Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЭШ ҮЗҮҮЛЭГЧ ХУВИЛГААН

Шид үзүүлэгчийг хувилгаан гэнэ. Хувилгаан хүн хэд хэдэн дүртэй байх нь энүүхэнд. Урд дүр, хойд дүр, бүр арван есдүгээр дүр гэх мэтчилэн дүрээ хувилж чадахыг хувилгаан гэж нэрлэсэн нь тэр биз ээ. Дүр солигдовч мөн чанар нэг хэмээсэн гүн утгыг тийн нэрийддэг. Тэгвэл улс төрд үүн лүгээ тодорсон үнэнхүү хувилгаад олон бий. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хэмээгч хоёр хүний үзэгдэх бие өөр боловч үнэн чанар нэг буй гэх мэтийн хувилгаан чанарын хувилбар цөөнгүй. Эсвэл Н.Багабанди өөрөөсөө хойших улс төрд сүүдрээ тусгаж үлдээсэн нь С.Баяр гэх явган сүсэг ч ихээр дуулддаг. Тиймд улс төрд хэн нэгэн гэнэт тодрох нь хувилгаан шидийн хүч. Өөрийнхөө мөн чанарыг бусад дүрд  хувилаад, улс төрд тодруулахыг шид үзүүлэх хэмээмүй.

Ямар ч үед дүрээ хувилгах чадалтай улстөрчид олон бий. Аль ч төрийн нүүрэнд алба тушаал, эрх ямба алддаггүй хүмүүсийг шид олсон, эсвэл эш үзүүлсэн гэх мэтээр нэрлэж болмоор санагдана. С.Баяр Англи улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон жишээ үүний бэлээхэн нотолгоо.

Ийм шид үзүүлэгч улс төрийн шинэ хувилгаан бол Ц.Элбэгдорж бололтой. Тэр өөрийн өндөр сэнтийгээсээ тун удахгүй бууна. Гэвч улс төр, эрх мэдлийн тойрогт өөрийн нөлөө, сүүдрээ хадгалж үлдэх чинхүү эрмэлзэлтэй байгаа нь саяхан томилсон элчин сайдуудаас илэрхий харагдлаа. Түүний улс төрд угжтай нь залгуулж, үргэлж албан тушаалаар тэтгэж ирсэн нэг иш үзүүлэгчийг нэрлэвээс Л.Пүрэвсүрэн гэгч эрхэм мөн.

Улс төрд гэнэт тодорсон учир нь гэвэл манай Ерөнхийлөгчийн халаасны хүн учраас тэр. Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан энэ хүн уг нь МоАХ-ны угшилтай гэх боловч Ерөнхийлөгчийн зэл бараадсанаар төрд хазаар ногт гүйлгэхтэйгээ болсон. Хазаар ногт гүйлгэх гэж мал хуй хулгайлахыг хэлдгийг манай монголчууд андахгүй. Төрд малын хулгайг бус, албан тушаалын өгөө авааг ингэж орлуулан нэрлэж болох юм. Тэрээр албан тушаалын халаа сэлгээ, холио солионд хамгийн их нэр дурдагдсан улстөрч. Сайд болоогүй байхдаа л ийм хэл амыг өөр дээрээ дуудсан жинхэнэ шидтэй нөхөр. Өөрөөр хэлбэл, сайд болоогүй байхдаа хүртэл сайдын л хийдэг албан тушаалын томилгоог хийж чаддаг байсан. Энэ нь түүний хувилгаан чанарыг улам тодотгодог юм.

Тэрээр сайд болохоосоо өмнө ГХЯ-ны ажилд хөндлөнгөөс оролцдог, тушаадаг, удирддаг байсан тухай хэвлэлийн хуудаснаа олонтаа гарч байв. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх байхдаа тус яаман дахь өөрийн талын хүмүүсээ байнга дуудаж уулзан, жирийн мэргэжилтэн томилох асуудалд хүртэл хутгалддаг байж. Түүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн удаатай. Сайдад нэр дэвшсэнийг УИХ-аар хэлэлцэх үед түүнээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Л.Хангайг ОХУдахь Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилчихсон. Гүйцэтгэх засаглалтайгаа зэрэгцээд Ерөнхийлөгч томилгоо хийгээд байвал Гадаад хэргийн яам байх шаардлага бий юм уу. Л.Хангайг бие төлөөлөгчөөр томилоход таны оролцоо байсан уу” гэхэд “Ажлын туршлагыг нь харгалзаж ашиглах шаардлагатай гэж үзэн, томилсон. Томилоход миний оролцоо байсан” гэсэн хариулт өгсөн юм. Гэтэл энэ үе бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвлөх нэрээр төрийн албыг завхруулж хор хутгадаг хүмүүсийн тухай хатуу шүүмжилж байсан үе шүү дээ. Яг тэр үед гадаад харилцааны яамыг хэн удирддаг тухай маргаан ид гаарч байсан даа. Уг нь албан ёсны сайдаар Лу.Болд ажиллаж, хэрэг дээрээ чамгүй ганцаардсан тухайгаа ил цагаан хэлдэг. Учир нь яамыг нутаг, нуга, фракцаар холбогдсон бүлэг алсаас удирддаг гэх яриа гарч, тэдгээрийн эхэнд мань Л.Пүрэвсүрэнгийн нэр дуулдаж байв. Алсын зайнаас юм удирдана гэдэг бас л хувилгаан чанар.

