Магадан,Сахалины,Гуаач-ууд руу ачснаас үүдэлтэй биз.Өнөө цагийн Самгалдай бол Тувадаа дээгүүрт тооцогдох томоохон суурин.Том том өндөр шилэн байшингуудгүй ч орос маягийн цэвэр цэмцгэр хашаа, дүнзэн байшингууд, гэрэлтүүлгийн шонгууд бүхий өргөн гудамжууд бүхий товхийсэн суурин. Айл болгон шахуу хашаандаа хүлэмж,гар худаг,халуун усны багшаархан байшинтай.Өнгө будаг алаглуулж будсан хүүхдийн эвлүүлдэг тоглоомон байшингууд тараагаад байрлуулчихаа юу гэлтэй давааны орой дээрээс соньхон харагдана.Цагтаа монголын хойд хязгаарын буддын хамгийн том хүрээ хийд байсан Самгалдай олон хил, шашны суурин болжээ. Христийн үнэн алдартан, лалын шаин нь бурхан буддатайгаа хаяа хатган эвтэй найртай аж төрж байх юм. Самгалдай гэдэг үг алаг уул гэсэн утгатай урианхай үг. Монголын хүчирхэгжлийн үед монгол үндэстэн угсаатныг бүрдүүлж байсан цөм аймаг нь урианхай нар. Монгол нутгийн гүнд Самгалдай нэртэй хоёр ч хүрээ хийд бүхий суурин Хөвсгөл, Завханд байснаас ажиглахад урианхай хэлэнд алаг гэдэг үг их эрхэм үг аж. Их Монгол улс цагаан,хар басхүү алаг сүлдтэй байсныг холбож бодоход ч нэгийг хэлнэ. Байгаль орчны байдлаас харахад ч эргэн тойрны уулс нь ой хөвчөөр бүрхэгдсэн өндөр шовх алаг уулс,шохой гантиг хаш чулуугаар нэн баялаг. Хаа ч очсон манайхан шиг харсан үзсэн болгоноо хагалж сэндийлээд байхгүй. Хятадууд өнөдр албан тушаалтнуудыг нь хахуулдаж хэд хэдэн уурхай нээж олборлоль явуулж эхлэхэд нутгийнхан эсэргүүцэн босч дажин болохоо шахсан гэнэ. Москвагаас Тува улсаас Оросны төрийн Думд сонгогдсон гишүүн тэр даруйхан шиг нисэж ирээд ерөнхийлөгчийг нь олны өмнө алгадаж хахууль авсан нөхдүүдийг шоронд хатаачихсан гэж Тувачууд ярина. Түүнийгээ өүр ид хав болгож өвөр зуураа аяга цайны хачир болгон бахтай өгүүлнэ. Хууль нь гууль болоогүй газарт шударга үнэн оршиж,хүн зон нь амар амгалан сэтгэл хангалуун амьдрах юм даа гэх атаархал сэтгэлд үес үесхэн асч суулаа. Соёотууд/Тува,Урианхай нар/алив шинэ зүйлд их сэжиглэнгүй хандана. Амьдралдаа огт харж байгаагүй ч бидний эдлэл хэрэглэлийг ер сонирхсон шинжгүй. Луужингаа бэлэглэхэд саванд загасны шөл буцалгаад буцааж өгчихөж билээ. Хэзээ хойно луужингийн зүүгээр гайгүй сайн үагасны дэгээ хийчихсэн байсан юм...гэж 1860-аад онд Оросын хааны шинжилгээний багт ажиллаж Тувагаар аялсан нэрт эрдэмтэн В.Курчки тэмдэглэлдээ өгүүлсэн нь бий. Энэ үг үнэний ортой. Буддын шашин монгол даяар нэвтрэхэд хамгийн сүүлд урианхай хөвсгөлийн хойд хязгаарт тулж зогсжээ.Тува,Урианхай нар хүлээж авсангүй ихэд сэжиглэнгүй ханджээ. Будда, бөөгийн шашин хил хязгаар тогтоосны нэг нь энэ Самгалдай. Нөгөө нь Хөвсгөлийн Цагаан-Үүрт байх Даяндээрх. Самгалдайгаас хойших өндөр даваан дээр бөөгийн шашны ёслол үйлддэг асар том овоо бий. Бөө удганууд энд бөөгийн хүч чадлаа гүйцээж,ид шид хувилгаан чанарт төгс боловсордог гэж үздэг юм. Энэ тухай дараагийн тэмдэглэлдээ өгүүлье. Саяны их нуруун дотор оршиж нүүдэлч –анчдын уугуул нутагт зорих аян маань Самгалдай хэмээх ариун дагшин газарт түр амсхийгээд алдарт Енисей мөрний зүг хөдлөсөн билээ.

