20 жил гацсан өр 19 жилийн хүлээлт хоёр яг тэнцэв

Саалийн үнээ хэмээн нэрлэгдсэн “Эрдэнэт” үйлдвэр 20 гаруй жилийн өмнө алдсан бүтээгдэхүүнийхээ үнийг энэ сараас авч эхлээд байгаа. Баримт сөхвөл Казахстаны төрийн өмчит “Балхашмыс” компани “Эрдэнэт” үйлдвэрийн зэс молибденийн баяжмалаар цэвэр зэс үйлдвэрлэж өгдөг байж.  

Гэтэл тус компани 1994-1996 онд хайлуулсан зэсээ өгөөгүй аж. Ингээд тус компани 1998 онд хувьчлагдаад дампуурчээ. Тус компанийн суурин дээр үүссэн хувийн компани нь уг мөнгийг төлөхөөс татгалзсан байдаг. Үүнээс хойш Монгол Улс мөнгөө авах гэж хоёр улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд ярилцаж ирсэн ч амжилт олсонгүй. 

Тухайн үед манай улс 11 сая ам.доллар авах байв. Гэвч үүн дээр хүү нь нэмэгдэж олон жилийн маргаан үүсгэжээ. Ингээд 2008 онд Сангийн сайд Ч.Улаан Казахстаны Сангийн сайдтай санамж бичиг байгуулж уг өрийг 20 сая ам.доллараар тохирсон. Гэвч  Казахстаны тал уг өрийг төлөх гэсэн ч хуулиар нь хувийн компанийн өмнөөс төсвийн мөнгөөр төлбөр хийдэггүй аж. Ийм шалтгаанаар өнөөг хүртэл уг өрийн асуудал хоёр улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд яригдсаар иржээ. 

“Эрдэнэт” үйлдвэр уг мөнгийг Казахстаны талаас мөнгөө гаргуулах гэж Лондонгийн Арбитрын шүүхэд хандсан ч амжилт олсонгүй. Учир нь тус шүүхээс “Эрдэнэт” үйлдвэр   “Балхашмыс” компанийг дампуурлаа зарлаж байхад нь өрөө нэмэхжлээгүй тул энэ төлбөрийг авах эрхээ алджээ гэсэн шийдвэр гаргасан байна. Гэтэл Казахстан улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэхэд Монгол Улсын санал гол үүрэг гүйцэтгэх болов. Иймд тус улс “Эрдэнэт” үйлдвэрийн өрийг төлнө гэдгээ амалж манай улсын саналыг авчээ. 

Ингээд Казахстан улс 2015 оны долдугаар сарын 27-нд Дэлхийн худалдааны байгууллагын хамгийн отгон буюу 162 дахь гишүүнээр элсэв. Ийнхүү тус улсын Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлт 19 жилийн дараа баталгаажсан билээ. Одоо энэ амлалтдаа хүрч дээрх өрийг төлж эхлээд байна. Манай сайт урд нь Казахстаны Засгийн газар “Балхашмыс” компанийн өрийг төлж эхэлсэн. Тэгэхдээ 24 сарын хугацаанд сард 880 мянган ам.долларыг Сангийн яамаар дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд хийх болсон талаар мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: www.assa.mn

сэтгэгдэл үлдээх