Венесуэль дайны ирмэгт...  

Газрын тосны нөөцөөр дэлхийг тэргүүлдэг Венесуэльд нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, ард түмний уур бухимдал, эсэргүүцэл нэмэгджээ. Сөрөг хүчний тэргүүлсэн жагсаал улс орон даяар өрнөж, өнгөрөгч Бямба гаригт жагсаалын 50 дахь хоногтой золгов. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог огцруулж, сонгууль явуулахыг шаардсан жагсаал олон хоног үргэлжилсний эцэст үймээн самуун, хүчирхийлэл болж хувирав. Орон даяар өрнөж буй жагсаалын үеэр Венесуэльд 48 хүн амь үрэгдээд байна. Тухайлбал, Каракас хотноо жагсаалын үеэр жагсагч өөрийгөө шатаажээ. Бямба гаригт (2017.05.20) Орландо Хосе Фигуэра гэгч эсэргүүцлийн жагсаалын хурц хэлбэрийг сонгон өөрийгөө шатааснаар биеийнх нь 80 хувь түлэгдсэн байна. Жагсаалын үеэр үймээн гарснаас 46 хүн гэмтэж бэртжээ. Үүний зэрэгцээ Валера хотноо өөр нэгэн жагсагч цээжиндээ буудуулж нас барсан байна.Николас Мадуро өдрөөс өдөрт нэмэгдэж буй зөрчил, мөргөлдөөнд жагсаалыг зохион байгуулагч сөрөг хүчнийг буруутгаж байна. Хувийн байгууллагын явуулсан судалгаагаар Венесуэлийн ард иргэдийн 10 хүн тутмын долоо нь ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах хүсэлтэй гэжээ. Гэвч тэрбээр албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаа юм. Засгийн газраас жагсаал зохион байгуулсан олон хүнийг барьж хорин, эсэргүүцлийг хүчээр дарахыг оролдож байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Венесуэлийг 14 жил удирдсан ерөнхийлөгч Уго Чавес сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, Төв банкны бие даасан байдлыг устгасан нь одоогийн хямралын гол шалтгаан гэж шинжээчид үзэж байна. Уго Чавесыг 2013 онд нас барсны дараа автобусны жолооч асан Николас Мадуро залгамжилсан юм. Гэвч тэрбээр байгалийн баялагтаа түшиглэн хөгжихөөс илүүтэй коммунист засаглалыг үргэлжлүүлж, бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянаж, ам.долларын эсрэг бодлого баримталж байгаа нь импортыг бууруулж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэх болов. 2014 сонины цаасны хомсдол үүссэнээс Венесуэлийн өдөр тутмын хэвлэлийнхэн жагсаал зохион байгуулж байв

сэтгэгдэл үлдээх