Самгалдай суурингаас чанх өмнөд зүгт довтолговол онго шүтээнт бөө удганы голомт нутгийн зах руу орж явчихна. Төв Азийн нүүдэлчид буддын шашин гуравдахь удаагаа нэн хүчтэй дэлгэрсэн тэр цагаас буюу 16-р зуунаас энэ хязгаар буддын бөөгийн шашны хил хязгаар болжээ. Зүүн зүгт Амур мөрнөөр эмжээрлэгдэн, төв хэсэгтээ Хөвсгөлийн Даян дээрх,баруун этгээдэд Саяны нуруу,Самгалдайн хүрээгээр буддын шашны нөлөө хязгаарлагдсан бөлгөө. Хоёр шашин шүтлэгийн анх уулзан золгосон домог нь ч адилавтар шинжтэй. Буддын шашны нэгэн хувилгаан лам бөө хоёр долоон долоо дөчин ес хоног ид шидийн хүчээр тэмцэлдсэний эцэст нэг нэгнээ дийлэхгүй хүчин мөхөсджээ. Эцэст нь хувилгаан лам өмнөд хэсгийг хувилгаан бөө умард хязгаарыг эрхшээнэ хэмээн ам өгснөөр найрамдсан гэнэ. Самгалдай сууринг өнгөрөөд их тайгын уулын тагтад эгнүүлж босгосон арван гурван том их овоо таарна. Тувагийн бүх бөө удгад энэ овоог жилдээ хоёр удаа тайж их тахилга хийнэ. Улаан хувьсгалын он жилүүдэд тасалдсан ч гэлээ нууцаар тахих нь мэр сэр байсан гэдэг. Ян сарьдаг өтгөн балар их тайга, даахирч ширэлдсэн их ширэнгэ шугуй,нэвт сүлбэн уулын түргэн урсгалт голуудын дээгүүр тавьсан гүүр бүхий толийсон сайхан замаар удтал хурдалсны эцэст цэлийсэн уудам хөндийд тулан ирлээ. Жинхэнэ цаа бугын нутаг. Хаг хөвд, одой хус, хуш, намгархаг бамбагар хөрс бүхий үргэлжилсэн хөндийн Саяны салбар уулс тулсан үзүүрээр Енисей мөрөн урсана. Хөвсгөлийн их тайга Дархадын хотгорын үй олон гол горхи нуур цөөрмөөс эх аван Тувагийн Кункуртуг тайгыг нэвтлэн Саяны дүнхэгэр нурууны суга заальхайгаар урсахдаа уулын олон арван гол горхийг өөртөө нэгтгэсээр энэ уудам хөндийн хэвлийгээр нэгэн аугаа том мөрөн болон бялхагдана. Бага Енисей гэх авч өргөн Сэлэнгийг минь хэд дахин нугалмаар аугаа их мөрөн. Их Енисей нь энэ хөндийгөөс арай дээхнэ бас нүдэн балар их ой хөвчийн их нуруудаас эх авч Тувагийн нийслэл Кизыль хотын орчимд нийлэх бөлгөө. Бага Енисей нь их Енисейгээсээ арай л том боловч газар зүйн зураг дээр байршлаасаа шалтгаалан ийн нэрлэнэ. Эрт цагт Чингис хааны ууган хүү Зүч ойт иргэдийг дайлаар мордохоор явахдаа Хөвсгөлийн Өлийн даваан дээр хоноглосон гэнэ. Зүчи хаан тэр шөнөөр шигэр...шигэр.. гэж ер бусаар жиргэх хөх өрвөлөгтэй, алтан шувуу гэрэл цацруулан жиргэж байхыг үзэв хэмээн зүүдэлжээ. Үүнд их л бэлэгшээн хөндийгөөр урсах нэгэн голыг Шигэр гэж нэрлэсэн гэдэг.Шигэр голын нэр сунжирсаар Шишгэд гол болж. Их хааны бэлэгшээснээр элбэг цагт их тайга их нурууг хэвлэн их мөрөн болсон юм гэж Урианхай ард түмэн өдүгээ хүртэл домоглон ярьдаг. Тувачууд Енисейг “Улуг-Хэм“ гэж нэрлэнэ. Монголчилбол их мөрөн гэсэн утгатай. Тэдний ихэнх домог Чингис хаан болон түүний есөн өрлөгийн нэг Сүбээдэй баатар-ын тухай өгүүлнэ. Энэ ч аргагүй юм. Ойн иргэдээс төрсөн аугаа баатар. Хөвч тайга, гол ус намаг балчгийг сайн мэдэхийн хувьд Орос зүүн европийг дайтахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байж болох юм. Чингисээс хойш ч Бат хааны үнэнч шадар нь байж их гүрнийг тэлэн өргөжүүлэх их үйлсэд үнэлшгүй хувь нэмрээ оруулсан юм. Сүбээдэйн хүү  Урианхайдай баатрын нэрээр энэ хязгаарын ард түмэн өөрсдийгөө овоглодог нь ч ийм учиртай.

