Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн санхүү тунгалаг байж чадах уу

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хэрхэн яаж бүрдүүлэх вэ?

Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулахад зардал гаргана. Сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн хөрөнгө гэсэн гурван төрлийн хөрөнгөөс бүрддэг. Нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээлгэнэ. Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй. Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын данс нээлгэнэ.

-Зарлага гаргах хугацаа

-Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал сонгуулийн зардлын данснаасаа зардал гаргаж болно. Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна. Нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.

Юунд зарцуулах вэ

Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийн сурталчилгаа, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах болон бичиг хэрэг, шуудан холбоо, томилолт унаа, ажлын хөлс, урамшуулалд зарцуулна.

Зардлын хэмжээ...

Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас хуульд заасан хугацаанд тогтоож, мэдээлсэн. Үүнд нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоож байсан. Нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 3 тэрбумаар, намынхыг 5.1 тэрбум төгрөгөөр тогтоож байсан.

Хандивын хэмжээ

Сонгуулийн хандив нь мөнгөн ба мөнгөн бус гэсэн 2 хэлбэрийн байна. Мөнгөн хандивын хэмжээ нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байхаар хуульчилсан. Нэр дэвшигч болон намд иргэн, хуулийн этгээд нэг удаа л хандив өгч болно. Иргэний хувьд бэлэн мөнгөөр хандив өгч болно. Харин хуулийн этгээдийг бэлэн мөнгөөр хандив өгөхийг хуулиар хориглосон. Хуулийн этгээд нь хандиваа дансаар дамжуулж өгөх ба уг хандивыг санхүү, татварын тайланд тусгана. Мөнгөн бус хандивт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг хамаарна. Мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгнө. Хугацааны хувьд сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл байна.

-Хандивт хориглох зүйл

-Хориглосон заалт бий. Тухайлбал, гадаад улс, гадаадын болон олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд гадаадын иргэн төрийн өмчийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив өгөхийг хуулиар хориглосон. Мөн 18 нас хүрээгүй хүн хандив өгч болохгүй.

Сонгуулийн зардалд хэн хяналт тавих вэ?

Нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа гаргаж, Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Тайлан ирүүлэх хугацаа нь нэр дэвшигчийн санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор, харин нам 45 хоногийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь зардлын тайландаа аудит хийж, дүгнэлт гаргуулсан байна. Нам, нэр дэвшигчийн авсан хандив, түүний зарцуулалтын тайланг Үндэсний Аудитын газар хянана. Үндэсний Аудитын газар нь зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хянаж 1 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, 2 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана. Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар хуульчилжээ.

сэтгэгдэл үлдээх

tumur

  • [192.168.1.1]
  • 1 Жил

гадаадын хөрөнгө оруулагчид гээд байх юм тэд ШУДРАГА бол хэнч дуртай байнагэтэл улайм цайм ДЭЭРЭМ хийгээд байхад эрүүл ухаантай хүмүүс дургүй байна биз дээ ямар хүмүүс дуртай гэвэл тэднээс угаадс долоодог хүмүүс өөрөөр хэлбэл тэдэнд худалдагдсан удирдлага баячууд гэ мэтүүд баячуудад долигонодог хоосон мөртлөө хямсгар баян юм шиг царайлах гэдэг хүмүүс байнашдээ өнгөтэй өөдтэй буюу гялтгасан юманд тал засдагдотроо өөрсдөө тийм зантай ядуугаа мэдэхгүй долигнуур гарууд шуудхандаа С ГАНБААТАРыг ДЭМЖИНЭ тэр гэрээг ядахдаа жаахан сайжруулж чадвал бүр min-тэр талаар үргэлж ярьж хонх зүүж байхад л хангалттай тэгэхгүй бол одоо тэнд юу болж байгааг дээрээс хэнч ярихгүй болчихоошдээ