Нүүдлийн мал аж ахуйгаа яах вэ

Монголын түүхэнд байгаагүйгээр мал сүрэг өслөө. Нэг хүнд ноогдох мал сүрэг, түүний ашиг шимээр Монгол улс дэлхийд тэргүүлж байна. Уудам газар нутагтай улс орны хувьд энэ их малыг багтааж шингээчих орон зай бишгүй л баймаарсан гэтэл үгүй юм аа. Нүүдлийн мал аж ахуйд бэлчээрийн даац хамгаас чухал. Манайд бэлчээрийн зохист тэнцвэр хэдийн алдагдчихаад 1940-өөд онтой харьцуулахад 10 сая гаруй га талбайгаар хорогдож 128 сая га талбай болон хумигдаж түүний 78 хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтож, 30 орчим хувь нь нөхөн сэргээгдэх боломжгүй хамар хатгах өвсгүй болтлоо сүйтгэгдээд байна гэсэн статистик тоо баримт түгшүүрийн харанга дэлдэж байна.

Дараагийн баримт бүр сэтгэл эмзэглүүлнэ. Бэлчээрийн даац Орхон аймагт 10.7, Дархан уул аймагт 4, Төв аймагт 3, Сэлэнгэ аймагт 3-4, Улаанбаатарт 5.9 дахин хэтэрсэн нь байдал маш эмзэг болсныг харуулж байгаа юм. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн цаашдын ирээдүй нэг л бүрхэг байна. Уул уурхай, газар тариалангийнханд бэлчээрээ дээрэмдүүлсэн малчид жил тутам хэдэн саяар өсөөд байгаа мал сүрэгтээ атга өвс олж өгөхийн тулд аймаг, бүс нутаг дамнасан их нүүдэл хийж байна. Нэг газрын  өвс ногоог юу ч үгүй цөлмөчихөөд дараагийнх руу уулгалан дайрна. Яг л царцааны нүүдэл шиг. Бэлчээр хуваарилалт, нөөцлөх, өнжөөж амраана гэсэн ойлголт сүүлийн жилүүдэд байхгүйтэй адилхан боллоо. Бэлчээрт ургах нийт ургамлын 36.1 хувь нь сүүлийн хорьхон жилийн дотор үгүй боллоо. Ирэх 5 жилд энэ хэмжээ 50 хувьд хүрнэ гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байна. Одоо тэгээд яах вэ. Тоо толгой нь өсөөд л байхад болох юм шиг бид баярладаг байлаа. Худлаа юм аа. Хариуд нь нөхөн сэргээгдэшгүй байгалийн асар их баялаг үгүйрэн хоосорч үлдэнэ. Цөлжилт улсын хамгийн хойд хязгаар болох Хөвсгөл далайн орчимд хүртэл бодитой аюул тарихуйц хэмжээнд хүрээд байгааг өнгөрсөн жил албан ажлаар явж байхдаа нүдээрээ харж билээ. Уул ус нь жигдэрсэн Сибирийн их тайгын хамгийн өмнөд үзүүр шүү дээ. Ялангуяа ноолуурт нь шунаад хэт өсгөсөн ямаан сүрэг бэлчээрийг жинхэнэ сүйтгэсэн байх юм. Хонин сүрэгт 20 хувиас илүүгүй байхаар тооцож өсгөдөг байсан ямаан сүрэг өнөөдөр 50 хувьд хүрчихсэн байхад бэлчээр талхлагдахгүй  яах билээ. Өвсийг уг үндсээр нь сугалж иддэгийг өвөг дээдэс маань аль дивангалавын үед ажиж мэдээд хүйтэн хошуутай гэж цээрлэн өсгөж арвижуулахыг нэг их хүсэмжилдэггүй байсан хэрэг. Энэ уламжлал хэдийн алдагдчихаад байна.

Нүүдлийн мал аж ахуйгаа яаж өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх вэ. Фермерийн аж ахуйн тогтолцоонд шилжих цаг хэдийн болчихоод байна. Бэлчээрээр идээшилдэг малын арьс шир, ноос ноолуурын гарц, ашиг шим харилцан адилгүй байдаг. Элдэв хорхой шавьжинд арьс ширээ гэмтээнэ, өвс тэжээлийн тогтсон идэшгүй болохоор сүүний гарц хэлбэлзэлтэй, бэлчээрийн олон эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалан ноос ноолуурын гарц тогтмол бус гээд эрсдэлээр дүүрэн. Харин фермерийн аж ахуйн мал энэ бүр эрсдэлт зүйлсээс хамгаалагдсан байдаг төдийгүй сүүний, махны, ноос ноолуурын гээд төрөлжсөн үүлдэртэй байдаг учраас ямар түүхий эд, ашиг шимээс нь аж ахуйнхаа гол орлогыг бүрдүүлэхээ эзэн өөрөө сайн мэдэж байх жишээтэй. Өөр олон давуу тал бий. Өнөөдрийн ярианы гол сэдэв болоод байгаа бэлчээрийн доройтол, сүйрлийн хэмжээг ч эрс цөөлнө.

Бидэнд тоо толгой нь биш ашиг шим нь хэрэгтэй байна. Өдөртөө 5-6 литр сүү өгөх бэлчээрийн монгол үхрээс өдөртөө 20-30 литрээр нь өгдөг сүүний үүлдрийнх нь эдийн засаг талаасаа ч арчилгаа маллагаа талаасаа ч өртөг хямд тусна. 200-300 грамм ноолуур өгдөг ямаанаас нэг кг хүртэл ноолуур өгдөг нь дээр. Тугал, бяруу, шүдлэн гээд гурван жил болж байж махны хэрэглээнд тэнцэхүйц болох үхрээс ганцхан жилийн дотор махныхаа гарцаар эн зэрэгцэхүйц фермерийн үхэр хавьгүй ашигтай шүү дээ. Өвөрмонгол яг ийм бодлогыг сүүлийн 20 жилийн дотор хэрэгжүүлсний үр дүнд тэрбум гаруй хүнтэй хятадын махны хэрэгцээг хангана гэж бардам хэлж байна. Бодох л туршлага. Эргэн тойрны маань нүүдэлчид бүгд л фермерийн мал аж ахуйн хувилбар луу шилжчихлээ. Манайх бахь байдгаараа. Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн хүнсний хомсдолд орох төлөв ажиглагдаад байгаа. Нүүдэлчид суурин мал аж ахуйд шилжээд байгаагийн гол нууц нь ирээдүйн хоол хүнсний зах зээлд үүцээ бэлдэж байгаа хэрэг. Төр засаг нь ч ийм бодлого хэрэгжүүлж байгаагаа ил тод зарлах болсон. Бидэнд асар их нөөц бий. Үүнийгээ ухаантайхан шиг бодлогоор зохицуулмаар байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй хэрэггүй гэж хэлэх гээгүй юм шүү. Гагцхүү бэлчээр нутгаа сүйрүүлчихгүй, эдийн засгийн хувьд өндөр ашигтайг нь сонгох хэрэгтэй байна. Нүүдлийн мал аж ахуй алтан дунджийн хэмжээнд л байхад болохгүй зүйл алга л баймаар юм даа.

Н.Бадамжав

 

сэтгэгдэл үлдээх