Тува түрэг хэлтэй. Түрэгийн хүчирхэгжилтийн үеэс улбаатай нэршилтэй уул усны нэр одоо ч бий. Хөвсгөл, Сэлэнгэ, Туул ...гээд гол усны нэр үнэн хэрэг дээрээ түрэг үг юм. Улуг хэм буюу бага Енисей мөрөн биднийг хөтлөсөөр Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Кизыль хотод үдшийн бүрэнхийгээр авчирлаа. 168,604 км газар нутагтай 320 гаруй мянган хүн амтай 20/1 хувь нь орос, Тува/түрэг/, Орос/слав/ хэлээр өөр зуураа ойлголцдог аугаа Сибирийн төв хэсгийн нүүдэлч-анчдын нийслэл. 80-аад оны Улаанбаатарт хөл тавьж байна уу гэлтэй тэр үеийн байшин барилгууд хувилаад өрчихөө юу гэлтэй эгнэнэ. Энэ сансар хороолол, тэр 3,4-р хороолол гээд нэрлэчихэж болмоор... Шөнийн Кизылийн гудамжаар алхаж явахад энэ хот гэрэл гэгээтэй сүүдэр харанхуйтай хичнээн он цагийг элээгээ бол гэх бодол төрнө. Түүх сөхвөл Оросууд Сибирийг эрчимтэй өөрийн болгож байхдаа их бага Енисей мөрний уулзварт өөрсдийн худалдааны суурингаа байгуулжээ. Ойн иргэд ангийн үс, алт эрдэнэс авчирч орос худалдаачдад худалдаална. 18-р зуунд багшаархан байсан ашиг орлого үлэмж их олох болсноор өргөжин тэлж Белоцарск суурин гэгдэх болжээ.200 гаруй монголчуудыг эрхшээсэн манжийн төр унахад ойн иргэдийн байдал эвгүйдэх тийшээ хандсан.Оросууд нөлөөлөлийн бүсээ алдахгүйг хичээн Белоцарск хотод олон тооны цэрэг суулгасан юм. Богд хаант Монгол улс байгуулагдсан ч Тува нарын тухайд нааштай хандсангүй. Зндэс угсаагаа нэгтгэе гэж бодсон их гүрнийг царайчлахаас өөр арга байсангүй. Оросын хаант улс унаж удаан хугацаанд үргэлжилсэн иргэний дайн дэгдэхэд Тува нар хөлд нь ихэд нэрвэгдэж эхлэжээ. Улаантанд бут цохиулсан цагаантны үлдэгдэл цэргүүд хэсэг бусгаараа монгол руу дүрвэхэд энэ хязгаар бас нэгэн гарц нь болсон юм. Тэдний араас хөөж явсан улаан цэргийн замд ч ихээхэн сүйдсэн билээ. Дараа нь коминтерний яргалал, тоглоомын бүгд найрамдах улс, шинэ эргэлтийн бодлого, их хэлмэгдүүлэлт, хүрээ хийдийг устгах бодлого гээд юу эсийг үзсэн гэхэв. Тэр бүхнийг энэ Кизыль буюу улаан хот, белоцарск суурингаас эхлүүлж хэрэгжүүлж эцсийг нь үзэж байсан юм.