Ингээд албан бусаар хийж байсан ажил үүрэг, эрх мэдлээ албан ёсоор өөртөө авах ажил сэдэж, улмаар санасандаа хүрэв. Намын нөхөр Лу.Болдыгоо унагаж, оронд нь сайд болов. Түүнийг сайдаар томилох үеэр бас л чамгүй хэл ам, хэрүүл тэмцэл өрнөсөн байдаг. Д.Хаянхярваа гишүүн “Хэдэн жилийн өмнө Л.Пүрэвсүрэнг “Тааламжтай бус этгээд” гэж Европын холбооноос нэрлэж байсан” гэдгийг зарлалаа. Өмнөх сайдаа худал үнэн матаж, АТГ-аар шалгуулах сэжим хайн гүйсээр байгаад огцруулсан гэх таагүй үг ч сонстсон.

Ямартай ч, Л.Пүрэвсүрэнг тааламжтай бус, таагүй олон дүгнэлт дагаж байсан ч тэрээр сайд болохдоо л болсон. Х.Баттулгын дараагаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр яригдаж байсныг ч хэлэх хэрэгтэй. Энэ бүхнээс дүгнэвэл, тэрээр улс төрд муугүй нэр нөлөөтэй, сайдын зангарагтай нэгэн гэж харагдаж байна. Анх гарч ирэхдээ ч муу нэр, луу данс багатайгаар тодорсон хувилгаан.

Тэрээр халаа сэлгээ төдийлөн хийгээд байдаггүй, албан хаагчид нь харьцангуй мэргэшсэн байхыг шаарддаг салбарын сайд болмогцоо шууд 30-40 ажилтныг нэгэн зэрэг халсан гэдэг. Энэхүү мэдээллийг Л.Пүрэвсүрэн үгүйсгэдэг л дээ. Гэвч ажлаас халагдсан хүмүүсийн тухайд, Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар газрынхаа гурван мэргэжилтний хамт, Мэдээлэл, гадаад суртчилгааны хэлтсийн дарга хэлтсийнхээ хоёр ажилтны хамт, Дотоод хяналт шинжилгээний газрын захирал Н.Хишигсүрэн хэлтсийнхээ ажилтнуудын хамт, Бодлого төлөвлөлт сургалт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр нарын нэр бүхий 30 гаруй хүнхалагдсан нь бодитой юм. Түүгээр ч зогсохгүй, түүний халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байдаг. Эдгээр халагдсан ажилтны хувьд Төрийн албаны зөвлөлд хандаж Төрийн албаны болон Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэдгийг тогтоолгож, хууль бусаар халсан гэдгийг нь баримтжуулжээ. Учир нь мэргэшсэн төрийн албан хаагчдыг хольж сольж чиглэлийг нь өөрчилж томилох эрх байхгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Сүүлд Л.Пүрэвсүрэн нэг их муухай хочтой болов доо. “Ховч хар” гэв үү дээ. Хар нь ч дүүрч. Ховч байхдаа яахав дээ. Төрийн сайд хүний заяа гомдмоор муухай тодотгол биш үү. Ховч гэдэг хочийг тодруулахаас өмнө үгийн утгыг жаахан төнхөе. Алтан хошуу өргөх гэж их гоё үгээр орлуулан хэрэглэж болно. Хамгийн олигггүй зан төлвүүдийн тоонд ховч зан орно. Зусарч, бялдууч, атаач, жөтөөч хүмүүс голдуу ховч байдаг. Эхнэр, эмэгтэйчүүдийн дунд байдаг энгийн нэгэн хов базах үзэгдэл байдаг л даа. Тэдний хов хорлонгүй, ёс бусын элдэв зорилгогүй, ашиг хонжоо, авцаа өгцөө, өгөөш хонзон төдийлөн тээдэггүй.

