Партизан маягийн олборлолт

Нүүрсний экспортоос өнгөрсөн жилийнх шиг алдагдал хүлээхгүй гэх баталгаа энэ 2017 онд Засгийн газарт байна уу. Оны сүүлчээр Хятадууд хамгийн хямд нүүрс аль улс нийлүүлнэ, бид түүнийг авна гэж мэдэгдсэн нь ийм эргэлзээг төрүүлэхэд түлхэц үзүүлээд байна. Өнгөрсөн жил манайд нүүрсний зах зээл үнэхээр хүнд байлаа. Орос, Австрали улс Хятадад нүүрс их хэмжээгээр нийлүүлж, манай нүүрсний зах зээлийг хүндхэн байдалд оруулсан. Иймэрхүү ширүүн өрсөлдөөн Монголын экспортын зах зээл тун ядмаг, эмзэг, хүчгүй гэдгийг бэлхнээ нотлоод өгсөн. Гэтэл бид экспортоор тэр дундаа зэс, нүүрсний борлуулалтаасаа улсын төсвөө дэндүү хамааруулж төлөвлөөд байдаг. Ноднин л гэхэд зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 7300-7500 ам.доллар байхад манай дээдчүүл 8150 ам.доллароор тооцоолоод төсвөө төлөвлөчихсөн. Тэр хэрээр төсвийн орлого их хэмжээгээр тасалдсан. Олон улсын шинжээчид та нар үндэслэлгүй үнэ тогтоогоод байна шүү гэж сануулаад байхад юман чинээ тоогоогүйн харгай эдийн засаг хар аяндаа сулрах таатай боломжийг бий болгосон хэрэг шүү дээ. Сулрал өнөө хэр үргэлжилж байгаа нь бодит үнийн прогнозоор дүгнэлт гаргаж байхыг сануулж буй хэрэг юм.

Оюутолгой Эрдэнэтээс гурав дахин их зэсийн баяжмал гаргах хүчин чадалтай байсан ч өнгөрсөн жил 70 мянган тонныг л гаргажээ. Нөөц шавхарч байгаа гэгддэг Эрдэнэт 362 тэрбум төгрөгийн татвар төлж, Оюутолгойн 87 тэрбум төгрөгийн төлсөн татвараас хэд дахин илүүг оруулсан нь энэ гажуудлын шууд нөлөөг харуулж байна. Учир нь өндөр үнээр тооцсон ханштай уялдуулан татвар ногдуулахад өндөр л гарна шүү дээ. Тиймээс ч 260 мянган тонн зэсийн баяжмал олборлосон хэрнээ дөнгөж 70-хан мянгыг Оюутолгой гаргаж байгаа юм. Үнэндээ дэлхийн зах зээл дээр зэсийн илүүдэл сүүлийн гурван жилийн туршид анзаарагдах болжээ. Одоогоор энэ илүүдэл 400 мянган тонн-д хүрээд байна. Зэсийн үнэ тогтвортой байж аз гийдэггүй юм бол тогтмол уналттай байхыг эдийн засагчид сануулж байна. Олон улсын биржүүд ч энэ металлыг нэг их сонирхохгүй шинж байдал ажиглагдаж байгааг сануулах нь зүйтэй болов уу. Харин бид зэсийн экспортондоо найдлага тавьсаар сууна. Эдийн засаг энэ хэрээр хэврэгших аюултай.

Нүүрсний экспорт энэ жилд харьцангуй найдвар төрүүлж байна. Хятадад нүүрс гол нийлүүлэгч Австрали саяхан нүүрс олборлолтоо багасгах бодлого баримталж эхэллээ. АНУ өртөг өндөртэй уурхайнуудаа хаах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл, далайн тээврээр орж ирэх Хятадын импорт эрс багасна гэсэн үг. Энэ бүх нөхцөл байдалтай уялдаад Хятадын Шиньхуа компани Монголын нүүрс экспортлогчтой 20 жилийн хугацаатай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан нь тэд хэтийн ирээдүйгээ маш сайн тооцдогийн тод жишээ. Нөхцөл байдал тэр дорхноо өөрчлөгдөж Тавантолгойн хувьцааны ханш 90 хувиар өслөө. Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 50-аас доошгүй хувийг бүрдүүлдэг энэ том компанийн амжилт нийт ард түмний хувьцааны ханшийн өсөлт болон ногдол ашиг түгээлтээрээ халаасыг нь зузаатгах болно. Энэ компанийн хувьцааг монголын бүх ард иргэд хүртдэг шүү дээ.

.Бидэнд асуудал зөндөө байна. Нүүрсний нийлүүлт тогтворжих хандлагатай байгаа өнөөгийн хурамхан чөлөөнд бид нүүрсний боловсруулалтаа сайжруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингээх бүхий л арга замыг эрэлхийлэх хэрэгтэй байгаа юм. Ажлын байр бий болохын сацуу нийлүүлэгдэх үнэ ханш өндөрсөнө. Нөгөө талаар тээвэрлэлтийн асуудлаа нэг тийш шийдэхгүй бол нүүрсээ үнэгүй шахам нийлүүлсээр байх болно. Өнөөдөр хятадууд уурхайн аман дээрээс л нүсэр том машинуудаар өдөр шөнөгүй зөөж байгаа. Мэдээж уурхайн аман дээрээс авч байгаа нүүрс маш хямд, манайхны зарим компанийн хилийн дээсэн дээрээс өгч авалцаж байгаа үнэ ханш өндөр байгаа шүү дээ. Нүүрс нийлүүлэлтийн нэгдсэн бодлого байхгүйгээс нийлүүлэгч компаниудын нэг нь бага үнэ тогтоовол Хятадууд бусдаас нь тийм л үнэ ханштай байхыг шаардана. Нүүрсний бирж байгуулья гэж саяхнаас дуугарах болсон. Үнэхээр цаг үеэ олсон чухал асуудал шүү дээ. Нэгдсэн зохицуулалтай худалдаагаар нэг үнэ ханштайгаар урагш нь гаргах бололцоог бий болгоно. Нүүрсний экспорт улсын эдийн засгийн гол цохилох хүч гэж ярьдаг ч төрөөс баримтлаж байгаа дорвитой бодлого алга. Ухаад л гаргаад л нэг нинжа маягийн баахан олборлогч баялгаа түүхийгээр нь урсгаад л сууж байна. Хилийн томоохон боомтууд дээр нүүрсний биржийг байгуулж зохих журмын дагуу борлуулаад эхэлбэл баргийн шуурганд өвдөг сөгдчихөөд байхгүй л болно доо.

Ойрын ирээдүйн хөгжлийн түлхүүр ашигт малтмал мөн л юм бол ийм партизан маягийн олборлолтоосоо татгалзаж, зах зээлийн бодит үнэлгээ дүгнэлтийг засаг төр нь хийдэг баймаар юм.

сэтгэгдэл үлдээх