Нүүдэлч монголчуудын түүхэнд газар нутагтайгаа алдагдсан ард түмэн, цаг хугацаа олон бий. Монголын хүчирхэгжлийн үед тараагдсан нүүдэлчдийн удам угсаа хоыд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл, Япон тэнгисээс Адриатын тэнгис хүртэл үргэлжилсэн их дайдын энгүйд бий. Тэд минь өнөө хийгээд өнгөрсөнд хэрхэн аж төрж ирсэн нь элэг нэгтэн бидэнд огтоос хамааралгүй биш. Өнгөрсөн зууны эхэнд өвөг монголдоо эргэн нийлэх гэж зүтгээд улаан коммунистуудад хэдэнтээ тасар татуулсан тува нарын өлгий нутгийн нийслэл Кызыл хотод умар этгээдэд зорчсон гуравдахь өдрөө үдшийн бүрийгээр ирж хоноглосон өдрийн үүрээр нисдэг тэрэгний дуунаар сэрэхдээ бодлогширсон юм. Аялалын маань зорилго тэмүүлэл домог түүхийн тэр л “алдагдсан хугацааг” сэтгэл оюундаа нөхөн ургуулахад оршиж байлаа. Төвдугаар сарын сүүл гэхэд итгэмгүй бороо шаагиж, онгорхой гэгээвчээр үй олон Енисейн цагаандаа гарсан дээрэмчин шумуулууд нисэлдэн орж ирээд өчүүхэн гургар биеийг минь шөнөжин шимж найрлав. Эрхий хурууны хумсны толион чинээ болтлоо ягаарсан цүдгэр гэдсээ дааж ядан даажигнах мэт толгой дээгүүр хэдэнтээ шунгинаад залхуутай нь аргагүй цонхоор нисч одно. Их бага Енисейн уулзвар дээр орших тул Кызылийн шумуул гэдэг тоймгүй их. Сэлэнгийн алдарт шар шумуул юу ч биш өдөр шөнөгүй дайралтанд өртөнө. Харийн хүнд бол бүр ч халтай яггүй эх оронч амьтас Хамгаалах тос түрхэж, цонх хаалганы тор хадаж, шумуул зайлуулагч шингэнтэй үргээгч цахилгаанд залгаж хонохгүй бол шархны халуундаа шалбарч мажиймаар барахгүй дава. Нойр үргээсэн нисдэг тэрэгний дуу дахиад л хангинаад явчихав. Байрлаж байгаа байрны маань чанх өмнүүр зүүн зүг рүү нисгэгч нь даллах шахуу нисээд өнгөрөв. Тэгснээ дараахан зүүнтээх уулын тэртээгээс хүчтэй нүргэлэх чимээ гарч бөөн шороо тоос удвал хөшиглөн нүүх нь үзэгдэнэ. Тувагийн нийслэл Кызыл хотын нэг өдөр ингэж эхэлнэ. Тувагийн газар нутгийн 70 орчим хувь нь үргэлжилсэн их тайга, ширэнгэн ой хөвч эзлэх тул автомашинаар очиход нэн төвөгтэй. Тийм газруудад нисдэг тэргээр л бүхнийг амжуулна. Өглөө өдөр орой баруун зүүн, хойд, өмнөдөөс нрсдэг тэрэгнүүд ирж буцна. Кызыл хотыг цахилгаан дулаанаар хангах нүүрсний уурхай хотын ойролцоо байх бөгөөд өглөөгүүр тэсэлгээ хийдэг болохоор ийм их дуу шуугиантайгаар өглөөг эхлүүлдэг авай.

Соц нийгмийн үед ЗХУ өөрийн бүрэлдэхүүн болсон Сибирийн тойргийн хотуудаа нэг ижил загварын орон сууцны хороолол, үйлчилгээний төв, сургууль цогцолбор бүхий зураг төслөөр барьж байсан гэдэг. Аль ч хотод очсон нэг ижил загварын байшингууд эгнэнэ. Улаан үд, Абакан, Кызыл хаа ч тогтсон нэр хаягтай адилхан байшин гудамжнуудтай. Тэр жишгээр баригдсан өнөөгийн  Кызылд орчин үеийн барилга байшин цөөнгүй ч бүх зүйл хуучнаараа шахуу. Манай нэг аймгийн төвөөс томгүй энэ хотод 100 гаруй хүн ам оршин сууна. Хүн амынх нь гуравны нэг нь рхшин суух энэ хотын түүх 200 орчим жилийн түүхтэй. 1895 онд Тагнын хязгаарын газарзүйн байршил, ашигт малтмал, агнуурын нөөцийн тухай судалгаа хийж явсан Оросын цагаан хааны судалгааны багийн ахлах шинжээч Ю.А. Патриахын тэмдэглэлд, -Соянчууд /тува, урианхай/ уул тайгаасаа жилдээ хоёр удаа бууж ирнэ. Хаврын тарчиг хатуу цагт бууц өвөлжин агнасан ангийнхаа арьс үс, ховор чухаг эмин ургамал, амьтны эд эрхтэнг оросын худалдаачдад худалдаалж оронд нь буу, хавх, гурил будаа авна. Орос худалдаачдын Белоцарск /Кызыл/ сууринд заримдаа өмнөдөөс хятад, монгол худалдаачид ирж хөлтэйхөн наймаа хийнэ гэж тэмдэглэлдээ өгүүлжээ. Кызыл их бага хоёр Енисейн уулзвар нам дор газар орших бөгөөд хэдэн арван км үргэлжлэх энэ хөндийг Тувагийн хотгор гэж нэрлэх аж. Хөвч тайга, Сибирийн хамгийн том мөрөн заримдааурсдаг тэнгис ч гэж нэрлэдэг Енисей, Тагна, Саяны нурууны энэ хязгаарт нүүдэлч анчид отог омгоороо найрсан амьдарсаар ирсэн гэж эртнээс үзсээр ирсэн ч Аржаан 1, Аржаан 2 археологийн олдвор олдсоноор хүчирхэг том төрт улсууд оршин тогтнож байсныг батласан нь энэ ойлголтыг бүрнээ үгүйсгэсэн юм. МЭӨ 7-дугаар зууны үед хамаарах Аржаан 1 олдворт язгууртан нарын бүлэг хиргэсүүрийг олжээ. Тоногдсон ч гэлээ энэ олдвор түүхийн чухал олон мэдээлэлийг агуулж байсан юм. Төдөлгүй археологчид ойролцоо газраас хааны булш олжээ. Газар дор бүхэл бүтэн модон хотыг олсон хэрэг. Хаан хатантайгаа цул алтаар бүрхсэн тасалгаанд алтан авсанд орших бөгөөд150 шахам адууг эргэн тойронд нь хүрээлүүлэн онголжээ. Мөн түүнчлэн 16 морь, 35 хүнийг хойлоглон оршуулсан байсан нь нүүдэлчдийн хамгийн том оршуулгын онгон гэж нэрийдэхэд хүргэв. Тува, урианхай нар зүгээр нэг отог омгоор аж төрдөг анч нүүдэлчид бус төрт улсаа байгуулж явсан хүчирхэг ард түмэн байсныг нотлосон хэрэг. Тувачууд энэ олдвороор үлэмж бахархана. Арга ч үгүй юм. Түүхийг нь хэдэн зуунаар урагшлуулж, төрт улстай байсныг нь батласан болохоор олдвор олдсон газрыг төрийн тусгай хамгаалалтанд авч Хаадын хөндий гэж нэрлэх болсон байна. Хүннү, жужан, түрэг, уйгар, их монголын хүчирхэгжлийн үеүдийг дамжин хорьдугаар зууны эхэн хүртэл нүүдэлчдийн хойд хязгаарыг найдвартай хамгаалан сахисаар иржээ.

