УИХ-ЫН ГИШҮҮН Ч. ХҮРЭЛБААТАР: ТЭД МОНГОЛД ОДООГИЙН ТӨР ЗАСАГТ ИТГЭЖ БАЙНА

ОУВС-ийн Захирлуудын зөвлөл хуралдаж, манай улсыг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах шийдвэрийг гаргалаа. Энэхүү хөтөлбөр нь манай улсад гурван жилийн хугацаанд хэрэгжих учиртай. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар манай улсад 5.5 тэрбум ам.долларын зээл олгох эрх нээгдэж байгаа юм.

Улмаар Валютын сангаас 1.5 тэрбум ам.долларын зээл авч, Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх бол Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.доллараар газрын тосны үйлдвэр барих, Япон улсаас авах 850 сая ам.долларын зээлээр төсвийн алдагдал нөхөх бол БНСУ, Турк зэрэг улсуудаас мөн тодорхой хэмжээний зээл орж ирэх учиртай. Тэгвэл Захирлуудын зөвлөлийн шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк хуудсандаа “Өчигдөр шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголтой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ. Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна.

Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болж байна. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу? Америк долларын ханш яах бол? гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна аа, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ ээ гэдгийг хэлье. Монголын эдийн засгийг хямралаас гаргахад хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад орны дэмжлэг хэрэгтэй, хатуу ч зөв бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээжээ.

 

сэтгэгдэл үлдээх