Ц.Нямдорж: “ Ц.Элбэгдорж гэдэг хүний үед Монголын улс төрийн хоёр гол нам голомтод орсон.”

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн тайлангийн талаар гишүүд санал солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ Ц.Элбэгдорж гэдэг хүний хувьд Монголын улс төрийн хоёр намын голомтод орсон” гэх хатуухан шүүмжлэлийг хэлэв. Тэрбээр энэ талаар, “Ер нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийх хэрэгтэй. Том өнцгөөр нь харвал ажлаа хийж байсан учраас хийсэн ажил нь харагдана. Ардын үг гээд “онцсайн” гэсэн дүн тавиулаад яваад байгаа. Ц.Элбэгдорж гэдэг хүний үед Монголын улс төрийн хоёр гол нам голомтод орсон. Ардчилсан намынхан өнөөдөр энд гаслаад сууж байгаа. Хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг нь ахалж, Ерөнхийлөгч болгосон хүнийг унагаад АН-ыг “ком”-д оруулсан, одоо бүүр хэвтэрт оруулчихсан. Ардын намын нэрийг Н.Энхбаярт өгөх ажлыг Элбэгдоржийн томилсон шүүгч нар хийсэн. Үүнийхээ хүчээр 2013 оны сонгуульд сонгогдсон. Энэ сонгуульд дахиад хаялга нь гарна. Цаашдаа ч Монголын улс төрд үүний улбаа гарахгүй. Би Ц.Элбэгдоржид “Чи энэ будлианыхаа учрыг хэзээ олох вэ, чиний энэ үйлдэл хүүхдэд чинь бууна шүү” гэсэн. Ингээд Монголын хоёр том намыг самарчихсан. Ашигт малтмалтын хуулийг самарч, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Энэ завсар АН яаж хууль бус зүйл хийхгүй байх вэ. Ингээд эдийн засгийг тэглэсэн. Одоо энэ бүхнээс чинь гарах гэж тамаа эдэлж байна. Та нар ангал руу нисэх зүйл дээр аваад тавьчихсан шүү, АН-ынхан.Шүүх засаглалыг жинхэнэ захиалгат, улс төрийн, дампуурал болгосон. Энэ хүний томилсон шүүгч, прокурор юу хийж байна. Хүнийг улайм цайм хэлмэгдүүлдэг” гэлээ.

           

сэтгэгдэл үлдээх