 Кызыл хотын төв дэх Үндэсний түүхийн музейн үүдэнд БНТУ-ын анхны Ерөнхий сайд Монгуш Буян-Бадрахын хөшөө дүнхийнэ. Оросын нөлөөнөөс ангижирч уугуул монголтойгоо нийлэх гэсэн түүний тэмцлээр тувачууд ихэд бахархах бөгөөд ийнхүү тува үндэстэн бүзрийн бахархал болсон газарт хөшөөг нь сүндэрлүүлжээ. Монголын нууц товчоонд ТУБА нэрээр тэмдэглэгдсэн энэ ард түмэн тагна урианхай, соён урианхай гэж хоёр хуваагданэ. ...Тувачуудын өвөг нь дубо аймаг одоогийн Тувад байв. Тувагийн нутагт эрт цагт уйгур, киргиз,самоедькеть, монгол, европ гаралтай иранчууд байсан нь тувачуудын бүрэлдэхүүнд холилдон оржээ. Тувагийн салчак, монгуш, мингад овгийг монгол гаралтай гэдэг. 19-р зууны үед Тувад байсан монгол болон цаатан, анчин ахуйтай самоди, кеть нар хэлний хувьд түрэгжжээ. Тувачуудын олонх нь монгол гаралтай гэж үздэг. Тувачууд 19-р зуунд өөрсдийгөө урианхай, соёд гэж нэрлэдэггүй байсан бөгөөд тува эсвэл туба гэдэг харин монголчууд тэднийг урианхай гэдэг байв. Түүхийн музейн тайлбарт ийн өгүүлжээ.

Тагнын хязгаарын ард түмнийг илбэн тохинуулах хамгийн сүүлчийн ноён нь Оюуны Содномбалжир/1892-1932/ байлаа. Тува бүгд найрамдах улс болоход ч анхны Ерөнхий сайд нь байлаа. Оросоос тусгаарлаж монголтой нийлэх хүсэлтэй түүнийг ард түмэн нь нягт хүрээлдэг байсан болохоор улаан засаг яаж ч чаддагүй байсан гэдэг. Гэхдээ янз бүрийн дарамтыг үзүүлж байв. Аргаа барахдаа тэр Хемчик хошуунд оросын эсрэг бослогыг 1924 оны эхээр дэгдээв. Бослогыг улаан цэргүүд хүч гарган байж нухчин даржээ. Арайхийн амь гарсан Со ноён эсийн голын шугуйгаар далдлан Монголын нутагт орж ирээд сураг тасарчээ. Монгуш Буянбадрах гүн /1892-1932/ ерөнхий сайд болохдоо бас л Туваг оросын нөлөөнөөс гаргахыг чармайж байлаа. Гэхдээ өмнөхөө бодвол арай зөөлөн аргаар тэмцсэн юм. 1929 оноос Орос улсад түүний дотор Тувад улс төрийн хатуу ширүүн тэмцэл эхэлсэн юм. Тувагийн засгийн эрхэнд байсан хуучин язгууртнуудыг бүрэн буулгаж дан харц ардын бүрэлдэхүүнтэй засаглал байгуулах явцад Буянбадрах бусад ноёдын хамтаар баривчлагдан 1932 онд хувьсгалын эсэргүй хэрэгт оролцсон хэмээн цаазлуулжээ.

