ОУВС-ын хөтөлбөрт хамрагдснаар эрх баригчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүйд хүрч, Төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийхээ мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төрийн байгууллагуудад байнга бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “Төр хэт данхайлаа гэх шүүмжлэл байдаг. Олон Улсын валютын сан /ОУВС/-тай тохирсон тохиролцоогоор төрийн албан хаагчид тэтгэвэрт гарвал нөхөн томилгоо хийхгүй байя. Бүтцийн өөрчлөлтөд хамруулж байх, боловсрол, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд гэсэн салбаруудад хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүнийг томилно. Аль болох төрийн аппаратыг ухаалаг, цомхон болгох, иргэдийн хувийн хэвшлийн салбарт ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлага гарч байна. Түүнээс төрийн албыг томруулж, хүмүүсийг ажлын байраар хангана гэсэн мөрөөдөл маань тодорхой хэмжээнд учир дутагдалтай боллоо” гэсэн тайлбар өгсөн.

Уг нь 2016 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын намынхан  “Ардаа алагчилдаггүй, Аз жаргалтай хот бий болгож, татвар нэмэхгүй, цалин, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ, ажлын байраар хангана” хэмээсэн мөрийн хөтөлбөрөөр л  гарч ирсэн. Гэвч бодит байдал дээр хөтөлбөр эсрэгээрээ хэрэгжиж байна. Тэд ойрын хоёр жилдээ цалин тэтгэмж нэмэхгүй, долоон төрлийн татвар нэмэгдүүлж, хүүхдүүдийн тодорхой хувьд нь мөнгө өгч, албан хаагчдад бүтцийн өөрчлөлт хийж ажиллаж байгаа. Үүнийгээ ОУВС-гийнхан  шаардсан хэмээн мэдэгдэж буй билээ.

сэтгэгдэл үлдээх