МОНГОЛ УЛС “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮГИЙН ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДАХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДВЭРЛЭНЭ

ОУВС-ийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улс “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Хуралд тус сангийн захирал Кристин Лагард оролцох бөгөөд хөтөлбөрт хамрагдах асуудлаар Монголыг дэмжихээ илэрхийлээд байгаа билээ.

Энэ  асуудлыг  дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн  Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар эцэслэн шийдэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Учир нь УИХ-ын 29 дүгээр тогтоолын зарим заалттай холбоотой байсан бөгөөд УИХ 30 дугаар тогтоол гаргаж гаднын хөрөнгө оруулагчтай холбоотой заалтыг хүчингүй болгоод байгаа юм.

Энэхүү  хөтөлбөр  хэрэв батлагдвал гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэ хүрээнд нийтдээ 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэнэ хэмээн тооцож байна.

Үүнээс хоёр тэрбум ам.доллараар нь Хятадын ардын банктай байгуулсан юань, төгрөгийн своп хэлцлийг гурван жилээр сунгахаар батлаад байгаа бол ОУВС-гаас 440 орчим сая ам.долларын санхүүжилтийг 15 жилийн хугацаатай, эхний найман жил нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, жилийн 2 орчим хувиас доош хүүтэй байхаар тохирчээ. Түүнчлэн Азийн хөгжлийн банк 900 сая ам.доллар өгөхөөр болсон бөгөөд үүний 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөхөд, 300 сая ам.долларыг төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Дэлхийн банк 600 сая ам.долларын санхүүжилт олгохоор амласны 440 сая ам.доллар нь 2017-2019 оны төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдана. Эдгээр зээл нь бүгд жилийн 2-оос доош хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 6-8 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлтэй зээл юм. Үүнээс гадна хоёр талт түнш орнууд болох Япон, БНХАУ,БНСУ, БНТУ-аас 300-850 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээл авахаар тохироод байна. 

сэтгэгдэл үлдээх