Улаан оросуудөөрийн тоглоомын хүнээр засгийн эрхийг нь мэдүүлэх нь чухал юм гэж үзжээ.  1929 оноос ТБНУ-ын Хувьсгалт намын үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга, Соёлын сайдаар томилогдон дээд удирдлагад гарч ирсэн 1925-1929 онуудууд КУТВ-д суралцаж төгссөн залуу коммунист Салчак Тогагийн (1901-1973) үед Тувачууд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтан орсон юм. Тэр амьдралынхаа сүүлийн 30 жилд нам, төрийнхээ халаагүй тэргүүнээр ажилласан юм. Лениний одонгоор 7 удаа шагнуулж байснаас үзэхэд Кремлийн жинхэнэ утсан хүүхэлдэй байсан нь харагддаг юм. 1944 оны наадмаар Монголд зочилж ирээд маршал Х.Чойбалсанд улсаа орост нэгтгэх гэлээ гэж алгадуулж явсан эрхэм бол энэ Салчак Тога байсан юм. Тувачуудын оросыг эсэргүүцэх хөдөлгөөн 1990 оны 5-дугаар сараас 2-дугаар сарыг хүртэлх хугацаанд Кызыл хотноо болсон тухай зарим тува нар ярихыг сонссон юм. Төв талбайдаа багтахгүй шахам цугларч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тэднийг оросууд энэ удаа туйлын нэмэгдэл цалин, нийгмийн халдамжтай холбоотой олон тэтгэмж, тэтгэвэрээр торгоон зогсоосон гэнэ. Оросын бусад автономит улсаа бодвол тувачуудын 80 орчим хувь нь үндэсний хэл бичгээрээ ярьж ойлголцдог, үндэсний ухамсар өндөртэй тул их гүрний зүгээс их л болгоомжтой ханддаг гэж ярилцах нь бий. Тувачууд оросын ард түмэнд дургүй биш. Өөөоөө өөоьөө эзэн болохыг л хүсдэг гэж ярих хүнтэй ч таарч явлаа. Үнэхээр ч тува нар дайны он жилүүдэд оросын ард түмэнд чадлынхаа хэрээр туслажээ. 5-дугаар сарын энэ өдрүүдэд Орос орон даяар аугаа их ялалтын уур амьсгалаар амьсгалдаг тул энэ тухайгаа тува хүн бүр сэтгэл догдлон ярина, бахархана. Фашистын Герман ЗХУ-д халдаар орсон 1941 онд л гэхэд 38 мянган тува иргэн фронтод явуулж өгөхийг хүсч И.Сталинд захидал илгээжээ. Германчууд Тува улс гэж хаана байдгийг газкрын зураг дээрээс эрээд олоогүй гэдэг. Дайны эхний жилд тувачууд бүх алтины нөөцөө /30 сая рубль/ илгээж түүнээс хойш дайн дуусан дуустал жил бүр 10-11 сая рубльтэй тэнцэх хэмжээний алт илгээж байсан юм. 1943 онд 206 морьтон /хөтөлгөө морь, хувцас хэрэглэлтэй/ 8-дугаар морьт дивизийн бүрэлдэхүүнд орж германы ар талд тулалдаж байлаа. Германчууд тэднийг хар үхэл гэж нэрлэдэг байсан бөгөөд амьдаар нь нэгийг нь ч олзолж авч чадаагүй гэдэг. Атиллагийн догшин морьтнууд гэж дайсан нь нэрлэдэг байсан тува нар 1944 оны сүүл хүртэл өөрийн үндэсний хувцастайгаа тулаанд орж байснаас улбаалаад ийн нэрлэхэд хүргэж байсан гэдэг. Дайнд 80-хан мянган тува иргэдээс 8 мянган эр цэрэг оролцсон гээд бодохоор ямар аугаа эр зоригтой ард түмэн болох нь ойлгогдоно. Тува нар голцуу мэргэн буучийн салаа отрядад ордог байсан бөгөөд дайсныхаа жинэхэнэ аранга болдог байв. Ой хөвчдөө хэрэмний нүд /арьсийг нь гэмтээхгүй гэж/ алдахгүй бууддаг тэд дайны аранга болохоос ч яах билээ. Аугаа эх орны дайнд ч тэр Солонгос, Афганистаны дайны үед ч тэр тувагаас олон баатрууд төрсөн юм. Баатарын улыаа өнөө ч тасрахгүй үргэлжилсээр авай. ОХУ хэмээх аугаа тос гүрний Батлан хамгаалах яамны сайдаар Х.Шойгу ажиллаж байгаа нь тува түмний бас нэгэн бахархал.    