Харин төрийн хар хүн хов базна гэдэг нь хор хутгахын үүтгэл. Төрийн түшээ хүн хов зөөгөөд, тулга тойрсон хэрүүл хийгээд эхлэх шиг гутамшиг мэдээж үгүй. Эртнээсээ нааш тийм түшмэдийг төрийн хутгуур гэж онож нэрлэж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн бол монголчууд. Ингээд нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ “...Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүртэтлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН ялалт байгуулсны шанд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрээд авч. Эргэж яамандаа очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-д матаж дээ. Ийм юманд төрөлхийн авъяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа. Хүн буруутгасан ийм тохиолдол урьд Улс төрийн товчооноос гардаг байсан болохоос сүүлийн 25 жилд мартагдсан зүйл.  Ингээд шалгах комисс байгуулуулж даргаар нь өөрийгөө томилуулсан байгаа юм. Идэвхитэй гэж жигтэйхэн, шуудай дүгнэлттэй бөөн амьсгаадсан баяр хөөр. Цаадах нь ч бас хэрэгт оруулбал оруулчихаар факттай л байсан байх л даа, гэхдээ үнэндээ өөрөө матаад, өөрөө тогтоол гаргуулаад, өөрөө шалгасан матаачийн материалын 80 хувь нь худал гүжирдлэг, эсвэл ажлын бага сага алдаа. Одоо хэргийг углуурганд нь хийх гээд АТГ-ын гадаа өнжөөстэй. Шоронд хий, шонд дүүжил! Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-аар дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй. Мань садист харин мишээл дүүрэн. Одоо хүссэндээ очин сайд болж аваад өөр АТГ-д мэдээлчихээр юу байгааг хайн байгалиас заяасан үндсэн ажлаа хийж яваа. Удахгүй хуучин сайд баривчлагдан шүүхээр орж, мань хутгууш гэрчээр оролцон шударга эх оронч цогтой үгээ хэлэх биз” гэж бичжээ. Хэнийг хэлсэн тухай тааж мэдэх гэж хэн ч зовсонгүй. Тааврийн хариу нь бүгдэд ил, хэн хүнд мэдээжийн байв. 

Хочийг нь батлах мэт бас нэгэн хэрэг сүр дуулиантай өрнөсөн. Тэр нь Л.Пүрэвсүрэн сайд байхдаа Засгийн газар дотроо шийдэх асуудлыг ховын сэдэлтэйгээр ил болгосон тухай хэрэг. Тэрхүү ховын агуулга нь “Улаанбаатар төмөр замын Монголын талын хувьцааны зарим хэсгийг БНХАУ-д шилжүүлсэн. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьж байгаа нь хоёр улсын яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж байна” гэхчлэн бичсэн байв. Түүний энэхүү ноцтой мэдээлэл эцэстээ өөрийг нь намнах хэрэгсэл болсон нь харамсалтай. Ийм үзэгдлийг урт хэл хүзүү орооно гэж нэрлэдэг шиг санаж байна.

Харин Л.Пүрэвбаатар “Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгаа юм. Харин үүнийг мушгин гуйвуулж яриад байх шиг байна. Ганцхан Хятадтай хамтарч ажиллах гээд байгаа юм биш. Гурван улсын хамтарсан тээвэрлэлтийн компанийг байгуулахаар ярилцаж байгаа. Миний хувьд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга болохоос биш хувьцааны асуудлыг мэддэг эрх мэдэл бүхий субьект биш” гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн ноцтой мэдээллийг няцаасан. Ховын үг хуудуутай болох нь тодорхой болов. Ерөнхий сайд асанЧ.Сайханбилэг “Танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн" гэдгээр Л.Пүрэвсүрэнд Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулснаар хэрэг явдал өндөрлөсөн юм. Ховч хүн л юм бол түүнд зайлшгүй байдаг бас нэгэн чанар бий. Чингис бондоос олон сая төгрөгийг хүүхдийн цэцэрлэг байгуулна гээд хээв нэг гулгуулчихсан ч гэж яригддаг.  

Сахил хүртээд шал дордов гэдэг шиг сайд болоод мань хувилгаан энэ мэт дуулиан шуугианыг л дэгдээснээс өөрөөр хариуцсан салбартаа үйл бүтээл багатай өнгөрсөн болтой юм. Бусдын матаас, хов живээр хамаг элчид сайдууд, консулаа хугацаанаас нь өмнө татаж, орных нь хүнийг ч томилохгүй хэчнээн сарыг үдэв ээ. Манайулс гадаадын 31 улсад Элчин сайдын яамтай юм байна. Гэтэл бараг 10 улсад саяхныг хүртэл Элчин сайд нь байхгүй байлаа. Хамгийн ойр дөт, хойшлуулж, аргацааж болохгүй харилцаатай ОХУ-д гэхэд л хэдэн сар Элчин сайд томилохгүй гацааж байсан том толгойтой нөхөр бол Л.Пүрэвсүрэн. Түүний үед монгол иргэд олноороо ажиллаж амьдардаг зургаан газар Ерөнхий консулын газар буюу Элчин сайдын яамны салбар ажилладгаас тэн хагаст нь буюу гуравт нь Ерөнхий консул байхгүй байсан. Гадаад хэргийн яамыг ингэж авч явсан хүн өнөөдөр Монгол Улсыг гадаадад төлөөлөх элчин сайдаар томилогдож чадлаа. Мэдээж Ц.Элбэгдоржийн саналаар ийнхүү Швейцарь улсад суух элчин сайд болов. Уг нь төрийн алба халаатай, төрлийн алба халгаатай баймаарсан...

 

Д.Дамдинжав

 ЭХ СУРВАЛЖ:   WWW.ZINDAA.MN

 

 

 

 

сэтгэгдэл үлдээх