Тагна Саяны урианхай /тува/ нарын нийслэл хот Кызылиэс умард зүгт Хакасын БНУ, Красноярск Кемеровагийн хязгаар оршино. Эртний түрэг угсаатан-хакас, абакан болон орос, хасаг, чантуу, буриад хүмүүс амьдран сууна. Кзыл-Кай хэмээгдэх асар том хоёр нуруугаар хуваагдсан Минусинскийн тал газар угтан авлаа. Хот газар бол миний нэг их сонирхоод байдаг газар огтоос биш. Тиймээс аль болох түүнээс түргэн холдож газар нутаг, тосгон сууринг дамжин ой тайга, уул нуруугаар аялан явахыг илүүд үзсэн юм. Кызылийн цөөн хэдэн номын дэлгүүр, түүхийн музей, Ази центр хэмээгдэх Енисей мөрний эрэг дээрх цогцолбор газар тэргүүтэн сонирхож ханаад аяны жолоог өргөн Енисейг даган умар тийш залсан билээ. Минусинсын өргөн тал бол Сибирь даяар олдохуйяа бэрх тэгш уудам. Ой хөвчөөр өвч бүрхэгдсэн ян сарьдаг нуруудын дунд хавчуулагдсан ногоон далайн дундах бяцхан арал аятай газрын зураг дээр тэмдэглэгдэх тул арга ч үгүй биз. Хаяа хярхаггүй их талын хүмүүст бол уудам хөндий л нэрлэмээр. Енисей энд олон арван хэсэг хуваагдан урсана. Давст нуурууд тоймгүй их агаад эртний түрэг, уйгар, их монголын хүн чулуу, хиргис хүүр, булш бунхан олон. Өмнө зүгтээ олон байх боловч умар тийш довтолгох зуурт цөөрнө. Үе үеийн нүүдэлчдийн хүчирхэг гүрнүүдийн умард хязгаарын гол хот суурингууд энд төвлөж байсан нь илт. Өмнөх дугаартаа өгүүлсэн Манай эриний өмнөх он тоололд хамаарагдах олон чухал археологийн олдвор олдсон, олдож байгаа Хаадын хөндий гэж тувачуудын бахархалтайгаар нэрлэсэн хөндий бол Минусинс.

Энэ алдарт хөндийд хүрэхийн тулд бид Буйбинскийн зам буюу Хакасын нийслэл Абаканаас Кызыл хүрэх автозамын М54-дүгээр трансаар Араданы нурууг хөндлөн зүсч гарах учиртай. Оросууд ямар ч замыг маш сайн барина. Өмнөх дугаартаа энэ талаар дэлгэрэнгүй өгүүлсэн ч Буйбинскийн зам бол онцгой содон жишээ болно. Уулын замын  барихдаа оросууд дэлхийд тэргүүлдэг гэдэг нь аргагүй үнэн. Эгц цавчим хадан хясаа, огцом налууг засч хяраар нь зам тавьсан байх бөгөөд зарим газарт нь урт тунель барин холбосон байх юм. Арадан бол Саяны нурууны алдартай салбар нуруудын нэг. Байгалийн маш ширүүн нөхцөлтэй. Зундаа хэдэн өдрөөр тасралтгүй бороо асгаж, манан татна. Өвөлдөө мөн ялгаагүй цас шамраглан шуурч, хүдэн байргашаад гатлахуйяа бэрх болгоно. Зам засварынхан нь уулынхаа бэл, тэгш тагтан дээр байнгын суурин амьдарч хүнд нөхцөлд зам онгойлгож, зорчигчдын аюулгүйн байдлыг хангана. Араданы нурууны 2002 онд Буйбинскийн замын хамгийн өндөр энэ хэсэгт Чеченийн дайны баатар, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Красноярскийн амбан захирагч байсан генерал Александр Лебедь олон хүний хамт  /гэр бүлийн 5 хүн байсан/ нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн юм. Араданыг догшин ширүүн хайрхан гэж тува нар ихэд суслэх бөгөөд шинэ тунель барьснаас болоод тэнгэр бурхан хилэгнэсэн гэж ярилцдаг. Нисдэг тэрэг осолдсон тэрхүү уулын тагтан дээр дурсгалд нь зориулсан хөшөө босгосон байдаг юм билээ. Уулын тагтан дээр том нуур цэлэлзэн байх бөгөөд жилийн ихэнх үед төсөөр хучигдсан байдаг болохоор мөсөн нуур хэмээн нэрлэнэ. Түүнчлэн Араданы нуруу өгсөх замд ой хөвчийн дундуур хэдэн арван гол горхи уулын бэл рүү хөгжилтэйеэ жирэлзэн урсах бөлгөө. Зун намрын дэлгэр цагийг тувачууд ууландаа өнгөрүүлдэг юи уу гэмээр зам гудас дагуу жимс жимсгэнэ, элдэв төрлийн эмийн ургамал, хатсан утсан загас жараахай арилжаална. Намрын цагт бол их хэмжээний самарыг хотынхон бөөндөж аваад явчихна, модны бохийг ч их хэмжээгээр түүх худалдаална. Кызылд тун өргөн худалдаалдаг энгийн бохь шиг савласан модны бохийг эндээс олборлоно. Энэ зуурт хачир болгон өгүүлэхэд яадгаа алдан хоосорч өр зээлд унасан нэгэн эр ууланд гарч амиа хорлохоор шийджээ. Тэгээд хар модны бохь зажлан бодлогширч суухдаа гэнэтхэн энэ бохийг жижиглэн зарах мэргэн санаа олж гэнэ. Гэртээ шалавхан очоод бага зэрэг чихэр хольж тосгоны хүүхдүүдэд 20 кофейкоор зарсанд дуртайяа худалдаж авчээ. Урамшсан эр хот суурингуудаар явж зарсаар жижигхэн наймаачнаас томоохон компани болтлоо өргөжин дэвжжээ. Өнөөдөр энэ бохь Сибирьт төдийгүй Орос орон даяар цаашлаад хилийн чинадад ч өргөн худалдаалагдах болсон байна. 90-ээд оны үесд юм гэнэ лээ.

Өтгөн ширэнги ой хөвчийн цоорхойд хаа нэгтээ суурин газар жирэлзэн өнгөрнө. Тосгон суурингийн хаяа зэргэлдээ жижиг сажиг бараа дэлгээд модны тайрдас дээр наранцэцэгийн самар цөмсөн орос эмгэн, бүсэндээ сух хавчуулсан өндөр янхигар орос өвгөн зам дагуу яаралгүйхэн алхахтай хааяагүй таарна. Эмгэнийнхээ барааг борлуулах гэж замын машин тосч яваа нь тэр. Зөгийн бал, цагирган боов, хатаасан загас, амьтны хатаасан эд эрхтэн бас ч үгүй мөнөөх алдарт самгоноо /нэрмэл архи/ тавилсан эмээ нар эр нөхрийнхөө дагуулж ирэх гийчинд дуртай дургүйхэн үзүүлнэ. Харин самгоноо бол тэнгэрт тултал магтана. Гийчдийн дийлэнх нь худалдан авдаг болохоор аль болох олон лонхыг зарахыг чухалчилна. Бага зэрэг булингартай цэхэр боловч цэвэр слиртээс дутахааргүй градус өндөртэй. Сибирийн хүйтнийг энэнгүй бол яаж ч давах билээ гэж эрхгүй бодмоор...

 Араданы нуруу байгалийн цогцолбор газар болохоор зам дагуу шалгалт элбэг. Гар буутай замын цагдаа нар байсхийгээд л таарна. Их гүрний хаяа хязгаар болохоор хил замнасан контрбанд хэрэг их гарна. Хар тамхи, хууль бус зэвсэг, архи спиртийн наймаа тасрахгүй. Нөгөө лалын хэт даврагсад ч байж болзошгүй. ОХУ-ын бусад хязгаарыг бодвол харьцангуй тайван амгаланд тооцогдох авч мэр сэр ийм төрлийн хэрэг гарна. Араданы нуруун дээрх Красноярск зрай хэмээх баганаас цааш уруудаад хэдхэн км яваад л алдарт Шушенскийн УЦС руу олрж явчихна. ОХУ-даа хамгийн том, дэлхийд 7-дугаар байранд ордог нүсэр том цахилгаан станц. Хүчин чадал нь 6.400 мвт. Манай 4-дүгээр ЦС 580-хан мвт гээд бодохоор үнэхээр нүсэр дээ.  УЦС-ын далангийн барилгын ажил тэртээ 1968 онд эхэлж 7 жилийн турш үргэлжилжээ. Энэ хугацаанд 9 сая куб.метр бетон цутгажээ. Далангийн өндөр 245 м буюу 80 давхар барилгатай тэнцэнэ. ОХУ-даа хамгийн өндөр далан. Саяногорск, Хакасск, Красноярс, Новокузнецк, Кузнецк зэрэг олон хотуудын аварга том уул уурхай үйлдвэрийг эрчим хүчээр найдвартай хангах зорилготой Кузбасс

сэтгэгдэл үлдээх

Мамама

  • [192.168.1.1]
  • 1 Жил

Автор нь хэн бэ. Тавиач. Шар сонин шигээ бодоод бхын. Бадамжав бичсэн биз дээ.